Эрүүл мэндээ хамгаалах түлхүүр таны гарт атгаатай байдаг

2019-05-7 Нийтлэл

Нэг жишээ

Бидэнд дэлхийн гиннесийн амжилтад бүртгүүлэх нэг боломж бий. Та хамгийн сүүлд мянган тэмээ уралдуулж гиннесийн амжилтад бүртгүүлсэн, мөн 108 метр урт эсгий аравч хийсэн. Өөр юу билээ гэх зэргээр бодож байна уу. Одоо бүртгүүлэх амжилт их энгийн. Энэ нь Монголын өрх бүрт албан бус “эмч” бий гэх өвөрмөц амжилт юм. Өөрөөр хэлбэл, толгой өвдөх, гэдэс мушгих зэрэг ойр зуур бүх өвчний үед ихэвчлэн тухайн өрхийн эзэгтэй “онош” тавьж, эм тан өгөх албан бус “эмч”-ийн үүргийг гүйцэтгэдэг. Тийм ч учраас манайд эмийн хэрэглээ хамгийн өндөр байдаг билээ. Орон сууцны хороололд хамгийн олон үйлчилгээний төвөөр хүнсний дэлгүүр тодорч, үүний араас эмийн сан маргаангүй жагсана. Гэтэл эмийн хэрэглээ хамгийн их атал аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх дадал, үзлэгт хамрагдах байдал хамгийн бага байгаа нь асуудлын гол зангилаа юм.Уг нь иргэн бүр аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, амьдралын зөв дадалтай байж, шинжилгээнд тогтмол хамрагддаг бол эмийн хэрэглээ буурна. Харин манайхан эсрэгээр нь хийнэ. Нэг үгээр хэлбэл, эмчид үзүүлж, зөв дадал хэвшүүлж, шинжилгээнд тогтмол хамрагдахын оронд өвдсөн үед албан бус “эмч” ээж, эмээ, эгч зэргийн зөвлөгөөгөөр эм уух дадлыг хэвшүүлээд байна.

Дахин нэг жишээ

Эрүүл мэндийн салбарын хөгжлийн тухай ярихад манайхны ихэнх нь хүчтэй шүүмжилдэг. Эмч мэргэжилтнүүдийг дэлхийн зэрэгт хүргэж мэргэшүүлэх хэрэгтэй, тоног төхөөрөмжийн хүчин чадал, хүрэлцээг нэмэгдүүлэх ёстой, эмнэлгийн барилга байгууламжийг сайжруулж үйлчилгээг чанаржуулах учиртай гэх зэргээр олон шүүмжлэлийг хөврүүлнэ. Мэдээж эрүүл мэнд гэдэг хамгийн үнэт зүйл тул төр засаг, энхийн манаанд зогсох “дайчид”-аас хүсэх хүсэлт хязгааргүй. Бас үл ханана. Гэхдээ эрүүл мэндийн салбарын хамгийн чухал зүйл бол өндөр технологийн тоног төхөөрөмж, дэлхийн чансаатай эмч мэргэжилтнүүд, уг салбарт хийж буй хөрөнгө мөнгө биш юм. Эрүүлийг хамгаалах гол тулгын гурван чулуу энэ биш үү. Өөр юу юм гэж гайхаж болох. Тийм ээ, энэ бүхнээс илүү чухал нэг зүйл бий. Энэ бол иргэн таны ухамсараар тэжээгдсэн тогтолцоо. Хэрэв та анхнаас нь эрүүл мэнддээ байнга анхаарч, үзлэг шинжилгээнд тогтмол хамрагдаж, эрүүл амьдрах зөв дадлыг хэвшүүлээд ирсэн бол өнөө цагт эмнэлэгт үзүүлэх хүмүүсийн урт дараалалд зогсож, эмч “царайчилж”, эмчлэх тоног төхөөрөмж нь алга хэмээн гасалж суух магадлал бага юм. Гашуун боловч үнэн нь энэ. Монголд олон хүн “хэнэггүй” явж байгаад эцсийн шатанд орсон хорт хавдрын өмнө тулж, үнэтэй аппаратын дараалалд зогсож, гадагшаа эмчлүүлэх гэж мөнгөний эрэлд гарч байгаа нь нууц биш. Тиймээс та мэргэшсэн эмч, үнэтэй тоног төхөөрөмж, төр засагт найдахаасаа өмнө өөртөө эхлээд найд. Өөртөө анхаарал халамж тавьж, эрүүл мэндээ хамгаалах зөв тогтолцоонд нэгд.

