Америкийн мэргэжилтнүүд манай залууст хорвоог туулах шинэ тулгуур “урлаж өгөв”

2018-05-18 Нийтлэл

Өдрийн сурвалжлага

Хийж бүтээх, хүсэх тэмүүлэх ид насандаа яваа таван залуу өөрийн хөлөөр хорвоод алхах шинэхэн тулгууртай боллоо. Энэ бол сайхан мэдээ.

Тодруулбал, АНУ-ын нарийн мэргэжлийн эмч нарын тусламжтайгаар манай улсын таван залуу хэн нэгний гарыг харахгүйгээр алхаж чаддаг болов. Энэхүү ажиллагааг Монголын талаас их эмч Х.Эрдэнэбат, АНУ-ын талаас хиймэл эрхтний нарийн мэргэжлийн их эмч Жон Диели (John Dieli) нар удирдан гүйцэтгэлээ. АНУ-ын Вашингтон ДС хот дахь “Эд Нэф” сан 2016 онд уг төслийг санаачлан эхлүүлсэн бөгөөд өдгөө ийнхүү амжилттайгаар үргэлжилж байна. Цаашид энэ төслийг манай улсад “нутагшуулах” ажлыг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн их эмч Х.Эрдэнэбат удирдан үргэлжлүүлэхээр төлөвлөж буй аж.

Энэ удаад АНУ-аас нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтэн өөрийн тоног төхөөрөмжөө авчирч, өвчтөнүүдэд хиймэл эрхтэн тааруулж, шаардлагатай тохиргоо засваруудыг хийж өгснөөс гадна монгол эмч мэргэжилтнүүдэд зааж сургалаа. Ингэснээр манай улсын мэргэжилтэн, эмч нар цаашид энэ төслийг үргэлжлүүлэн явуулах боломжтой болж байна.

Мөн АНУ-аас манай улсад суух Элчин сайд асан ноён Жонатан Адделтон Улаанбаатар хотод богино хугацаанд ажиллах явцдаа “Эд Нэф” сангийн энэхүү төслийг дэмжиж оролцсон юм. Тэрбээр энэхүү төслийн талаар “Энэ төрлийн төслүүд нь манай хоёр улсыг хооронд нь ойртуулаад зогсохгүй амьдралын бодит асуудлыг шийвэрлэхэд хамтран ажиллаж, туслах замаар бодит үр дүнгээ өгнө. Ийм төслийг удаан хугацаанд хэрэгжүүлэхэд хиймэл эрхтэн хийх зардлыг нөхөхүйц төсөв, төлөвлөгөөтэй байх шаардлагатай юм байна.” хэмээн онцолж байлаа.

Түүнчлэн тус төслийн гол “баатар” Жон Диели нь хиймэл эрхтэн, гэмтэл согогоор нарийн мэргэшсэн, клиникийн менежер, их эмч бөгөөд, АНУ-д хиймэл эрхтэн үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч “Hanger” компанийг төлөөлөн оролцсон юм. Түүнээс цөөн асуултанд хариулт авлаа.

-Юуны өмнө манай улсад ирж ажилласанд талархаж байна. Төслийнхөө талаар танилцуулна уу?

-Монголын гэмтэл согог болон нөхөн сэргээлтийн эмч нар, ер нь бүгд манай төслийг маш сайн дэмжиж ажилласанд талархаж байна.

-Та бүхний манай улсын иргэдэд хийсэн хиймэл эрхтэн манай эмнэлгийн хийдгээс тэс өөр юм. Наанадаж л маш хөнгөн. Өвчтнүүд бараг л хиймэл хөлтэй гэдэг нь өмднийх нь цаанаас мэдэгдэхгүй байна. Ер нь ийм хиймэл эрхтэнг цаашид манай улсын эмч нар хийх боломж нь хэр байгаа бол?

