Ч.Эрдэнэчимэг: Хүүхдийн нас насанд тохирсон хөтөлбөртэй болно

2018-08-15 Нийгэм

“Дэлхийн Эмэгтэй Хөтөч, Эмэгтэй Скаутын Холбоо”-ны Ази, Номхон Далайн Андуудын бүлгийн төлөөлөл 09 сарын 08-наас 12-ны өдрүүдэд Улаанбаатар хотод айлчилна. Энэхүү арга хэмжээг зохион байгуулж буй Монголын эмэгтэй скаутын холбооны гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.

– Ирэх сард болох Андуудын айлчлалын талаар тодорхой мэдээлэл өгнө үү? Хэчнээн орны залуус цуглаж ямар асуудлаар хэлэлцэх вэ?

– Монголын Эмэгтэй Скаутын төслийн санал санаачилгыг дэмжиж Дэлхийн Эмэгтэй Гайд, Эмэгтэй Скаутын Холбоо буюу Хөдөлгөөний (ДЭГЭСХ) Ази, Номхон Далайн Андуудын төлөөлөл болох 110 гаруй төлөөлөгч монголын эмэгтэй скаутын холбооны төслийн санал санаачилгыг дэмжихээр Улаанбаатар хотноо зохион байгуулах “Дэмжлэг үзүүлэх” ёслолын үйл ажиллагаанд оролцох юм.

Тухайлбал, Австрали, Япон, Солонгос, Тайвань, Тайланд, Сингапур болон Малайзын гүнж манай улсад ирж, Монголын Андуудын холбооны үйл ажиллагааг дэмжих юм. Малайзын гүнж бол Андуудын хөдөлгөөнийг идэвхтэй дэмждэг.

Энэ удаагийн Дэлхийн Эмэгтэй Хөтөч, Эмэгтэй Скаутын Холбооны Ази, Номхон Далайн Андуудын бүлгийн айлчлалаар Монголын эмэгтэй скаутын хөдөлгөөний үйл ажиллагааг олон нийтэд таниулах, дэмжих, Андуудын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цаашлаад хандив цуглуулах зорилготой. Мөн хүүхдүүдэд зориулагдан хийгдэж буй хөтөлбөрүүд үр дүнгээ хэр өгч байгаа болон цаашид олон хөтөлбөрүүдийг боловсруулах талаар хэлэлцэнэ.

Манай холбоо хүүхдүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх, хүүхдүүдэд тохиолдож буй эрсдэлүүдээс хамгаалах, хэрхэн багасгах, зөв төлөвшилтэй, өөртөө итгэлтэй, ирээдүйд шийдвэр гаргах чадвартай манлайлагчдыг бий болгоход ихээхэн анхаарч ажилссаар ирсэн.

Түүнчлэн үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж, хувь хүмүүстээ хамтарч хүүхдийн хүмүүжил төлөвшилд зориулсан хөтөлбөрүүдийг боловсруулах чиглэлд нэгдье гэсэн бодолтой байна.

Ази, Номхон далайн бүсийн Андуудын холбооноос түншлэлийн харилцааг илүүд чухалчилдаг. Учир нь дан ганц холбоо байгууллагууд хүүхдийн төлөө ажиллах нь асар дутагдалтай. Тиймээс бид эцэг эхчүүд, төр, хувийн хэвшлийнхнийг бас үүнд оролцуулан өөрсдийн хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрөө танилцуулан хамтрах санал тавин, цаашдаа олон олон хөтөлбөрүүдийг боловсруулах юм.

Өнөөдөр Монгол Улсын хувьд хүүхдийн хүмүүжилд анхаарах цаг нэгэнт болсон. Бид хуучны тогтолцооноосоо гарч чадахгүй байхад бидний хүүхдүүд аль хэдийн дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж байна. Хэдийгээр хөгжиж байгаа нь сайшаалтай ч үүнийг дагаад сөрөг зүйл асар их бий. Түүнийг бид л мэдэрч ойлгож, хүүхдүүддээ туслахгүй бол өөр хэн ч ирээд туслахгүй. Хүмүүс нэг л том зүйл хийх ёстой юм шиг л ойлгодог. Бас тийм биш юм аа. Бидний хүүхдүүдэд жижигхэн дэмжлэг л хэрэгтэй.

– Дэлхийн Андуудын байгууллагын талаар товч мэдээлэл өгнө үү, хэчнээн орныг хамарсан ямар үйл ажиллагаа явуулдаг байгууллага вэ?

