Н.Сарангуа: Органик, эко бүтээгдэхүүний гол хэрэглэгч нь байгаль эх өөрөө юм

2019-07-25 Made in Mongolia

Үндэсний эко брэнд “Инару биомедикал” компанийн гүйцэтгэх захирал Н.Сарангуатай ярилцлаа.

“Инару” брэндийн бүтээгдэхүүн хийх санаа хэрхэн төрсөн бэ?

– Гадаадын орнуудаар аялж явахдаа өөрийн гэсэн монгол брэндтэй болохсон гэж битүүхэн мөрөөдөж, энэ чиглэлд үйл ажиллагаа явуулах хүсэл төрдөг байсан. Харин ээж болсныхоо дараагаар химийн хортой бодисууд хүний биед хэрхэн нөлөөлдөг талаар илүү судалсан. Хүн чинь ээж болохоороо аливаа юманд их эмзэг ханддаг болчихдог юм билээ. Олон ч юм уншиж, судлаад органик, эрүүл бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэх ёстойг ойлгосон юм. Улмаар өнөө мөрөөдөлтэйгөө холбож, монгол түүхий эдээр монголдоо ийм бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжтой гээд судалгаа хийсэн. Ингээд 2016 онд компаниа байгуулж байлаа. Мэдээж шууд байгуулагдаад л нээлтээ хийгээгүй. Эцсийн бүтээгдэхүүн гаргах хүртэл бүтэлтэй, бүтэлгүй олон туршилтын ард гарсан. Тэгээд 2017 оны 11 дүгээр сард нээлтээ хийсэн юм.

-Анх ямар бүтээгдэхүүн хийж байв?

– Анх саван туршиж үзсэн. Тухайн үед монгол брэндүүд гараад ирчихсэн байсан болохоор “гарын авлагатай” болчихсон байлаа. Өөрөөр хэлбэл, анхны хүмүүс салхийг нь амжилттай хагалсан учраас араас нь олон хүн хүч түрэн гарч ирсэн. Гэхдээ зөвхөн “Инару”-гийн нэрийн саванг гаргахын тулд хэдэн арван удаа туршиж хийж байгаа юм. Үүний тулд монгол өөх, эсвэл хонины сүүл найрлагад нь оруулахад өөр өөрийн онцлогтой болох жишээний.

-“Инару” гэж ямар утгатай нэр юм бэ?

-Энэ бол гэр бүлийн эхлүүлсэн бизнес учраас ээж маань үүсгэн байгуулагчийн хувьд алсын харааг нь атгаж явдаг. Харин би гол ажлаа нугалах жишээний. Мэдээж үүнийг ганцаараа хийхгүй шүү дээ. Олон чадварлаг бүсгүйчүүд биднийг хүрээлж байдаг юм. Ээж маань олон жил бизнесийн салбарт ажиллаж байгаа хүн. Үндэсний үйлдвэрлэлээ их дэмжинэ л дээ. Тэр утгаараа бид заавал үндэсний үйлдвэрлэлийг эрхлэх ёстой. Бараа бүтээгдэхүүндээ заавал монгол түүхий эдээ оруулах ёстой. Энэ нь хамгийн багадаа 60 хувиас доошгүй байна гэхчлэн хатуу шаардлага тавьдаг. Энэ нь компанийн төлөвшил, соёлыг бий болгодог юм. Бараа бүтээгдэхүүний шошго, өнгө дизайн дээр ч их удаан бодсон. Мөн л туршина, буцаагаад задална. Өнгийг нь сольж үзнэ гээд л. Ингээд олон туршилтын дараа бор, нил ягаан өнгийг сонгосон юм. Захирал өлзий хээ, инару нэрийг өөрөө сонгосон. “Алтан дээд гэрээ” буюу Сорхагтун хатны бичсэн судраас өлзий хээ болоод инару нэрийн тухай уншиж, санаа авсан юм. Энэ бол хэдэн зуун жилийн өмнөх монгол хатдын бичиж үлдээсэн том өв соёл. Энэ мэт нэг зүгт харж хамтран ажиллаж байгаа хүн болгоны гоё санаа нэг цогц болдог.

