А.ХҮРЭЛМАА: НӨАТ-ын сугалааны азтан болсноор ажлын 20 хоногт багтаж, хонжворын мөнгө дансанд ордог

2018-10-29 Нийгэм

Нийслэлийн татварын газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын байцаагч А.Хүрэлмаатай ярилцлаа.

НӨАТ-ын хууль хэрэгжээд гурав дахь жилдээ болж байна. Далд эдийн засгийг ил болгож, улсын төсөвт бодит үр өгөөжөө өгсөн хууль гэж үзэж байгаа. Энэ хугацаанд татварын орлого хэр хэмжээгээр нэмэгдсэн бэ?

НӨАТ-ын тухай хууль хэрэгжээд 3 дахь жилдээ явж байна. Энэ хуулийн хэрэгжилтийн үр дүнд татварын орлогын бааз суурь нэмэгдэж, бүртгэлийн систем сайжирсан. Татвар төлөгч аж ахуйн нэгж, иргэнд тэгш бололцоог бий болгож, нээлттэй ил тод байдлыг бий болгосон. Гэхдээ УИХ-д өргөн барьсан татварын шинэчлэлийн хуулийн төсөл батлагдчихвал шударга, ил тод тал дээр улам илүү боловсронгуй болж, сайжрах чиглэлтэй байгаа. Нэг том давуу тал нь худалдан авагч, иргэн та Монгол улсынхаа эдийн засагт бодит хувь нэмрээ оруулах боломж бий болсон явдал юм. Учир нь иргэн худалдан авалтынхаа и-баримтаа авдаг болсноор өөрийн болоод өрхийн хэрэгцээгээ хангахын зэрэгцээ улс орныхоо эдийн засагт бодит хувь нэмрээ оруулж байгаа гэдгийг онцолж хэлмээр байна. Нийслэлийн татварын газрын хувьд татварын орлого 94.6 хувийн биелэлттэй байна. Мөн бид дүүргийн татварын хэлтэсүүдтэй хамтран хууль хэрэгжилтийн тал дээр эрчимжүүлсэн арга хэмжээг явуулж, иргэн, аж ахуйн нэгжээ тоолох тооллогыг хийж, цахим төлбөрийн системд холбуулах, төлбөрийн баримт олгуулах акцуудыг хийж байна.

Нийслэлийн хэмжээнд нийт хэдэн татвар төлөгч байгууллага, иргэн байдаг вэ. Бүгд татвараа төлдөг үү?

Өнөөдрийн байдлаар манай мэдээллийн баазад 138 мянга орчим ААН, байгууллага, 1 сая иргэн бүртгэлтэй байна. Үйлчилгээ үзүүлсэн, бараа борлуулсан бүх татвар төлөгч үйлчлүүлэгчдээ төлбөрийн баримтаа өгдөг байх, татвараа төлдөг байх зарчмыг Нийслэлийн татварын газраас барьж ажилладаг. НӨАТ-ын хууль хэрэгжснээр татвар төлөлтийн хэмжээ харьцангуй өссөн гэж хэлж болно.

НӨАТ-ын урамшууллын систем хэрэгжиж эхэлснээс хойш иргэд их идэвхтэй и-баримтаа бүртгүүлдэг болсон. Тухай бүрт гарч буй иргэдийн гомдлыг ямар хугацаанд шийдвэрлэж өгдөг вэ?

НӨАТ-тай холбоотой санал, гомдлыг татварын албаны 1800-1288 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, харьяа татварын алба руу шилжүүлж, 30 хоногийн дотор шийдвэрлэдэг. Гомдол гаргасан иргэнд хариу арга хэмжээ авсан талаар утсаар хариу мэдээлэл өгч ажилладаг. Иргэдээс ихэвчлэн хямдарсан бараанд и-баримт олгохгүй байна, зарим үйлчилгээний байгууллагууд баримт өгөхгүй байна гэсэн санал, гомдлууд ихээр ирдэг. Хямдарсан ч бай хямдраагүй ч бай НӨАТ-ын баримт заавал өгөх ёстой. Энэ тал дээр иргэд, худалдан авагч нар шаардлагаа тавиад хуулиараа баримтаа авах эрхтэй. НӨАТ суутган төлөгч биш байсан ч ажил үйлчилгээ эрхэлж, орлого олж байгаа л бол аж ахуй нэгжүүд төлбөрийн баримт олгох ёстой. Цахим төлбөрийн баримтын системд холбогдсон мөртлөө төлбөрийн баримт олгохгүй байгаа аж ахуйн нэгж, иргэнийг татварын албаны 1800-1288 дугаарын утсанд хандаж, шийдвэрлүүлэх боломжтой. Бид санал, гомдлын дагуу тухайн аж ахуйн нэгж дээр очиж асуудлыг шийдвэрлэдэг.

НӨАТ-ын сугалааны азтан болоход хожсон мөнгөнөөс татвар төлөх ёстой юу?

Энэ талаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16-р зүйл албан татвараас чөлөөлөгдөх орлогод ‘’Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллаас орсон орлого” гэж заасан байдаг тул татвар суутгаж авахгүй .

Өндөр үнэтэй бараа, бүтээгдэхүүн худалдан авсан и-баримт нь сугалаанд хожих магадлалыг өсгөдөг гэж иргэд ихээр ярьдаг. Энэ талаар?

