Тамхины хэрэглээг тас хорьсноос татвараар хязгаарлая

2018-05-21 Нийтлэл

Тамхитай холбоотой жаахан бараандуу баримт дурдахаас өмнө хөгжилтэй явдлаас хуваалцъя. Нэг залуу дэлгүүрээс тамхи авснаа худалдагчид хандан “Эгч ээ, энэ бэлгийн сулралд хүргэдэг гэснийг нас богиносгодогоор нь солиод өгөөч. Үхэх хүртлээ үүргээ гүйцэтгэж л байя” гэсэн гэдэг. Тамхины хайрцаг дээрх санамж зургаар сонголт хийж байгаа царай л даа. Энэ мэт хорт зуршлаа орхих биш хоёрын хооронд сэтгэлээ хуурах гэсэн инээдтэй ч шиг, эмгэнэлтэй ч юм шиг дүр зураг зөндөө.

Хайрцаг дээр нь сэрэмжлүүлэг нааж, ил тод сурталчлахыг хориглож, жижиглэн худалдааг хянаж, татах газрыг заагаад ч манайд нэг л дорвитой буурч өгөхгүй байгаа зохист бус хэрэглээ бол тамхидалт.

Өрөөлд төвөг болохгүй л бол өөрийнхөө мөнгөөр юугаа авч хэрэглэх нь тухайн хүний эрх мэт боловч энэ нь нийгмийн эрүүл мэндэд аюулын харанга дэлдэж, халдварт бус өвчлөлөөр зүрх судасны өвчний дараа орох шалтгаан болж байгаагаараа яах аргагүй ярих ёстой сэдэв болоод байна.

Монгол Улсын хүн амын 30 орчим хувь, тэр дундаа эрчүүдийн талаас илүү нь тамхи татдаг гэсэн судалгаа бий. Энэ үзүүлэлт 2005 оноос хойш буурахгүй, харин ч өсөх хандлагатай байгаа нь тамхины хэрэглээг хориглосон хуулийн заалтууд хөрсөн дээр хэрэгжилт сул байгааг, ард иргэдийн дунд эрсдэлт өвчнөөс сэргийлэх эрүүл мэндийн боловсрол ядмаг хэвээр байгааг харуулж байгаа юм.

Нэг үеэ бодоход 2013 онд нэмэлт өөрчлөлт орсон Тамхины хяналтын тухай хуулиар энэ төрлийн хэрэглээг хянасан, хязгаарласан хэд хэдэн дэвшил гарсан. Олон нийтийн газар тамхи татах нь багасч, баар цэнгээний газар тамхиар үйлчлэхээ больж, дунд сургуультай 500 метр дотор ойрхон бол тамхи худалдаалахаа больсон гэх мэтээр хяналт хариуцлагыг л сайжруулж чадвал бодит үр дүн өгөх заалтууд орсон. Гэвч хүрээ нь л хумигдсан болохоос хэрэглээ буурахгүй, тамхинаас шалтгаалах өвчлөл, хорт хавдраар өвчлөгсдийн нас залуужсаар байгаагийн учир юу вэ?

Тамхины утаанд байгаа 2000 гаруй бичил элемэнтийн 30 гаруй нь хорт хавдар үүсгэдэг гэдэг нь нэгэнт тогтоогдсон. Ганцхан жишээ дурдахад тамхинаас шууд хамааралтай өвчин болох уушгины хорт хавдар туссан 10 хүний 9 нь тамхичин байдаг байна. Зөвхөн өөртөө өвчин “импортлоод” зогсохгүй эргэн тойрныхноо дам тамхидалтад өртүүлж, дархлаа султай нэгэндээ хавдрын суурь тавьдагаа харин тэр бүр ухамсарладаггүй. Уушгины хорт хавдар нь Монголд элэг, ходооны хавдрын дараа ордог. Хүний амьсгалын гол эрхтнийг барьдаг энэ өвчнөөр жил бүр 330-400 орчим хүн өвчилж, тал нь буюу 150-200 хүн нас бардаг гэсэн тоо гуравхан сая хүн амтай орны хувьд өндөр үзүүлэлт юм.

Тамхичин хүнийг уушгины хавдраас гадна олон өвчин хүлээж байдаг. Тухайлбал, амны хөндий, амьсгалын дээд замын хавдар, уушгины архаг өрөвсөлт өвчнүүд элбэг тохиолдохоос гадна судас нь нарийсгадаг аж. Аль эрхтэний судас нарийсахаас хамаарч түүнтэй холбоотой архаг өвчнүүд үүсдэг. Жишээ нь зүрхний захын судсууд нарийсвал зүрхний шигдээс, тархины судсууд нарийссанаар цус харвалт, хоол боловсруулах замын судаснууд агшсанаар тэжээл алдагдахад хүрдэг байна.

“Тамхи таны амьдралаас таван нас хорооно” гэдэг үг өнөөдөр үеэ өнгөрөөж, агаар, орчин, хүнсний баталгаа алдагдсан өнөөгийн нөхцөлд түүнээс ч олон жилийг хумсалж, үр хүүхдүүд, ойр дотныхонд чинь заналхийлж байгааг мэдсээр байж тамхидалт буурахгүй байгаа шалтгааныг хамтдаа хайцгаая.

