ДОХ эдгэхгүй ч сэргийлэх боломжтой

2018-07-19 Нийтлэл

ДОХ гэж сонсоогүй, ямар замаар яаж халдварладгийг нь мэддэггүй хүн цөөн. Гэвч “ХДХВ-ийн халдвар авсан хүнтэй гар барьж болохгүй, суудал дээр нь сууж, нэг оронд унтаж болохгүй” гэх мэт бодол сэтгэлийн нь мухарт байсаар байдаг. Өдгөө дэлхий дахинд ХДХВ/ ДОХ нь 39 сая гаруй хүний аминд хүрсэн гэх статистик мэдээлэл бий. Мөн ХДХВ-ийн халдвар тээгч 36.7 сая гаруй хүн дэлхий дээр амьдарч байгаагийн 2.5 сая гаруй нь 15 хүртэлх насны хүүхдүүд аж.

Монгол Улсад 1992 онд ХДХВ-ийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 2017 оны арваннэгдүгээр сарын байдлаар, ХДХВ-ийн халдвар авсан 249, нас баралтын 40 тохиолдол бүртгэгджээ. Бүртгэгдсэн тохиолдлууд бүгд бэлгийн замаар дамжсан нь тогтоогдоод байна. Өнөөгийн байдлаар цус цусан бүтээгдэхүүнээр, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой, мөн эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй аж. ХДХВ-ийн халдвартай 14 эхээс төрсөн 20 хүүхдийг эхээс хүүхдэд халдвар дамжихаас сэргийлэх арга хэмжээнд хамруулж, хяналтад оруулжээ.

Өнгөрсөн онд хийгдсэн шинэчилсэн тооцооллоор Монгол Улсад 2017 оны эцсийн байдлаар ХДХВ-ийн халдвартай 575 хүн, 2020 онд 648 хүн байж болох тооцоолол хийсэн байдаг. Тиймээс эрт илрүүлэлт, оношилгоо, шинжилгээнд хамрагдах ёстой хэмээн албаныхан тайлбарлаж байлаа.

Халдвар авснаас хойш ДОХ-ын шинж тэмдэг илрэх хугацаа хүн бүрт харилцан адилгүй байдаг. ХДХВ-ийн халдвартай ихэнх хүмүүс эрүүл харагдах учир хэн нэгэн хүнийг гаднаас нь хараад халдвартай гэж хэлэх боломжгүй. Шинж тэмдэг илрээгүй ч ХДХВ-ийн халдвартай хүн халдвараа бусдад тараадаг байна.

Тухайн хүний биеийн эсэргүүцлээс хамаарч дархлалын тогтолцоог гэмтээх хүртэл тодорхой хугацаа шаардагддаг бөгөөд дунджаар 6 сараас 10 жил үргэлжилдэг.Энэ хугацаанд эрүүл мэт харагдаж, өөрийгөө халдвар авсаныг мэдэхгүй байснаар халдвар тараах аюултай байдаг. Энэ үед вирус зөвхөн дархлалын тогтолцоонд чухал үүрэгтэй Т4 эсийг гэмтээдэг. ДОХ өвчний үед ямар ч шалтгаангүйгээр дараах шинж тэмдгүүд ихэнхдээ илэрдэг.
Биеийн жин буурах, Байнга ядрах, Шөнө хөлрөх
Хүзүү, суга, цавины булчирхай томрох
Амьсгаадах, хуурай ханиах
Дархлалын систем сулрах тусам тухайн хүн жингээ алдаж, ядрамтгай болж, янз бүрийн арьсны өвчин, элдэв яр шарх, мөөгөнцөр болон шингэн алдах зэргээр аливаа халдварт өртөмтгий болдог.Улмаар уушигний үрэвсэл, хомхой, сүрьеэ, хорт хавдар зэрэг илүү ноцтой хүнд өвчнүүдэд өртөнө.Нэгэнт ДОХ өвчний энэ шатанд хүрсэн нөхцөлд хүндэвтэр халдварын улмаас ихэвчлэн 1-2 жилийн дотор нас бардаг.

ДОХ нь одоогоор төгс эмчилгээгүй үхэлд хүргэдэг өвчин. Гэхдээ ДОХ-оос урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын тархалт бага түвшинд байгаа хэдий ч өртөмтгий байдал маш өндөр.
Халдвартай хүнтэй бэлгэвчгүйгээр бэлгийн хавьталд орохгүй байх. Үүний тулд гэр бүлийн гадуурх харилцаагүй амьдрах. Замбараагүй бэлгийн хавьтлаас зайлс хийх хэрэгтэй.

Цусанд ХДХВ байгаа эсэхийг илрүүлэх шинжилгээ хийлгүйгээр халдвартай цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэхгүй байх нь ДОХ-аас сэргийлэх бас нэг арга юм.
Бохир зүү, тариур, багажаар арьсыг хатгаж цоолох, ямар нэгэн мэс ажилбар хийхгүй байх нь чухал.

ДОХ-ын халдвартай эхээс урагт, жирэмсэн болон, төрөх үед, төрсөний дараа үед хөхний сүүгээр тус тус халдварлана. ХДХВ хүний биеийн гадна удаан амьдарч чаддаггүй учраас ДОХ-той хүнтэй амьдрах, хамтдаа хооллох, аяга таваг хоолны хэрэгсэлээ хамтдаа хэрэглэх, биед нь хүрэх, тэврэх тэр ч байтугай хамтдаа унтах зэрэг нь ямар ч аюулгүй. Хамгаалалтгүй бэлгийн хавьтлын үед биеийн шингэнээ солилцох, шүдний сойз, сахлын хутга зэрэг арьс салст гэмтээдэг багаж хэрэгслийг хамтран хэрэглэх зэрэг нь аюултай юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.