-Аливаа бизнес эхлэхэд хөрөнгө мөнгөний асуудал толгойн өвчин болдог. Үүнийг хэрхэн зохицуулсан вэ?

-Манай үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний тухайд судалгаа, хүний нөөцөө бэлтгэх, түүхий эдээ татахад өндөр зардал гардаг. Тэрнээс тоног төхөөрөмжид өндөр үнэ төлөхгүй. Учир нь гар аргаар хийдэг учраас гал тогоондоо ч хийж болно. Тэгэхээр энэ төрлийн бизнесийг эхлүүлэхэд өндөр хөрөнгө гарахгүй. Энэ бол органик үйлдвэрлэл учраас маш энгийн. Харин “бэлтгэл ажил”-д их хугацаа, мөнгө ордог.

Тухайлбал, түүхий эд гэхэд усан үзмийн болон эфирийн тос гэхчлэн монголд байхгүй бүтээгдэхүүнийг хэрэглэнэ. Олон кг навч, цэцгээс жишээ нь ердөө 10-хан мл эфирийн тосыг гарган авах учраас их хэмжээгээр авах жишээний. Мэдээж дуслаар хэмжиж хэрэглэнэ л дээ. Дараагийн зардал бол тосны боловсруулалт байна. Тосоо тусгай төхөөрөмжөөр боловсруулна, тэгээд цэвэршүүлнэ. Мэдээж нээлтээ хийсний дараа бас урсгал зардал нэмэгдэнэ. Гэхдээ энэ төрлийн бизнес нь ашгийн төлөө бус байдгаараа бусад бизнесээс ялгаатай. Хүн мөнгөтэй болъё гэвэл хэзээ ч энэ төрлийн бизнесийг сонгохгүй. Би энэ чиглэлээр ажиллаж байгаа хүмүүсийг маш их хайрладаг. Яагаад гэвэл тэд энэ байгаль эхийн төлөө, хүний эрүүл мэндийн төлөө гэсэн чин сэтгэлээр ажиллаж байгаа юм.

Өнөөдөр Европт гар аргаар хийсэн бүтээгдэхүүнийг маш их үнэлдэг. Бидний хувьд бүтээгдэхүүн болгоныг гараар хийдэг. Тэр утгаараа сэтгэл шингэдэг учраас хийж байгаа бүтээгдэхүүн бүртээ хайртай. Үйлдвэрээсээ хүнд өгөөд явуулахдаа “Сайн хүний гар дээр очоорой” гэж хүртэл залбирна гээч. Шошго наалт бүрийг нь гараараа хийдэг болохоор бараг хүүхдээ хувцаслаж байгаа юм шиг нандигнадаг. Яах вэ техник хөгжөөд юм болгоныг их амархнаар шийддэг больчихож л дээ. Манай саван гэхэд ахин давтагдашгүй. Үүнийг хийж байгаа орчинд амьд харилцаа өрнөж байдаг. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүн бүрийн цаана хайр дүүрэн гэр бүлүүд байдаг юм.

-Эко бүтээгдэхүүн ямар онцлогтой байдаг вэ?

