ХАЙРТАЙ ХОСУУД ѲѲРСДИЙГѲѲ “БҮТЭЭДЭГ”

2020-05-5 Амрах агшин

Миний нэг танил ярьж сууснаа ханиа хараад “Энэ хүн миний хайраараа бүтээсэн олон жилийн “бүтээл” минь юм шүү дээ” хайр шингэсэн харцаар харж, сэтгэл дүүрэн бахархалтайгаа ѳгүүлж билээ. Миний мэдэх олон гэр бүлүүдээс “Ёстой сайхан гэр бүл шүү” гэж сэтгэлдээ бахархан дуу алддаг цѳѳн гэр бүлүүд бие биенээ ѳѳрчилж, гэр бүлээ ѳѳрсдѳѳ босгосны сайн жишээ нь байдаг. Анх танилцахдаа хийсвэрээр тѳсѳѳлѳгдѳж байсан олон сайхан чанарууд нь бодсоноос нь ѳѳр мэт санагдахад залуус сэтгэл дотроо гайхан эргэлзэнэ. Дурласан харц олон зүйлийг хэт романтик мѳрѳѳдлѳѳр томруулан харагдуулдаг боловч, яг амьдрал дээрээ тэд эв энгийн зүйл гэдгийг бид анзаардаггүй юм л даа. Хэрвээ энэ мѳчид хэт романтик мѳрѳѳдлѳѳсѳѳ салж, бүх зүйлийг энгийнээр мэдэрч амжихгүй бол, бүх зүйл хов хоосон, хэт хуурамч мэт санагдаж эхлэх нь бий. Тэгээд л урам нь хугарч уурлаж бухимдана, гомдож муудалцана, ойлголцохгүй бол салж холдоно. Ѳѳрийгѳѳ угаасаа тѳгс тѳгѳлдѳр бус гэдгээ анзаарахгүй, хэт тѳгс тѳгѳлдѳр хүний эрэлд “хатаж”, зѳвхѳн ѳѳрийн хүсэл бодол, болзлоо бусдад тулгаж шаарддагаас л бид энэ амьдралд алддаг юм даа.

Зѳвхѳн л хайртай болсноор бүх зүйл үлгэрийн мэт сайхан болдоггүй энэ амьдралд, хайртай хосууд бие биенээ бүтээх гэж маш их ухаан, тэвчээрийг гаргах хэрэгтэй болно. Гомдсондоо чангаар хашгирч хамгийн муу муухай үгсээр тургилмаар байвч, дургүйцсэндээ хаалгаа савж хаагаад гараад алхмаар байвч, “харж л байгаарай чамайг заавал чадна даа” хэмээн шаралхаж ямар нэгэн тэнэг зүйл хиймээр байвч, энэ бүхнийг чин сэтгэлийн хайр л зогсоодог. Яг тэр мѳчид зүрхний угт ёгхийтэл хатгуулан, гомдлын нулимсаа сад тавин асгаруулж байхад сэтгэл дотор нь “Арай үгүй байлгүй дээ” гэх эргэлзээ, “Хѳѳрхийгѳѳ арай ч хэтрүүлчих вүү дээ” гэсэн харуусалтай сүлэлдэн шуурч байдаг аж. Энэ шуургыг хайраараа аргамжиж тогтоон, багтарсан сэтгэлийг нь цээжиндээ наан тайвшруулж, мэгшсэн нулимсыг хуруугаараа арчин аргадаж, тэвдсэндээ чичрэх биеийг нь зѳѳлѳн илбэж тайтгаруулах үедээ тэд бие биенээ хамгийн сайнаар бүтээж байдаг.

Тэд ханийнхаа оймсыг нь угаан, хувцсыг нь индүүдэж, хоолыг нь амттайгаар бэлтгэж байхдаа мѳрѳѳдлийн ханхүүгээ, дэлгүүр хамтдаа хэсэн гоо сайхны бараа, гоёлын хувцсыг нь цуглуулж байхдаа үзэсгэлэнт гүнжээ бүтээж байдаг. “Хайрт минь намайг хар даа” гэж эрхлэх дуунд, “За ямар байна даа” гэж бардамнан хэлэх айзамд тэд бие биенээ сайхнаар урлаж байдаг. Урд урдаасаа харж суугаад учрыг хэлэлцэх, учирлан аргадах, ухааруулж ойлголцох бүрдээ бие биенийхээ сэтгэлд уусан шингэж байдаг. Ѳѳрийн хайртай хүнээ бусдын нүдээр бус зѳвхѳн ѳѳрийн нүдээр л хардаг, түүнийхээ зүрх сэтгэлийн шаналлыг зѳвхѳн чи л сонсож чаддаг, юу ч дуугарахгүй байлаа ч хэлэх үг, хийх үйлдлийг нь урьдчилаад мэдэрч байхдаа та нар бие биенээ бүтээснээ мэдэрдэг. Холдоод жаахан удахдаа бие биенээ санан уйтгарлаж, энэ амьдралд түүний орон зай ямар их болохыг мэдэрч байна гэдэг ямар гайхамшигтай гээч. Уулзахад сэтгэл нь дүүрээд л түүндээ баясан инээх гэдэг ямар сайхан гээч. Хамтдаа байхдаа аз жаргалыг жинхэнээр нь мэдэрч байна гэдэг ямар их завшаан гээч.

Нийтлэлч Г.Галбадрах

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.