Баримт юу өгүүлэв

Та дээрх жишээнүүдээс манай иргэдийн дунд нийтлэг дадал болсон, заримдаа байх ёстой үзэгдэл мэт хэвшсэн дутагдлуудыг харсан биз. Магадгүй та ч эдгээр дутагдлаас өөртөө агуулсан байж болох юм. Гадаадын кинонууд дээр эрүүлсайхан шүдтэй залуу шүдний эмчид үзүүлэх цаг авах, мөн гэр бүлийнэмчдээ үзүүлэхээр зорин очиж буй дүр дүрслэлийг олонтаа харсан биз. Үүнийг үзээд юун ч ямбатай юм, өндөр хөгжилтэй баян орны хүмүүс тэгэх байх зэргээр боддог ч энэ бол манай эрүүл мэндийн салбарт нутагшуулах хамгийн чухал тогтолцоо юм. Ингэж байж эрүүл мэндийн салбарын өвчлөлийн байдлын тухай нарийвчилсан мэдээлэл хуримтлагдаж, түүнд суурилж дүн шинжилгээ хийж, бодлого тодорхойлох боломж бүрдэхээс гадна хувь хүний эрүүл мэндийн зардал хэмнэгдэж, болзошгүй эрсдэлүүд хумигдана.

 

…Энхрий үрсийнх нь шүдийг жилдээ нэг удаа ч болов үзлэгт оруулчихдаг бол хэчнээн их буян тарих бол оо. Хамт олон дундаа багахан уралдаан зохион байгуулж эрүүл мэндийн зөв дадлыг хамгийн сайн хэрэгжүүлсэн хүнийг тодруулж мялаадаг бол тун сайнсан. Эрүүл мэнд эрхэм баян гэдэг.  Энэ эрдэнийг хамгаалах түлхүүр таны гарт атгаатай байгааг бүү мартаарай. Өөртөө, эрүүл мэнддээ багахан цагийг зориул. Амьдрал таньд үй түмэн гайхамшигт гэнэтийн бэлгүүдийг бэлдсэн юм шүү. Бүгдийг нь нээж үзэхийн тулд та эрүүл байх хэрэгтэй.


Дээрх тогтолцоог бэхжүүлэх томоохон жишээгээр “Элэг бүтэн монгол” үндэсний хөтөлбөрийг дурдаж болно. Манай улсад элэгний өвчлөл, хорт хавдар гамшгийн хэмжээнд хүрээд байна. Өдөрт долоон хүн элэгний өвчнөөс болж нас барж байгаа тухай “Оном” сангийн тэргүүн Д.Наранбаатар хэлсэн нь уг өвчин хэрхэн гамшиг тарьж буйг гэрчлэх хангалттай ганц баримт юм. Хэдхэн хоногийн өмнө эрүүл саруул явж байсан хүн хорт хавдрын сүүлийн шатанд орж, эмчилгээгүй гэсэн гашуун хариу сонсож байгаа тохиолдолтой цөөнгүй таарсан. Үнэхээр харамсалтай дүр зураг билээ.Уг өвчин гамшигт вирусээс үүдэлтэй. Ялангуяа, В Д вирусын халдвар яван явсаар ихэвчлэн нас хэлбийх үед элгийг хатууруулж, ажиллагаагүй болгож байна. Тийм ч учраас “Элэг бүтэн монгол” хөтөлбөрөөр өнгөрсөн онд 40-65, энэ онд 15-39 насны залуусыг шинжилгээнд хамруулахаар болсон нь тун мэргэн шийдвэр байлаа. Гэхдээ уг ажил зөвхөн төр засаг, эмч мэргэжилтнүүдийн хүсэл сонирхолоор бүрэн хэрэгжихгүй. Гол нь иргэдийн идэвхи чухал. Дээр улиг болтол нуршсан тогтолцооны үр нөлөө одоо л энд гарах ёстой.