-Энд маш чухал тайлбар хийх хэрэгтэй. Химийн бодис гэж яривал өрөөсгөл болно. Жишээлбэл, арьс ч химийн элементүүдээс бүрдэж байгаа шүү дээ. Тэгэхээр синтетик химийн бодисыг хортойд тооцно. Тодруулбал, байгалийн бус аргаар гаргаж авсан химийн нэгдлүүд гэсэн үг юм. Тэр нь хүний биед шингэхгүй. Амьсгалын замаар орлоо гэхэд хортойгоор нөлөөлдөг. Харин органик бүтээгдэхүүнд зөвхөн зөвшөөрөгдсөн химийн бодисыг хэрэглэдэг. Тэр нь олон улсад зөвшөөрөгдсөн натурал аргаар гаргаж авсан байх жишээний. Манай бүтээгдэхүүнд зөвхөн калийн гидроксид буюу саванжих урвал явуулдаг шүлт л орж байна. Цаашдаа зөвшөөрсөн химийн бодисыг ашиглаад эмульсэн болон кремэн бүтээгдэхүүнийг гаргаж болох юм. Тэгэхээр хэрэглэгч энэ талын мэдлэгтэй байхыг амьдрал харуулж байгаа. Манай гангатай органик цэвэрлэгч, саван, тос сайн үр дүнтэй. Жишээлбэл, манай гарын давирхайтай тосыг псириазтай хүмүүс байнга хэрэглэдэг болсон. Гангатай органик цэвэрлэгчийг гэхэд шингэлээд олон төрлийн цэвэрлэгээ хийж болно. Бас шингэлж найруулдаг учраас эдийн засагт хэмнэлттэй. Монголдоо үйлдвэрлэж байгаа учраас хямд үнэтэй гээд олон давуу талтай. Ер нь байгалийн түүхий эд болгон өөрөө аминдэмтэй. Бас өөр өөрийн онцлогтой. Синтетик, органик бүтээгдэхүүний гол ялгаа нь найрлагатай холбоотой. Манайхан органик саванг авчхаад хөөсрөхгүй байна гэдэг. Үнэндээ химийн бодис орсон бүтээгдэхүүнтэй харьцуулах ямар ч аргагүй л дээ. Бид сүүг хурдан гашлахаар жинхэнэ сүү байна гэж ярьдаг шиг байгалийн юм байгалиараа л байна. Жишээ нь сүүл орсон л бол үнэртэхгүй байхаас өөр аргагүй.

Манай 60-80 хувь нь монгол түүхий эд, үлдсэн 20-30 хувийг нь гаднаас Герман, Франц, Энэтхэг, Тайландаас авдаг.

-Хэрэглэгчид шууд органик бүтээгдэхүүнийг хараад таних боломжгүй байх. Монголд органик бүтээгдэхүүнд гэрчилгээ олгодог уу?

-Монголд 2017 оноос органик бүтээгдэхүүний сертификатыг өгдөг болсон. Тэгэхээр хэрэглэгч уг гэрчилгээг хараад бүтээгдэхүүнийг сонгож авах боломжтой. Бид бол орц болгоноо хэрэглэгчдэдээ тайлбарлаж хэлдэг. Бүүр үйлдвэрээр маань зочилж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцыг газар дээрээс нь харж болно гэж урьдаг.

-Органик бүтээгдэхүүнийг удаан хадгалах боломж бий юу?

-Тийм ээ, органик бүтээгдэхүүнийг удаан хадгалах боломжгүй. Манай бүтээгдэхүүн тосон учраас бактери үржих нөхцөл байдаггүй. Яваандаа эмульсэн бүтээгдэхүүн хийгээд эхэлбэл тодорхой хэмжээний хадгалах бодис хийж эхэлнэ. Гэхдээ органикт бүтээгдэхүүнд зөвшөөрөгдсөн бодис байна.

-Органик, эко бүтээгдэхүүний гол онцлогыг та юу гэж хэлэх вэ?

-Хүн энэ хорвоо дээр ирээд дунджаар хоёр га газар экологийн ул мөрөө үлдээгээд буцдаг. Өөрөөр хэлбэл, хоёр га газар нөхөн сэргээгдэх боломжгүйгээр гэмтээд үлддэг байх нь. Бидний хэрэглэж байгаа бензин, ус, цахилгаан, усны сав, бүүр кофе шоп ороод уусан аяга гээд маш их хог хаягдлыг байгальдаа үлдээдэг.

