Монголын газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, доктор, профессор Ж.Цэвээнжавтай ярилцлаа.
-Газрын тос бол дэлхийн бүхий л улс үндэстнүүдэд стратегийн чухал бүтээгдэхүүнд тооцогдож байна. Манай улсын хувьд ч мөн ялгаагүй?
-Тийм ээ. Газрын тос бол манайд төдийгүй дэлхийн бүх оронд стратегийн бөгөөд эдийн засгийн суурь салбар гэж ойлгодог. Ер нь дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал евро, юаниар биш ам.долларын ханш, газрын тосны өсөлт, бууралтаар тодорхойлогддог. Монголд газрын тосны салбар үүсч хөгжөөд 76 жил болжээ. Энэ хугацаанд өөрсдөө шатахуун үйлдвэрлэж байсан түүх бий, мөн данц ганц импортын орон болж ч үзсэн. Одоо газрын тос олборлогч дэлхийн 33 дахь орон болоод явж байна.
-Дотооддоо газрын тос боловсруулж түлш үйлдвэрлэж байсан гэж үү?
-Үйлдвэрлэж байсан. Одоо ч үйлдвэрлэж байгаа. Жишээ нь Эрдэнэтэд 50 мянган тонн хийн конденсаторын үйлдвэр бий. Түүхий эдгүй учир зогсчихсон. Мөн хуванцар сав боловсруулаад түлш гаргадаг жижиг цех, үйлдвэрүүд энд тэнд байгаа юм билээ. Та нар байтугай мэргэжлийн бид энэ тухай нарийн мэдэхгүй байна. Хуванцар хайлуулаад автомашиндаа зуны дизель гаргадаг жижиг цех үйлдвэр байдаг юм байна.
Манай улс 1940-1960 оны хооронд газрын тос олборлож, боловсруулж говийн гурван аймгийн хэрэгцээг хангасан босоо тогтолцоотой байсан. Сүүлд 1963 онд оросуудын хийсэн тайлан байдаг. Тэр нь Монголын тосыг нэрвэл 10 копекоор литр бензин гарна. Оросоос тос нэмж аваад хольж, ахиухан үйлдвэрлэл явуулбал 9 копек болно. Харин Оросоос бензин авбал 4 копек гэсэн байдаг. Энэ нь тухайн эдийн засгийн утгаар Орос биднийг насан үүрд ивээн тэтгэж, ахан дүүсийн харилцаатай байх юм шиг санагдсан биз. Ингээд зах зээлийн нийгэм дөхсөн 1989 онд манай улс 864 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэсэн байдаг. Тэгсэн 1991 онд буюу хоёр жилийн дараа 234 мянган тонн болтол буурсан. Дөрөв дахин багассан гэсэн үг. Тухайн үед миний бичсэн зүйл байгаа. Тэр үед ам.доллар 400 орчим төгрөг байхад баруун бүс Увс, Ховд, Завхан зэрэгт бензиний үнэ 1000 төгрөгөөс илүү гарч байлаа. Энэ утгаараа Д.Бямбасүрэн, дараа нь П.Жасрай гуайн засгийн газрын үед эх орондоо үйлдвэр барья, газрын тосны хайгууль хийе гэж анх Америк, Австрали, Канадын компаниуд орж ирж байсан. Тэр үед П.Очирбат гуай ерөнхийлөгч байлаа. “Тэнгэрийн цаг” номонд байдаг юм. Говь-Алтай аймгийн нэг малчин газрын тосоо боловсруулж бензин үйлдвэрлэвэл би малаар хандив өргөе гэж байсан. Энэ нь 1992-1993 оны үе. Түүнээс хойш 20 гаруй жил өнгөрчээ.
-Гэвч өнөөг болтол үйлдвэр баригдсангүй?
-Тухайн үед хөдөөгийн малчин тэгж хэлсэн. Мөн бидний эрдэмтэн судлаач, багш нар газрын тосны салбарыг дотоодод хөгжүүлэх ёстой гэж үзсэн. Дэлхийн 200 орноос 30 гаруй нь өөрийн нөөцтэй. Тиймээс том давуу тал байна гэсэн үг. Ингээд аливаа салбарын хөгжилд хүний нөөц, боловсон хүчин чухал тул ШУТИС-д газрын тосны инженерийн анги нээсэн. Чиглэл чиглэлээр нь өнөөгийн байдлаар 1000 шахам мэргэжилтэн бэлтгэжээ. Түүгээр ч барахгүй 1991 онд Газрын тосны тухай хууль, 2005 онд Газрын тосны бүтээгдэхүүний хууль гарсан. Түүнчлэн, Монгол Улсад дэлхийн жишгээр газрын тосны салбарыг хөгжүүлэх учиртай мэргэжлийн агентлагийг байгуулж өгсөн. Гэвч манайх үйлдвэртэй бололгүй өдийг хүрлээ.