Ямар ч ариун зорилготой, нийгэмд тустай хууль дүрэм цаанаа эдийн засгийн хөшүүрэггүй бол хоосон лоозон болчихдог. Ялангуяа архи, тамхи зэрэг сэтгэцэд нөлөөтэй, мансууруулах шидтэй зүйлд донтсон хүн хорт зуршлаа дан ганц ухамсарын хүчээр ялдаггүй. Тэгээд ч архи, тамхины хэрэглээ өндөр байснаар улс орон хөгжихгүй гэдэг нь өнгөрөгч жилүүдэд хангалттай нотлогдлоо. Тиймээс эдийн засгийн аргаар энэ төрлийн бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлаж, ОАТ-ын хувь хэмжээг эргэн харах нь хамгийн зөв арга юм.

Татвар нэмэх тухай ярихаар бусад өргөн хэрэглээний бараа дагаад өсөх айдас бий болдог. Харин энэ удаад татварыг нэмэхдээ биш хувь хэмжээг тооцож, татварын орчинд байгаа хуулийн цоорхойг залруулахад илүү анхаарах хэрэгтэй болоод байна.

Тухайлбал тамхины ОАТ-ыг ам.доллараар тооцож авдаг байснаа 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх хуулийг хэрэгжүүлэх нэрийдлээр ам.долларын тухайн үеийн ханш болох 938 төгрөгөөр тооцож авахаар хуульчилж орхижээ. Өнөөдөр нэг ам.доллар 2400 давсан төгрөгтэй тэнцэх ханштай болчихоод байхад ногдох татварын хэмжээ өсөлт нь зогссон хүүхэд шиг тэр үеийнхээрээ гацсан нь жижиг гэлтгүй энэ заалт чухам хэний ашиг сонирхолд үйлчлээд байна вэ гэж хачирхмаар. Зөвхөн энэ завхарлыг залруулж, өнөөгийн бодит ханшаар тооцдог болгочиход л тамхины татвараас төсөвт орох орлого суга өсөх жишээтэй.

Түүнээс гадна манай улс өнгөрөгч онд ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрийн хүрээнд зээл авахдаа ойрын 3 жилд архи, тамхины ОАТ-ыг тав, таван хувиар нэмж 15-20 хувьд хүргэх ам өчиг өгсөн. Хөтөлбөр хэрэгжээд жил болох гэж байхад татварын хэмжээ царцанги байсаар байна. Уг нь бол бид аль 2003 онд ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцид нэгдсэн. Ингэснээр тамхины жижиглэнгийн борлуулалтын орлогоос 70 хүртэлх хувийг татвартаа төвлөрүүлэх үүрэг хүлээсэн ч одоогоор талаас доогуур буюу 31 хувьтай байгаа юм. Авсан зээлийн амлалтаа хэрэгжүүллээ ч 50 хувь ч хүрэхгүй байгааг хууль тогтоочид анхаарах хэрэгтэй байгаа юм.

Тамхи хортойг нотолж, татгалзахыг уриалсан санал санаачилга эрүүл мэндийн болон судалгааны байгууллагуудаас хангалттай гардаг ч бодлогын орчин энэ мэт хяналт сул, хариуцлага тааруу явсаар байвал хэрэглээ бодитоор буурахгүй, харин ихэсч, залуужих хандлагатай байна.

Ер нь бол татвар нэмсэнээр тамхины хэрэглээ шууд буурчихгүй ч татвараас орж ирэх орлогоор тамхины эсрэг, хавдарын эсрэг хийж ажлынхаа далайцыг нэмэгдүүлж, үлдэцийг сайжруулах боломжтой. Ядаж л урьдчилан сэргийлэх сургалт, судалгаа, өвчилсөн тохиолдолд эрт илрүүлж эрсдлийг бууруулах ажлыг дорвитой хийх санхүүжилт бүрдэх юм. Дээр өгүүлсэнчлэн архи, тамхины ОАТ-ыг нэг удаад 5-хан хувиар нэмэхэд л 91,7 тэрбум төгрөг төсөвт орж ирэх тооцоо бий.

Манай улсын эрүүл мэндийн бодлого харьцангуй өөрчлөгдөж, “өвдсөн хойно нь эмчлэх биш өвдөхөөс нь өмнө сэргийлэх” тал руугаа явж байгаа ч бодитой төсөв, бодлоготой шийдвэрүүд үгүй бол хий хоосон тунхаг болсоор замхрах магадлалтай. Чухамдаа байгуулагдаад төд удаагүй байгаа Эрүүл мэндийг дэмжих сан яг ямар чиглэлийн төслүүдийг санхүүжүүлж, ямар ямар үр дүн гарч байгаа нь ил тод биш байгаа нь үүний нэг илрэл юм.

Тамхи бол талх биш. Танаж татгалзаж чадвал айл гэрийн амьжиргаа болоод эрүүл мэндэд ач тусаа өгнө үү гэхээс дарамт болохгүй. Гэхдээ нэгэнт цусанд үүссэн никотины донтолтыг ухамсрын юм уу уриа лоозонгийн хүчээр ул мөргүй арилгах амаргүй учир жижиглэнгийн үнийг нэмэх, борлуулах цэгийг цөөлж төрөлжүүлэх, хяналтыг сайжруулж хариуцлагыг нэмэгдүүлэх гэх мэт эдийн засгийн болоод захиргааны арга хэмжээ авч байж нэг талаар хүн ардаа аварч, нөгөө талаар эдийн засгаа тэтгэх юм.

Уршиг, урхагийг л яриад байдаг болохоос углуургаар нь асуудалд ул суурьтай хандвал бодлого зохицуултын ч, ашиг сонирхлын ч, хүсэл эрмэлзлийн ч олон зөрчил энэхүү “чөтгөрийн” утааны цаана амь бөхтэй суунагласаар байна.

Э.Адъяасүрэн

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.