– Дэлхийн Эмэгтэй Гайд, Эмэгтэй Скаутын Холбоо буюу Хөдөлгөөн (ДЭГЭСХ) нь дэлхийн охид, залуу эмэгтэйчүүдийн төлөө ажилладаг дэлхийн хамгийн том олон улсын байгууллага. Тус хөдөлгөөн нь дэлхийн 150 орны 10 сая эмэгтэй гайд, эмэгтэй скаут, залуу эмэгтэйчүүд, насанд хүрэгч дэмжигчидтэй. Энэ Олон Улсын байгууллагыг дэмждэг бүлэг хүмүүсийг Андууд гэж нэрлэдэг.

Үүнд: Чадварлаг, өөртөө итгэх итгэлтэй удирдагч болох боломжийг бүрдүүлэх, амьдралын чухал ур чадвар эзэмших сургалтад хамрагдах боломжийг бүрдүүлэх, НҮБ-ын олон улсын арга хэмжээнд оролцох боломжийг олгох, бүсийн залуу эмэгтэйчүүдийн чадавхийг хөгжүүлэх, улс орнуудыг ДЭГЭСХ-ны гишүүн болоход нь туслах, гишүүн байгууллагуудын чухал төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг. Төсөл хөтөлбөрүүдээр охид маш олон талын ач тус хүртэх тэр дундаа онцгойлон өөртөө итгэх итгэл, зан байдлын хөгжил, амьдрах ур чадвар, шийдвэр гаргалт, манлайлал зэрэг чадваруудаа хөгжүүлэх хөтөлбөрүүдэд дэмжигч, хамтрагч нь байх юм.

– Манай улс Андуудын холбоонд хэдэн оноос орсон вэ? Тус холбоонд нийт хэчнээн орон хамрагдаж байна.

– Манай улсын хувьд 2000 оноос эхлээд энэ холбоонд элсэх саналаа өгсөн. Дэлхийн том байгууллага болохоор гишүүн болохын тулд тодорхой шалгуур, шатлалыг давж гардаг. Эхний удаа бүрэн бус байгууллагын эрхтэй байдаг, улмаар бүрэн гишүүн болдог. Нэлээн олон жил явсны дараагаар буюу 2014 онд манай улс жинхэнэ гишүүн болсон юм.

– Танай холбоо Скаутын холбооноос юугаараа ялгаатай вэ?

– Дэлхийн Скаутын холбоо нь “WAGGGS”, “WOSH” гэсэн хоёр чиглэлтэй байдаг. “WOSH” болохоор жендерийн асуудлыг аль алиныг авч үздэг. Эрэгтэй, эмэгтэй холимог хөдөлгөөн. “WAGGGS” нь болохоор зөвхөн охидын асуудалд анхаарлаа хандуулан ажилладаг. Дэлхийн олон мянган охидод тулгарч буй асуудлыг шийдэх, тэднийг сонсох, хөгжүүлэх, ирээдүйд ээж болох бэлтгэл чадваруудыг чиглүүлдэг, нэг үгээр хэлбэл охидын хөгжилд анхаардаг.

Бидний хувьд Монгол дахь Скаутын холбоотой хамтран үйл ажиллагаа явуулдаг. Зуслан цугларалт, сургалт семинар гээд олон арга хэмжээндээ харилцан бие биедээ туслах, багш нараа солилцох зэрэг хамтардаг. Бидний үйл ажиллагаа ижил зарчимд суурилагдсан. Ялангуяа хүүхдийг хөгжүүлэх дэлхийн хөдөлгөөний аргад сургадаг. Энэ нь жижиг багаар хамтарч хүүхдүүд ажиллах оролцоог бий болгодог, шийдвэр гаргалтад өөрийн дуу хоолойгоо хэрхэн гаргахад нь тусалдаг. Хүүхдүүд өөрийн шийдвэрийг гаргаж ихэвчлэн чаддаггүй, бусдын шийдвэрийг маш их дагадаг. Энэ нь эргээд алдаа эндэгдэлд орох нөхцөл үүсдэг. Тиймээс хүүхдүүд жижиг багаар ажиллаж, өөрийн шийдвэрийг гаргаж сурдаг. Хамгийн гол нь бие биедээ найрсаг тусархуу, элгэмсэг болж ирдэг. Эдгээр чадваруудыг суулгахын тулд хөдөлгөөний аргаар хүмүүжүүлэх явдал чухал байдаг.

