“Дэнлүү барьсан эмэгтэй” буюу дэргэд минь ирсэн бурхад

2018-05-11 Нийтлэл

Олон улсын сувилагчийн өдөрт

Эмчийн цүнхээ мөрөндөө үүрээд

Эрдэнэт хүний амийг хамгаалж

Энхийн төлөө тэмцэж явсан.

Сувилагч явлаа би…
хэмээх дууны үгнээс хэний тухай өгүүлэх гэж буйг төвөггүй мэдэж буй биз. Ажилдаа ирэх замдаа “ Хэн гуайн тариа өнөөдөр дуусна. Тэр гурав дахь удаагаа тариулна…, нөгөө дутуу төрсөн нярайг өнөөдөр эргэх ёстой…, сарын мэдээгээ өгөх хугацаа болсон байна…, тэрэнд сүрьеэгийн эмийг нь уулгах ёстой, жирэмсэн эхчүүдийг дуудах юм байна.” гэх зэргээр хийх ажлаа товолно. Ажлын цагаас 15 минутын өмнө ирэхэд л үйлчлүүлэгчид хэдийнэ дараалал үүсгэх нь холгүй болцгоосон байдаг ч дүрэмт хувцасаа сольж өмсөөд, хувцасны өрөөнөөс гарахдаа толинд зэрвэс харж зүсээ гоодоод ажлын цагаас өмнө үүрэгт ажлаа эхэлдэг хүмүүс бол сувилагч нар.

Манай сайтын сурвалжлах баг ОУ-ын сувилагчийн өдрийг тохиолдуулан СБД-ийн 7-р хорооны “Энхсүндэр” Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч нарт баярын мэнд хүргэхийн ялдамд тэдний ажлын нэг өдрийг уншигч авхай танд хүргэж байна.

Тус ӨЭМТ нь дөрвөн сувилагчтай. Хамгийн ахмад нь Д.Чулуунцэцэг.

Бага эмч, сувилагчаар 42 жил ажиллаад 2011 онд гавьяаныхаа амралтанд гарсан хэдий ч тэрбээр өдгөө залуустайгаа мөр зэрэгцэн ажилласааар л явна. Орсон гарсанд дуутай, цайтай гэгчээр Чука эгч үнэндээ л асрах, энэрэх, сувилахуйн цогц шийдлийг харуулж чаддаг нэгэн. Хүний өөрийн гэхгүй бүгдийг л “эгчийн дүү, миний хүү, миний охин” гэнэ. Тэрхүү уриалагхан дуудлаганд нь ялангуяа үйлчлүүлэгчид нэн дуртай. Өдгөө 60 гаран насыг насласан ч тэрбээр залууст мэдсэн сурснаа өвлүүлэх гэж зүгээр суухгүйгээр зүтгэж яваа нэгэн.

Сувилагчийн цалин хэзээнээсээ л бага байсан болоод ч тэр үү 42 жил ажилласан тэрбээр өдгөө 200 мянган төгрөгийн тэтгэвэртэй ч түүнийгээ чамлаж ярьж байгаагүй гэдэг. Түүний хань Ө.Энхбаатар циркчин. Урлагийн хүний ар гэрийг авч явахын зэрэгцээ улсын ажлыг амжуулан усны дусал шиг хоёр охиноо өсгөж хүмүүжүүлсэн сайн ээж, сайхан хань.

“Энхсүндэр” ӨЭМТ-ийн нэн чухал хүн бол ахлах сувилагч Ч.Мөнгөнцэцэг.

Хамт олон нь түүнийг Мөнгөөнөө гэнэ. Ёстой л хурд хүчний гайхмшиг гэмээр тэрбээр сувилагч нар төдийгүй залуу эмч нарыг ч бараг “даргална даа. Өдөр бүрийн сувилахуйн үйл ажиллагаа Мөнгөөнөөгийн мэдэлд гэсэн үг. Тарианы сувилагч, гэрлийн эргэлт, дуудлага, физик эмчилгээ, хөтөч, шинжилгээнд хэнийг томилох гээд өдөр бүрийн ачааллыг харгалзаж сувилагч нарын ажлыг хуваарилна. Өөрөө ч тэрбээр хүнд муу, муухай сэтгэгдэл төрүүлэхгүй юмсан гэсэн сэтгэлийн үүднээс тэр бүхнийхээ дунд эргэлдэж, хурд хүч, ааш ааль арга эвийг ёстой л үзүүлж өгнө. Ямартаа л хамт олон нь “Мөнгөнөөг байхад ажил аяндаа л урсаад, намуухан явчихдаг” хэмээн ярих вэ дээ. Энэ нь нэг талаараа түүний хөдөлмөрийн үнэлгээ гэж хэлж ч болно.