-Ийм хиймэл эрхтнийг хийж, тааруулах лаборатори Монголд байвал маш завгүй ажиллах юм байна, танай улсын эмч нар. Өвчтөн бүрт гадаад улс руу явж хиймэл эрхтэн хийлгэх, эргэн очиж түүнийгээ тохируулах үйлчилгээ авах боломж тэр бүр байхгүй. Тиймээс Монголд ийм төвтэй болох нь өвчтөнүүдэд маш чухал. Танай мэргэжилтнүүд иймэрхүү хиймэл эрхтнийг хийх бүрэн боломжтой гэж харж байна.

-Мэдээж олон сайхан залуус дутуугаа нөхөхийг хүсч байгаа. Та ямар шалгуураар эдгээр залууст туслахаар шийдсэн бэ?

-Би өмнө нь Г.Энх-Амар хүүд төрөлхийн хөлний гажгийг засах мэс засал, эмчилгээ хийлгэхэд нь тусалсан юм. Тэр үеэс л, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий төвд үйлдвэрлэсэн сайн чанарын хиймэл эрхтэнг санхүүгийн хүндрэлтэй бүлэгт хүрээмжтэй болгох боломжийг судалж, хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлсэн. Энэ төлөвлөгөө маань эхнээсээ бүтэмжтэй байгаад баяртай байна.

-Та манай улсад ажиллах хугацаандаа нэлээд сургалт явуулах шиг боллоо. Сургалт тань хэр амжилттай болсон гэж үзэж байна вэ?

-Хиймэл эрхтэн хийх, тохируулах нарийн мэргэжлийн сургалт явуулж их эмч Х.Эрдэнэбатаар удирдуулсан багт сургаж заалаа. Танай эмч нар юмыг их хурдан сурдаг юм билээ. Тэд чадах болно. Мөн орон нутгаас ирсэн зарим өвчтөнд үзлэг хийж, зөвлөгөө өгсөн байгаа.

 

Энэхүү төслийн зохицуулагч, орчуулагчаар АНУ-д боловсрол эзэмсэн залуу мэргэжилтэн Э.Эрдэнэсүрэн ажилласан ба чадварлаг удирдаж, амжилттай хэрэгжүүллээ.

2016 оны зун АНУ-ын Массачусетс мужын Андовер хотын Филипс Академийн ахлах сургуулийн сурагчдын ажилласан төслийн хүрээнд Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн оюутан Гангантуяа овогтой Оюундарь 3D хэвлэгчийн тусламжтай хийсэн хиймэл хөл хийлгэсэн.

Энэ нь тус сургуулийн хиймэл эрхтэн хийсэн анхны төсөл байсан бөгөөд үүнд доктор Диели техникийн болон мэргэжлийн зөвлөгөө өгч байсан юм.

 

Түүнчлэн 3D хиймэл эрхтний төсөл нь “Эд Нэф” сан болон Андоверийн төгсөгчдийн өгөөмөр дэмжлэгээр хэрэгжиж эхэлжээ. Тус сангийн тэргүүн, ерөнхийлөгч ноён Эд Нэф тус төслийг 2005 оноос эхлүүлсэн түүхтэй.

Тэрбээр анх Г.Энх-Амар хүүг Лос Анжелес хотын “Shriners” хүүхдийн эмнэлэгт төрөлхийн хөлний гажгийг засах мэс засал, эмчилгээ хийлгэхэд нь тусалсан юм. Тухайн үед хиймэл хөл хийлгээд буцсан Г.Энх-Амар одоо эрийн цээнд хүрсэн бөгөөд энэ удаад түүний биеийн онцлогт тохируулан шинэ, чанартай хөл хийж өглөө.

Дашрамд дуулгахад, ноён Эд Нэф нь Улаанбаатар хот дахь “Сантис” хэлний төвийг анх үүсгэн байгуулсан бөгөөд түүнийг нь одоо хатагтай Д.Оргилмаа үргэлжлүүлэн авч явж байна. Тун удахгүй “Эд Нэф” сангаас энэ удаагийн төслийн тухай баримтат киног бэлтгэн гаргахаар зургийн бэлтгэл ажил эхлээд байгаа аж.

О.ГЭРЭЛ

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.