-Өнгөрсөн хугацаанд хэчнээн үйлдвэрийн төсөл яригдсан бэ?
-Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өөрчлөгдөх нь Монгол мэтийн жижиг оронд нэг их мэдрэмж муутай. Тиймээс түлш шатахууны үнэд нөлөөлж байгаа гол зүйл бол долларын ханш юм. Өөрөөр хэлбэл, жилд 700 саяас нэг тэрбум ам.долларыг гадагш өгч байна шүү дээ. Анх Зүүнбаянд 600 мянган тонны үйлдвэр байгуулья гэсэн. Дараа нь “Оюуны ундраа” компани Налайхад үйлдвэр байгуулахаар болсон. Мөн “Сод Монгол” компани Шандад үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн. Тэр болгонд эгэл жирийн биднээс эхлээд төрийн өндөрлөгүүд очсон. Нээлт хийсэн. Шав тавьсан. Тууз хайчилсан. Сүүлд Дархан, Дорнодод үйлдвэр байгуулна гэсэн. Миний мэдэхээр 7-8 үйлдвэрийн төсөл яригдсан. Би бүгдэд нь оролцсон. Гэвч нэг нь ч баригдсангүй. Үүнд хоёр шалтгаан байна гэж хардаг.
…Монголд газрын тосны үйлдвэр барьвал төр, олон нийтийн оролцоотой, мөн хөрш орнууд ч тодорхой хувьцаа эзэмшдэг паблик компани байх ёстой. Энэ бол маш зөв шийдэл. Яагаад гэвэл манайд үйлдвэр байгуулах гээд тус тусдаа зүтгэдэг. Тэнд Т.Намжим, энд “Оюуны ундраа” компани зүтгээд байдаг. Тэгвэл шатахууны асуудал жирийн айл өрхөөс эхлээд төр засгийн сайд дарга нарт бүгдэд нь хүртээлтэй. Тиймээс бүгдийнх нь оролцоог хангасан үндэсний үйлдвэр болгох боломжтой. Ард түмний хувьцаагаар босгосон, нээлттэй, олон нийтийн хяналтад суурилсан менежменттэй үйлдвэр байж болно. Өрөө төлөх гэж мөнгө цуглуулах бус бензиний үйлдвэр баръя гэвэл ард түмэн хандив өгнө гэдэгт итгэж байна. Хэрэв ингээд үйлдвэртэй болчихвол гадагшаа гарч байгаа тэрбум шахуу доллар үлдэнэ. Дотоодын бензиний үйлдвэр долларын ханшийг удирддаг болно шүү дээ.
Нэгдүгээрт, судлаач хүний өнцгөөс харж байгаагаар технологийн асуудал байна. Жишээ нь жилд 2 сая, түүнээс бага газрын тос нэрдэг технологи дэлхий дээр байхгүй. Эдийн засгийн хувьд ашиггүй гэж үздэг. Би Энэтхэгт очиж байсан. 19 үйлдвэртэй. Хамгийн багадаа 5-6 сая тонн тос нэрж байна. Хятад, Орос, Америк ч ялгаагүй их хэмжээний газрын тос боловсруулдаг технологитой. Тиймээс ингэж боддог. Хэрэв бид олборлосон тос дээрээ нэмээд гаднаас түүхий тос аваад жилд 5 саяын үйлдвэрлэл явуулчихвал Монголд нөгөөхийг чинь хийх газар олдохгүй. Хятад, Орос авахгүй. Тэгэхээр үүнийг би маш олон удаа хэлж байгаа. Монгол газрын тос боловсруулах дэлхий дээр байхгүй технологитой болох ёстой. Бид ийм технологитой болсноор олборлож байгаа бага хэмжээний газрын тос, өөрсдийн хэрэгцээндээ тохируулж өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх болно. Нэгэнт бидэнд 5-6 сая тонн биш, ганц хоёр сая тонн газрын тос боловсруулж дотоодоо хангах хэрэгцээ нь байгаа тул технологийн хувьд хэзээ нэгэн цагт хэрэгжих боломжтой. Дэлхийд ийм технологи байхгүй гэж сууж болохгүй. Төрийн бодлого үүнд чиглэх ёстой гэж боддог.
