Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин Увс аймгийн Түргэн сумын Рашаант багийн малчин Ж.Бат-Өлзийнд бууж, ахуй амьдрал, өвөлжилт болон хурдан морь, унаач хүүхдийн талаар хөөрөлдлөө.
-Сайхан өвөлжиж байна уу, мал сүрэг тавтай юу. Хэдэн малтай вэ?
-Тавтай сайхаан. 1000 гаруй малтай.
-Танай үүгээр цас багатай байна шүү дээ.
-Харин тийм. Манай өвөлжөө энэ жил өнөтэй, намраараа шахам. Одоо цас орвол эвгүйтнэ. За бас гуравдугаар сард цас дарчихгүй бол болох нь тэр.
-Цаг одооноос нэлээд тавирах мэдээтэй байгаа. Хоёрдугаар сард 5-7 градус хүртлээ дулаарах урьдчилсан тандалт гарсан нь нэлээд бодитой болов уу. Энэ жил хэдэн мал төллөх вэ?
-500-гаад төл авна даа. Хээл хаясан, хорогдсон юмгүй л байна. Манайх хадлан сайн авсан болохоор харьцангуй гайгүй байна шүү. Хадлан гараагүй сумдад бол өвсөө шувтраад хатуу байгаа сурагтай. Харин аймаг дээр улсаас өвс, тэжээл ирэх дуулдсан нь Та бүхэн авчирч байгаа хэрэг байж л дээ. Одоо яг цаг нь, үүнээс оройтвол дор орчихсон малыг хэчнээн тэжээгээд сэхдэггүй юм.
-Хэдэн хүүхэдтэй вэ, лав энэ хоёр жаал танайх уу?
-Энэ хоёр бага нь, том хоёр маань хичээлдээ орчихсон. Сургуулийн дотуур байранд амьдардаг. Багын дээдхийг долоотойд нь оруулна гээд энэ жил сургууль өнжөөчихсөн байгаа.
-Танайх морь уядаг уу?
-Уяна аа. Аймаг, сумандаа хурдлуулдаг юм.
-Хурдан морь унадаг хүүхэдтэй юү?
-Бий, бий. Манай хүүхдүүд өөрсдөө ч уначихдаг.
-Би сая Шадар сайдын хувьд бага насны хүүхдээр хурдан морь унуулж уралдуулахыг хориглосон тогтоол боловсруулж Засгийн газраар батлуулсан. Өвлийн уралдааныг хориглоод, хаврын тэргүүн сарын шинийн 3-наас тавдугаар сарын 1 хүртэлх хаврын уралдаанд хурдан морь унах уралдаанч хүүхдийн доод нас 12 байхаар заасан нь хэр санагдаж байна?
-Тэр зөв өө. Хүүхэд бэртэж гэмтэх нь наснаасаа их шалтгаална. 12-той хүүхэд ядаж тэнцвэртэй болчихдог.
Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗАР
Өчигдөр
Өчигдөр
2024-10-24
2024-10-24
87326
30237
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.