Энгийн зүйлээс аз жаргал цэцэглэнэ

Хөтөлбөрт хамрагдахад уг нь их энгийн. Харьяа өрхийн эмнэлэг, заасан лабораториудад ганц, хоёрхон цагийн зав гаргаад шинжилгээгээ өгнө. Шинжилгээгээр вирустай гарлаа гээд сэтгэлээр унаж болохгүй. Мөн вирусгүй гарсан гээд баярлаад гүйгээд алга болчихож болохгүй. С вирус илэрвэл эмэн эмчилгээнд хамрагдаж, эрүүл болох хэрэгтэй. Хэрэв вирусгүй гарвал В вирусын вакцинд яаралтай хамрагдаж, өөрийгөө бүрэн дархлаажуулаад ав. Мөн цаашид халдвар авах эрсдэлтэй хүчин зүйлсээс өөрийгөө хамгаалах мэдлэгтэй болоорой. Түүнчлэн, эрүүл мэндийн хувийн даатгалуудыг ч сонирхоод үзэхэд гэмгүй. Эрүүл мэнддээ хийсэн хөрөнгө оруулалт заавал үр өгөөжөө өгдөг. Үүнийг баталгаатай хэлье. Энэ энгийн ухамсарт үйлдэл эрүүл мэндийн салбарт үгүйлэгдэж байгаа тогтолцоог бэхжүүлэх амин сүнс билээ. Зөв дадлыг бий болгож, эрүүл мэнддээ хэдхэн цагийг зарцуулсны төлөө та ямар том бэлэг авч байгаагаа ухамсарлах ёстой. Магадгүй шинжилгээний хариу таны хүссэнээр гарахгүй байж болно. Гамшигт вирус таньд аль эрт үүрлэсэн байж мэднэ. Тэглээ гээд та сэтгэлээр унах хэрэггүй. Вирусыг сэдрээх зүйлсээс сэргийлэх мэдлэгтэй бол, боломжит эмчилгээг эрэлхийл. Ингэвэл давуу боломж бий болох нь гарцаагүй.
Өнгөрсөн онд шинжилгээнд 40-өөс дээш насныхан идэвхитэй хамрагдсан байдаг. Энэ насныхан эрүүл мэнддээ илүү анхаарал хандуулж ирдэг зуршилтай холбоотой. Харин энэ онд залуу үеийнхэн шинжилгээнд идэвхигүй хамрагдах байдал ажиглагдах болсон. Мөн л залуу байхад бүх юм болж бүтэх мэт сэтгэдэгтэй холбоотой. Тэгвэл мөн чанар нь залуу байх тусам таны эрүүл мэнд үнэтэй. Мөн залуу үеийнхэнд эрүүл мэндээ хамгаалах дадал, тогтолцоог хэвшүүлж чадвал ирээдүйд жинхэнэ үр дүнг амсах болно. Тиймээс хариуцлагатай байхыг залууст уриалж байна.
Ер нь эрүүл мэндийн тогтолцооны хамгийн чухал үр дүнгийн нэг нь хүн бүрийг тэгш хамарч байх явдал юм. Хүн баян ядуугаас үл хамаарч үзлэг оношлогоонд тогтмол хамрагдаж, зөв дадлыг бий болгож байх учиртай. Манайд энэ боломж нь бүрэн нээлттэй бий. Тухайн хүн өөртөө хайртай, эрүүл мэндээ боддог, үр хүүхдийнхээ төлөө анхаардаг бол эмчийн зөвлөсний дагуу тогтсон хугацаанд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдахад гараад байх зардал үгүй. Харин хэнэггүй явсаар өвдсөн хойно мөнгөтэй нь өндөр төлбөртэй эмчилгээ хийлгэж, гадаадыг зорьж, мөнгөгүй нь өөрт байгаа хязгаарлагдмал хувь тавилантайгаа эвлэрч үлдэх нь маргаангүй үнэн билээ. Хэдийгээр эрүүл мэнд хувь хүний асуудал мэт боловч та Монгол хэмээх Улсыг бүрдүүлж буй нэг эд эс. Та эрүүл байж гэмээн улс гүрэн хөгжин дэвшиж, өөдлөн урагшлах болно. Тийм ч учраас эрүүл мэнддээ анхаарах нь хувийн хариуцлагаас гадна эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг юм.
Уг нийтлэлээр төр засгаас хариуцлага нэхэхийг хүссэнгүй. Мэдээж төр засаг асар том үүрэг хариуцлага хүлээж ажиллаж байгаа. Үүнийг дагасан алдаа оноо, дутагдал олон бий. Гэхдээ эрүүл мэндээ хамгаалах үндэс нь хувь хүнд байдаг. Тиймээс хүн бүр хичээх ёстой билээ.

Компаниуд эрүүлийг хамгаалах үйлсэд шамдацгаая

Эцэст нь аж ахуй нэгжүүдэд бяцхан уриалга хүргүүлж байна. Компаниуд шинэ жил, эмэгтэйчүүд, эрчүүдийн баяр гэх зэргээр өдий төдий тэмдэглэлт өдрүүдээр хамт олноо баярлуулах гэж өч төчнөөн зардал мөнгө гаргадаг. Тэгвэл хамт олныхоо эрүүл энхийн төлөө тийм зардал гаргаж чаддаг уу. Ихэнхдээ үгүй гэсэн хариулт энд давамгайлна. Хамт олныхоо дунд улиралдаа нэг удаа амьдралын зөв хэвшил, эрүүл мэндээ хамгаалах дадлын тухай бяцхан сургалт явуулчихдаг. Ажилчидаа нэгдсэн байдлаар шинжилгээнд хамруулчихдаг. Энхрий үрсийнх нь шүдийг жилдээ нэг удаа ч болов үзлэгт оруулчихдаг бол хэчнээн их буян тарих бол оо. Хамт олон дундаа багахан уралдаан зохион байгуулж эрүүл мэндийн зөв дадлыг хамгийн сайн хэрэгжүүлсэн хүнийг тодруулж мялаадаг бол тун сайнсан. Эрхэм баян эрүүл мэнд гэдэг. Эрүүл байхад бүх зүйл болно гэж хөгшид хэлдэг. Юутай үнэн үг вэ. Энэ эрдэнийг хамгаалах түлхүүр таны гарт атгаатай байгааг бүү мартаарай. Өөртөө, эрүүл мэнддээ багахан цагийг зориул. Амьдрал таньд үй түмэн гайхамшигт гэнэтийн бэлгүүдийг бэлдсэн юм шүү. Бүгдийг нь нээж үзэхийн тулд та эрүүл байх хэрэгтэй.

Г.Батзориг

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.