Үдийн завсарлагатай зэрэгцээд түүний бичиг цаасны ажил эхэлнэ. Тайлан тооцоо, цаг үеийн мэдээ гээд барагдах нь битгий хэл ундаргатай мэт. Гэхдээ л түүнд уурлаж уцаарлах, түүртэх, стресстэх гэсэн ойлголт байхгүй. Ёстой л цаанаасаа, дотроосоо гэрэлтсэн хүн гэж түүнийг л хэлнэ. 2007 оноос сувилагчаар ажиллаж эхэлсэн тэрбээр 10 жилийнхээ ой дээр буюу 2017 онд тэргүүлэх зэрэгтэй болж хамт олноо хошуучлан явна.
Ажлын цагт хүүхнүүдийн дунд урсгал мэт байдаг тэрбээр гэртээ хариад хөвгүүдийн батальонд элэснэ. Хань Б.Энхбаатар, оонын эвэр шиг хоёр хүүгийнхээ тогооч, асрагч нь болж бас л гол дүрд тоглодог гэж байгаа.

Энэ эмнэлгийн бас нэгэн чухал хүн бол сувилагч С.Янжмаажав.

Түүнийг харсан хэн ч яасан сайхан бүсгүй вэ гэмээр. Насандаа баймгүй бие галбир, өөрийн өнгө аяс, донж төрх нь түүнийг нэг талаараа дэгжин харагдуулах ч зарим нэгэнд нь их зантай мэт харагдуулдаг байж ч магадгүй. Ямар ч хүний судас олохын гайхамшгийг үзүүлдэг тэрбээр сувилагчийн мэргэжлээр 1986 оноос эхлэн ажиллахдаа хуучнаар Октябрийн район буюу одоогийн СХД-ийн Хүүхдийн нэгдсэн эмнэлгээс ажлын гараагаа эхэлсэн гэдэг. Усны дусал лугаа адил ихэр охидоо өөр шигээ намбалаг бүсгүйчүүд болгон хүмүүжүүлсэн түүнийг ажлынхан нь “Янжка”, “Янжаа” хэмээн дуудна. Хорвоогийн жаргал зовлон ээлжилдгийг бие сэтгэлээрээ мэдэрч яваа тэрбээр охид, зээ нарынхаа сэтгэлийг хатжуулан зоригжуулж, бас үлгэрлэж яваа дайчин эмэгтэй.

Харин “Энхсүндэр” эмнэлгийн хамгийн залуу, хамгийн жижигхэн, хамгийн шинэ хүн нь Ч.Жаргалмаа сувилагч.

Эвлэгхэн дуулчихдаг, Ховд нутгаас гаралтай юм гэсэн дээ зэгсэн волейболчин тэрбээр Говь-Алтайн АУДС-ийг эх баригч бага эмчээр төгссөн. Ажлын гараагаа тус эмнэлгээс эхлээд хагас жилийн нүүр үзэж буй тэрбээр зүрхний цахилгаан бичлэг хийхээс эхлээд “А” үсгээ заалгаж эхлэхдээ багагүй хөглөж, цагаан инээдээр хамт олноо хөгжөөхийн зэрэгцээ сурч туршлагажиж яваа түүнд амьдрлын их далайгаас шүүрэх зүйл их бий нь мэдээж.

Төгсгөлийн оронд буюу түүх өгүүлэхүй

Тэртээ 1850-аад оны Кримийн дайны үед дайны талбарт дэнлүү барин сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлж явсан Английн Флоренсе Найтенгил гэж эмэгтэйн төрсөн өдрийг ийнхүү ОУ-ын сувилагчийн өдөр болгон тэмдэглэдэг болсон гэдэг.

Буурал зууны дэнлүү барьсан эмэгтэйчүүд, өдгөөгийн цагаан өмсгөлт бурхад та нартаа ОУ-ын сувилагчийн өдрийн мэнд хүргэж, сүүн цагаан сэтгэлээр сувилахуйн их үйлсэд тань амжилт ерөөе.

С.Цээл

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.