“Дотогшоо” хүнд тохирох ажил мэргэжил

2019-09-18 Подкаст


Зан төлөвийн хувьд дотогшоо буюу бүрэг маягийн хүмүүс (интроверт) хийж буй ажилдаа нямбай, идэвхи зүтгэлтэй байдаг. Тэдэнд аливаа зүйлийг хийж гүйцэтгэхэд хангалттай цаг хугацаа, орон зай хэрэгтэй. Ийм төрлийн хүмүүс хийж буй ажилдаа бүх зүйлд зүрх сэтгэл, энергиэ зарцуулдаг боловч зарим үед ялангуяа бизнесийн салбарт өөрийгөө дутуу үнэлж голдог.

Гэвч ямар ч зан төлөвтэй байсан хүн бүрт тохирох ажил мэргэжил гэж байдаг. Тиймээс өөрт тохирох мэргэжил сонгох нь чухал билээ. Хэрэв та өөрийгөө “дотогшоо” хүн гэж боддог бол доор дурдах салбарын мэргэжил танд тохирч болох юм.

Уран зураг, баримал, сийлбэр

Юмыг өөр өнцгөөс хардаг, урлагийн авъяас мэдрэмжтэй бол барималч юм уу зураач болж яагаад болохгүй гэж. Байгалиас заяасан энэхүү мэдрэмжээ гоёмсог ваар, шилэн эдлэл, сүлжмэл гээд дуртай зүйлээ хийгээд мөнгөтэй болох боломжтой. Биеэ даасан, төсөөлөн бодох чадвартай хүнд ийм төрлийн ажил илүү тохирно.

Шүүх эмнэлгийн техникч

Нээлттэй сэтгэлгээ, өчүүхэн хэсэгт ч анхаарлаа төвлөрүүлж чаддагийн ачаар олонх интровертууд хамгийн шилдэг задлан шинжээч байсаар ирсэн. Хэрэв танд “хөшигний ард” ажиллах нь илүү таалагддаг бол шүүх эмнэлэгийн техникчээр ажиллаж болох юм. Шүүх эмнэлэгийн ажилтнууд эд мөрийн баримтыг цуглуулж лабораторийн өрөөнд ихэнх цагаа өнгөрүүлдэг.

Гэрэл зурагчин

Ертөнцийн өнгийг бусдаас өөрөөр харах авъяас ихэнхдээ интровертуудад заяасан байдаг. Тэдний өвөрмөц сэтгэхүй гэрэл зургийг гайхалтай болгож бусад хүмүүст юмсыг өөр өнцгөөс харахад хүргэдэг. Түүнчлэн гэрэл зурагчид бие даан хувиараа ажиллах давуу талтай.

Байгаль хамгаалагч, ойжуулагч

Ийм мэргэжилтэй хүн ажлын ихэнх цагаа хотоос гадуур харьцангуй эрүүл тайван орчин болох ой хөвч, байгалийн сайханд өнгөрүүлдэг. Бакалаврийн зэрэгтэй мэргэжлийн байгаль хамгаалагч, ойжуулагч болсон байхад дархан цаазат газар юм уу хувийн эзэмшил газарт ажиллах боломжтой. Таны ажлын үр шимийг хүмүүс биш ан амьтад хүртэнэ гэдэг сайхан биш гэж үү?

Зохиолч

Ганцаардал, тайван орчныг эрэлхийлж бодол санаандаа умбан суух нь интроверт хүний нийтлэг зан бөгөөд зохиолч болох хүн амжилт өөд гарах магадлалтай. Өөрийн бодол зорилгоо зөв залж сонирхол татахуйц өгүүлэл бичин хэвлэлийн газар өгч болох юм.

Кино, видео эвлүүлэгч

Томоохон кино зураг авалтын дараа видео бичлэгийг засварлаж эвлүүлэх хэрэг гардаг. Үүнийг кино урлагийн салбарт “бохир ажил” ч гэж нэрлэдэг. Гэвч өөрийн хэмнэлээр ажиллахыг илүүд үздэг хүнд бол энэ бол яах аргагүй хамгийн тохирох ажил. Засвар ороогүй шинэхэн бичлэгийг хүлээж аваад тав тухтай гэгч нь өөрийн бүтээлч мэдрэмжээ шингээж өгнө дөө.

Улс төрийн шинжээч

Төрийн бодлого, улс төрийн чиг хандлагын талаархи бие даасан судалгаа шинжилгээ нь улс төр судлаач шинжээчдийн хийдэг гол ажил. Тэд мөн улс төрчдөд оновчтой шийдвэр гаргахад нь тусалж илтгэл бэлдэж өгдөг бөгөөд жилд дунджаар 100 мянган долларын цалинтай байдаг ажээ.