-Ер нь өнгөрсөн хугацаанд жилд хамгийн багадаа 2 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж байж сая эдийн засгийн хувьд ашигтай гэж хэлдэг байсан. Тиймээс дотоодод олборлож байгаа газрын тосны хэмжээ энэ дүнд хүрдэггүй. Гаднаас авна гэдэг ч ажил хэрэг бололгүй өдийг хүрсэн. Бага хэмжээний газрын тосыг өөрсдийн хэрэгцээндээ тааруулж боловсруулан шатахуун гаргах технологийн шийдлийг бид өөрсдөө хэрхэн олох ёстой вэ?
-Хийе гэвэл арга нь олдоно. Хийхгүй гэвэл шалтаг нь мундахгүй. Үүнийг монголчууд хийх ёстой. Хэрэв ийм технологи бүтээж чадвал алтаар хөшөө босгодоггүй юм гэхэд Нобелийн шагнал хүртэж магадгүй. Жишээ нь жүд, еврейчүүд дэлхийн хамгийн ухаантай үндэстэн гэдэг. Тэд ямар нэг уналтыг сэргэлтийн эхлэл болгосон. Түүнтэй адил технологийн шийдлийг бид олох ёстой. Өмнөх Засгийн газар газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний мөнгөөр 140 хүнийг гадагш явуулж сургасан байна. Үүний 14 нь ажилтай. Цаана нь 80 гаруй хүн ажилгүй байна. Үүний оронд 14 хүнийг технологийн шийдэл олох тодорхой чиглэлээр сургаж болно. Мэдэж болох бүх багш, эрдэмтэн нараас асуу, ийм технологи бүтээхийн төлөө суралцаад ир гэж явуулах ёстой. Яагаад гэвэл бидэнд өөр зам байхгүй. Хэзээ нэгэн цагт хүнээс хамааралтай амьдарна гэдэг хамгийн хэцүү.
-Үйлдвэр байгуулахад анхаарах хоёр дахь асуудал юу вэ?
-Хоёрдугаар асуудал бол Монголд газрын тосны үйлдвэр барьвал төр, олон нийтийн оролцоотой, мөн хөрш орнууд ч тодорхой хувьцаа эзэмшдэг паблик компани байх ёстой. Энэ бол маш зөв шийдэл. Яагаад гэвэл манайд үйлдвэр байгуулах гээд тус тусдаа зүтгэдэг. Тэнд Т.Намжим, энд “Оюуны ундраа” компани зүтгээд байдаг. Тэгвэл шатахууны асуудал жирийн айл өрхөөс эхлээд төр засгийн сайд дарга нарт бүгдэд нь хүртээлтэй. Тиймээс бүгдийнх нь оролцоог хангасан үндэсний үйлдвэр болгох боломжтой. Ард түмний хувьцаагаар босгосон, нээлттэй, олон нийтийн хяналтад суурилсан менежменттэй үйлдвэр байж болно. Өрөө төлөх гэж мөнгө цуглуулах бус бензиний үйлдвэр баръя гэвэл ард түмэн хандив өгнө гэдэгт итгэж байна. Хэрэв ингээд үйлдвэртэй болчихвол гадагшаа гарч байгаа тэрбум шахуу доллар үлдэнэ. Дотоодын бензиний үйлдвэр долларын ханшийг удирддаг болно шүү дээ.
…Зах зээл гэдэг чинь маргааш идэх гэж хоолоо тавьж хонодоггүй, өнөөдрөөр амьдардаг нийгэм. Иймээс манайх энэ эмзэг салбарт төрийн бодлогоо их зөв явуулах хэрэгтэй. Яаж явуулах вэ гэвэл үнэ тогтворжуулах зэрэг хошин шогоо боль. Юуны өмнө дэлхийн зах зээл дээр үнэ өсөх, буурах зэргээс үүдэж нөлөөлөл нь ард түмний амьдрал хүнд тусаад ирвэл төрөөс онцгой албан татвараа жаахан буулгах, өсгөх зэргээр зохицуулалт хийж болно. Энэ нь төрийн эрх. Түүнээс биш шатахууны үнийг нэмж, үнэ тогтсоны маргааш нь яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар зэрэг нь хуралддаг байж болохгүй.