Энэ бол өрөөсгөл ойлголт. Өнгөрсөн хугацаанд нийт азтан болсон иргэдийн худалдан авалтын дүнг харахад харилцан адилгүй байсан. Супер хонжворуудаас харахад л хөдөө орон нутагт энгийн худалдан авалт хийсэн хүмүүс олон байсан, өндөр настан, залуучууд хүртэл хэрэгцээнийхээ бараа, үйлчилгээг худалдан аваад азтан болсон тохиолдол нэлээдгүй байгаа. Тиймээс аливаа ямар ч бараа, үйлчилгээ авсан и-баримтаа бүртгүүлсэн тохиолдолд та азтан болох боломж нээлттэй болж байгаа юм.

И-баримтаа хэд хоногийн дотор шивж, баталгаажуулах ёстой вэ?

Тухайн сарын баримтыг дараа сарын сугалааны тохирлоос 24 цагийн өмнөх хүртэл хугацаанд шивэх боломжтой. Иргэд, олон нийтэд анхааруулахад тухайн худалдан авалт хийсэн и-баримтаа зарим тохиолдолд аппликейшн ашиглан бар кодоор уншуулахад принтерын хор бүдэг, баримт нугалж үрчийсэн тохиолдолд бар кодыг уншдаггүй. Иймд сугалааны дугаар, ДДТД болон үнийн дүнг шивж оруулах шаардлагатай. Таны шивсэн баримт баталгааажсан тохиолдолд сугалаанд оролцох болон 2 хувийн буцаан олголтоо авах боломжтой.

И-баримт бүртгэгдээгүй, батлагаажихгүй, хүлээгдэж байна гэсэн гомдол тасралтгүй ирсээр байна. Энэ тохиолдолд ямар зөвлөгөө өгөх вэ?

ААН илгээгээгүй баримтыг устгаад сугалааны дугаар, үнийн дүн, эсвэл ДДТД, үнийн дүнгээр бүртгэхэд засагдаж, ААН илгээсэн бол идэвхжээд баталгааждаг. Хэд хэдэн удаа устгаад, дахин шивж оруулсан ч ААН илгээгээгүй гэсэн төлөв үүсээд байгаа бол 1800-1288 утсаар санал гомдлоо гаргах боломжтой. Бид тухайн байгууллагатай холбогдон шаардлага тавих, зөрчлийн хуулийн дагуу процесс ажиллагаа хийдэг. ААН илгээгээгүй төлөв нь ихэвчлэн иргэний зүгээс сугалааны дугаараа буруу оруулснаас ийм төлөв гарч байна.

НӨАТ-ын сугалаанд хожсноор хэд хоногийн дараа хонжвор нь ордог вэ?

Сугалаанд хожсон иргэн www.ebarimt.mn сайт руу ороод хүсэлтээ баталгаажуулна.Тухайн иргэний дансны дугаар зөв байх шаардлагатай бөгөөд хүсэлтээ баталгаажуулсан тохиолдолд ажлын 20 хоногт хонжворын мөнгө дансанд орно. Өнгөрсөн 9-р сарын байдлаар 21,368 азтан тодорсон. 500 мянган төгрөгнөөс дээш төгрөгийн хонжвор хожсон иргэн харьяа татварын албандаа холбогдох материалаа бүрдүүлээд авах боломжтой.

И-баримтаа бүртгүүлэн сугалаанд оролцохоос гадна ямар давуу талууд үүсдэг вэ?

НӨАТ-ын систем бий болсноор иргэд өөрсдийн хувийн хэрэглэгээ хянах боломж бүрдсэн. Энэ нь хувь хүний болоод өрхийн хэмжээнд чухал ач холбогдолтой юм. Жилд нэг удаа нийт худалдан авалтынхаа 2 хувийг буцаан авахаас гадна сугалаанд оролцох боломжтой болсон. Гэхдээ хамгийн чухал зүйл бол иргэн та улс орныхоо эдийн засагт бодит хувь нэмрээ оруулж, түүний үр дүнд сургууль цэцэрлэг шинээр баригдах зэрэг нийгэм, эдийн засагт бодит хувь нэмрээ оруулж байгаа гэдгийг ямагт санах хэрэгтэй. Хувийн, өрхийн хэрэгцээгээ хангахын зэрэгцээ улс орныхоо эдийн засагт бодит хувь нэмрээ оруулаад явж байна гэдэг бол чухал юм.

Нийслэлийн хэмжээнд цахим төлбөрийн системд холболт хэдэн хувьтай явж байна?

Нийслэлийн хэмжээнд цахим төлбөрийн системд холбох ажил 65 хувьтай байна. Худалдааны төвүүдэд бизнес эрхлэгчид системд холбогдсон. Хамгийн гол нь тэд маань төлбөрийн баримтаа жигд олголт хангалтгүй байгаа бөгөөд энэ тал дээр ажиллагаа явагдаж байна. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд том, жижиг 202 зах худалдааны төвүүд бүртгэлтэй байна.

Агаар цэвэршүлэгч худалдан борлуулдаг бол НӨАТ-с чөлөөлөгдөх үү?

УИХ-аас 2018.01.12-ны өдөр баталсан НӨАТ-аас чөлөөлөх тухай хуульд ”Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, агаарын чанарыг сайжруулах зорилгоор импортоор оруулж байгаа агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлөх ” -өөр заасан. Мөн хуулийн 2-р зүйлд заасны дагуу Засгийн газрын 2018.05.30-ий 157-р тогтоолын хавсралтаар “Гаалийн албан татвар ,НӨАТ-аас чөлөөлөх агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөрөмжийн жагсаалт”-ыг баталсан. Дээрхи хууль тогтоомж нь зөвхөн импортоор оруулж байгаа бараанд хамаарч байгаа тул дотоодын борлуулалт НӨАТ-аас чөлөөлөгдөхгүй болно.

Эх сурвалж: 3ууны мэдээ сонин

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.