– Танай хөдөлгөөнд элсье гэвэл хүүхдүүд хаана хэрхэн ханддаг вэ? Насны ангиллаар сургалтууд явагдах уу, хэдэн наснаас танай үйл ажиллагаанд хамрагддаг вэ?

– Сайн дурын хөдөлгөөн болохоор бид хэн нэгнийг элсэхийг албадан шаарддаггүй. Бид эхлээд 10 жилийн сургуулиудад өөрсдийн үйл ажиллагааны талаар танилцуулдаг. Үүний дараа тухайн хүүхэд, ээж, аав нь хүлээн зөвшөөрч манай хүүхдэд хэрэгтэй гэж үзсэн нөхцөлд манай үйл ажиллагаа нээлттэй. Дэмжигч эмэгтэйчүүд ч гэсэн адил байдаг. Дэлхийн гишүүн байгууллагуудын хувьд цэцэрлэгийн наснаас эхэлдэг. Манай хувьд ерөнхий боловсролын сургуулийн бага ангиас эхлээд сургалтууддаа явуулдаг. Бага ангийг яргуй нас, Guide буюу дунд анги, ахлах анги буюу сарнай нас гээд дээд нас 18-аас дээш болохоо залуу эмэгтэйчүүдийн ангилалд хамрагдана. Үүнд нь их, дээд сургуулиудын оюутан эмэгтэйчүүд ордог. Түүнээс дээш болоод ирэхээр дэмжигч эмэгтэйчүүдийн ангилалд ордог.

– Андуудын бүлэгт Монголд хэчнээн гишүүнтэй байна, ямар үйл ажиллагааг явуулж байна?

– Улаанбаатар хотын 8 сургуульд анхан шатны нэгжээ байгуулсан, Дархан, Төв аймагт нэгж байгууллагууд ажиллаж байна. Түншлэх байгууллагуудаараа дамжуулан Скаутын албан бус хөтөлбөрийг илүү олон хүүхэд залууст хүргэх боломжтой. Эдгээр хөтөлбөр нь хүүхдийн нас насанд тохирсон сонирхолтой хөтөлбөрүүд байдаг. Манай хөтөлбөрт хамрагдсанаар хүүхдүүд биеэ даасан, хариуцлагатай, зорилго тэмүүлэлтэй, халамжтай, хүнлэг энэрэнгүй болж төлөвшдөг.

Ази, Номхон Далайн Андууд хөдөлгөөнийхөн Монголд байх хугацаанд Монголын хүүхэд багачуудын хөгжил, төлөвшлийн төлөө хамтран ажиллаж, дэмжин тусалж, сайн үйлсийн аянд нэгдэхийг хүссэн байгууллага, хувь хүмүүстэй уулзаж Андуудын талаар санал бодлоо солилцохыг нэн тэргүүнд чухалчилж байгаа юм.

Тус холбоо нь дэлхийн хөдөлгөөнийг дэмждэг томоохон компаниудын дэмжлэгтэйгээр хөтөлбөрүүдээ боловсруулан 150-аад оронд тараадаг. Өнөөдрийн байдлаар манай улсад хүүхдийн нас насанд тохирсон 10 гаруй хөтөлбөр ирээд байна. Тухайлбал, цахим ертөнцөөс хүүхдийг хэрхэн хамгаалах вэ гэх мэт.

Өсвөр насныхан өөрөөрөө байж чаддаггүй, дандаа бие биеэ даган дуурайж, буруу үйлдэл шийдвэр гаргадаг. Тиймээс бид хамгийн түрүүнд хүүхдийг өөрөөрөө байх ойлголтыг бий болгох хөтөлбөр гаргах бодолтой байна. Үүний дараа гадаад дүр төрх. Эхлээд хүүхдүүддээ өөрсдийгөө олоход нь туслах хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлсний дараагаар байгаль дэлхийг хамгаалах, нөлөөллийн хөтөлбөрүүдийг хийх зэрэг олон системтэй үйл ажиллагааг түншлэгч байгууллагуудтайгаа хамтран боловсруулах зорилготой байна.

Мөн 9-н сард болох уулзалтаараа Монголын компаниудтай хамтран монгол хүүхдүүдийнхээ зан үйл, ёс заншилд тохирсон хөтөлбөрийг гаргах бодолтой байна.

 

Д.Эрдэнэсувд

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.