Дугаарын хязгаарлалтыг зуны хуваарьт шилжүүллээ

2017-04-10 Нийслэл
 Нийслэл хотод үйлчилж буй дугаарын хязгаарлалтыг зуны цагийн хуваарьт шилжүүлэх шийдвэрийг энэ сарын 15-наас эхлэн дагаж мөрдөхөөр боллоо. Энэхүү өөрчлөлт аравдугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Зуны цагийн хуваарь гэдэг нь цагтай огт хамааралгүй, хязгаарлалтад хамрагдах бүсчилэл нь тэлнэ гэдгийг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.

Нийслэлийн ИТХ-ын 2012 оны наймдугаар сарын 22-ны өдрийн №2/08 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчилэл тогтоож, автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийж эхэлсэн байдаг.

Мөн нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнгөрөгч арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан юм. Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилж, замын бүсчилэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр зохицуулалт хийсэн. Үүний дагуу ирэх долоо хоногоос бүсчилэлийг тэлэхээр болсон гэдгийг холбогдох албанаас анхааруулав.

Өнөөдрийн онч үг

26 минутын өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.