Америкт бол хоёр га ч биш тав, есөн га байна. Гэтэл нүүдэлчин түмэн байгальдаа, хөрсөндөө хоргүйгээр амьдардаг байжээ. Харин өнөөдөр дэлхийн нөөц дуусаж, 2035 он гэхэд ахиад нэг дэлхий бүтээхгүй л бол ямар хэцүү байдалд орох тухай эрдэмтэд ярьж байна. Энэ их хогийг, энэ их хоолыг гаргаж чадахгүй, боловсруулж чадахгүй дэлхий өөрөө үхэж байна. Энэ бол факт. Ямар нэгэн таавар биш.

Мэдээж 2035 он гэхэд гал асаад, кинонд гардагчлан дэлхий сөнөхгүй. Жишээ нь генетикийн өөрчлөлттэй маш олон бүтээгдэхүүн гарч байна. Алим байлаа гэхэд дотор тал нь гаднахаасаа өөр байгаа юм. Ургах эрүүл хөрс, цэнгэг ус дутаад тэр. Хүн бүр л гэрээ цэмцгэр байлгахыг хүсдэг. Үүн шиг дэлхийгээ аврах, байгаль эхээ хамгаалах зайлшгүй цаг ирсэн байна.

Энэ тухай уншаад миний өр өвдөж, нулимс урсдаг. Үнэхээр энэ байгаль дэлхийдээ хүн төрөлхтөн хайр гамгүй ханддаг. Өөр нэг жишээ татъя. Би химийн өндөр орц найрлага бүхий аяга угаагчийг хэрэглэлээ. Угаасан ус хоолойгоор дамжаад усанд орж, хөрсөндөө бохирдол болж, улмаар мод ургамал, амьтад ч нөлөөлдөг. Мэдээж бид үүнийг санаатай хийдэггүй ч цаана ийм сөрөг нөлөөтэй. Манай бүтээгдэхүүн гэхэд синтетик химийн бодис ороогүй учраас цэцгээ усалж, уруулын бальзамыг идэж болно. Бид яагаад гангатай цэвэрлэгчээ шингэлж хэрэглэхийг зөвлөөд байна вэ.

Бид ашгаа бодвол шингэлээд зарж болно. Гэхдээ хүсээгүй. Пластик савны хэрэглээг багасгаж, эх дэлхийгээ аврахад хувь нэмрээ оруулахыг хүссэн.

Нөгөө талаас хэрэглэгч савыг хаяж байхаар нэг аваад байнгын найруулаад хэрэглээд байвал эдийн засгийн хувьд хэмнэлттэй. Ер нь органик, эко бүтээгдэхүүний гол хэрэглэгч нь бол байгаль эх өөрөө юм.

– Та “Инару”-гийн бүтээгдэхүүнээ хэрэглэдэг үү?

-Тэгэлгүй яах вэ. Савангаа, ванны бөмбөлгөө хэрэглэнэ. Ванн цэвэрлэгч нунтгаараа ариун цэврийн өрөөгөө цэвэрлэнэ. Гангатай органик цэвэрлэгчээ шингэлээд аягаа угаана. Бас паркетан шалаа угааж, тавилгын тоосоо арчина. Хивсээ ч гангатай органик цэвэрлэгчээрээ угаадаг. Паркетийг ямар гоё өнгө оруулдаг гээч. Тэгээд хөлийн мөрийг багасгадаг. Байгалийн сайхан үнэр үнэртээд цаанаа л таатай байдаг. Өвлийн цагт хүүхдүүдээ адууныхаа тосоор иллэг хийчихнэ. Гарандаа давирхайтай гарын тосоо түрхээд арьс хуурайших зовлонг амсахгүй гэх мэт. Манай адууны тосыг үе мөчиндөө түрхэхээр настай хүмүүс их авдаг юм.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.