Хуулийн зөвлөх

Хуулийн зөвлөх, туслах нь хуулийн фирм эсвэл компанийн хуулийн хэлтэст ажиллах нь элбэг. Хуульч байхаас ялгаатай нэг тал нь хуулийн зөвлөх нь ихэвчлэн бичиг цаасны ажилтай зууралдах, баримт бичиг боловсруулах, эрх зүйн судалгаа авах зэрэг ажлуудыг хийдэг. Хуулийн зөвлөх хийх мэргэжлийн үнэмлэхтэй бол энэхүү ажлыг хийх боломжтой. Мөн та хууль зүйн бакалаврын зэрэгтэй бол ажилсан жил хамаарахгүйгээр энэхүү албанд ажилтнаар орох боломжтой.

График дизайнер

Бүтээлч сэтгэхүйтэй интроверт хүмүүст график дизайн хамгийн тохирох ирээдүйтэй ажлын нэг мөн. Захиалагчтайгаа харилцаж тэдний хүссэн загвар дизайнаар хийж өгдөг нь энэ ажлын бас нэг давуу тал болдог. График дизайнерын ажил харьцангуй бие даан хийж гүйцэтгэх боломжтой. Судалгаанаас харахад нийт дизайнеруудын гуравны нэг нь орон тооны бус ихэвчлэн гэрээсээ ажилдаг байна.

Инженер техникийн нийтлэлч

Инженер технологийн талаар зэгсэн ойлголттой түүнийгээ жирийн хүмүүст ойлгогдох хэмжээнд буулгаж мэдээлэл боловсруулах чадвартай бол инженер тенхникээр дагнасан нийтлэлч болох боломжтой. Энэ мэргэжлийн ихэнх цаг нь програм хангамжинд зориулж гарын авлага, холбогдох материалыг бэлтгэх зэрэг бие даасан ажил гүйцэтгэхэд зарцуулагддаг. Энэ салбарын ихэнх хүмүүс компьютер болон инженерийн салбарт ажилладаг боловч бусад салбарт ч ийм мэргэжилтнүүд эрэлттэй байдаг.

Нягтлан бодогч

Нягтлан бодогчид ихэнх цаг хугацаагаа тоо бодох ажилд зарцуулдаг. Тиймээс математикийн авъяастай, зохион байгуулах ур чадвартай хүнд нягтлан бодох ажил бас нэг тохирсон ажил мөн. Нягтлан бодогчид, үүнтэй төстэй нэг мэргэжил болох аудиторууд тайлан тооцоог нягтах, санхүүгийн үйл ажиллагааг няглтан үнэлэх, компанийн татварын тайланг бэлтгэх зэрэг тэдний байнга хийдэг ажил юм.

Компьютер программист

Цахим дэлгцийнхээ ард суугаад бүхэл өдөржин код бичих хүсэл төрдөг хүнд компьютер программын ажил хамгийн зугаатай ажил гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Тэдний хийдэг гол ажил нь програм хангамж боловсруулагчдын бүтээсэн программыг энгийн хүнд ойлгогдохоор, хэн ч хэрэглэж болохуйц үйлдлийн систем бүтээх байдаг.

Лабораторийн шинжээч

Лабораторийн шинжээч болсноор өвчтний оношийг тогтооход өөрийн мэдлэг чадвараа зориулна гэсэн үг. Тэд эрүүл мэндийн байгууллага, шинжилгээний төвд ажиллан өвчтний эд, эс болон бусад бодисын дээжийг шинжилдэг. Сэжигч хүний хувьд энэ тйим ч сайхан ажил биш боловч нэгэнт энэ ажлыг сонгосон хүнд бодол анхаарлаа төвлөрүүлэн тайван намуун орчинд ажиллахыг илүүд үздэг хүнд бас нэг тохирох ажил юм.

Зах зээлийн судалгааны шинжээч

Ажлын ихэнх цагаа баримт материалтай харьцахад зарцуулдаг энэхүү мэргэжлийн хүн бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтын боломжийг тодорхойлохын тулд зах зээлийн нөхцөл байдлын талаархи мэдээллийг цуглуулж дүн шинжилгээ хийдэг. Гүйцэтгэх ажилтнуудаас олсон дүгнэлтүүдээ нэгтгэн тайлан бэлтгэж танилцуулдаг. Гэхдээ зах зээлийн судалгааны шинжээчийн дийлэнх нь хэнээс ч хамаарахгүй бие даан гүйцэтгэх ажил байдаг.

Орчуулагч

Хэрвээ та төрөлх хэлнээсээ гадна өөр нэг хэлээр чөлөөтэй ярьж бичдэг бол бичгийн материалыг нэг хэлээс нөгөө хэл рүү хөрвүүлж мөнгө олох боломжтой. Олон улсын харилцаа, хэлхээ холбоо улам нягтарч буй өнөө цагт гадаад хэлний мэдлэг чадвар улам ихсэж байгаа билээ. АНУ-д л гэхэд англиар ярьдаггүй хүмүүсийн тоо жил бүр өгсөж гуравдагч хэлний эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдсээр байна. Ихэнх орчуулагчид бие даан ажиллаж төслийн ажилд оролцох нь түгээмэл байдаг.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.