-Төрөөс шатахууны үнийг тогтвортой барихын тулд онцгой албан татварыг бууруулах зэргээр боломжит хувилбаруудыг авч байна. Гэхдээ Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар 2030 он хүртэл нефтийн ханш өсч 80 ам.долларт хэлбэлзэх бололтой. Одоо бол 55-60 ам.доллар байна. Энэ нь онцгой албан татварын зохицуулалтаар шатахууны үнийг цаашид барихад хүндрэл учрахыг харуулж байх шиг?
-Өнгөрсөн хугацаанд төр үнэ тогтворжуулна гэх нэрийдлээр маш буруу шийдвэр гаргасан. Тэртээ тэргүй ашигтай явж байгаа газрын тосны бүтээгдэхүүний салбарт 192 тэрбум төгрөг өгсөн. Яагаад заавал бензинд өгөв. Мөнгө шаардлагатай бусад олон салбар байсан. Үүний цаана ашиг сонирхол байсан байж магадгүй. Хэрэв үнэхээр компаниуд нь дампуурах гээд байвал чаддаг нь энэ салбарт орог л доо. Өмнө нь дэлхийн газрын тосны үнэ 27 ам.доллар хүртэл буурч, хөрш зэргэлдээ Буриадад литр шатахуун монгол төгрөгөөр 1000 төгрөг байхад манайд 1600 төгрөг хэвээр байсан. Энэ ариун явдал уу. Өмнөх засгийн газрын агентлагийн нөхөр үүнийг их сонин байдлаар тайлбарласан.
Дэлхийн газрын тосны ханш 2008 оны үед 146 ам.доллар хүрсэн. Хамгийн доод тал нь 27 доллар боллоо. Өнөөдөр 50-60-ын хооронд хэлбэлзэж байна. Цаашид боломжит үнэ 80 орчим ам.долларт тогтож магадгүй гэсэн таамаг байна. Тэгэхээр энэ үнэ хөдөлж байг. Зах зээл гэдэг чинь маргааш идэх гэж хоолоо тавьж хонодоггүй, өнөөдрөөр амьдардаг нийгэм. Иймээс манайх энэ эмзэг салбарт төрийн бодлогоо их зөв явуулах хэрэгтэй. Яаж явуулах вэ гэвэл үнэ тогтворжуулах зэрэг хошин шогоо боль. Юуны өмнө дэлхийн зах зээл дээр үнэ өсөх, буурах зэргээс үүдэж нөлөөлөл нь ард түмний амьдрал хүнд тусаад ирвэл төрөөс онцгой албан татвараа жаахан буулгах, өсгөх зэргээр зохицуулалт хийж болно. Энэ нь төрийн эрх. Түүнээс биш шатахууны үнийг нэмж, үнэ тогтсоны маргааш нь яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар зэрэг нь хуралддаг байж болохгүй. Зүгээр хаячих хэрэгтэй. Ингээд хаячихаар ард түмний амьдрал хэцүүднэ гэж хүмүүс ойлгоод байна. Миний ойлголтоор бол аливаа зүйл гольдирлоороо явж байж зүгшрэнэ. Өөрийгөө жигдэрүүлэх онол гэж байна.
-Төрөөс онцгой албан татварын хувьд багахан зохицуулалт хийгээд бусад үед шатахууны үнийг компаниудад нь даатгаад хаях ёстой гэсэн үг үү. Байдал улам хүндрэх юм биш үү?
-Магадгүй зах зээлийн эхэн үед Д.Бямбасүрэн, Да.Ганболд зэрэг хүмүүсийн элгээр нь унагах бодлого зөв байсан. Одоо бол унахаас айгаад байдаг. Тэгвэл өвөл өнгөрч, хавар дулаан цагт үнийг нь бүр чөлөөлчих. Тэд үнээ нэмэг. Ард түмэн шатахууны үнэ нэмэгдэхээр нийлүүлэгч талтай биш төртэй яриад байна шүү дээ. Төр хамаа байхгүй. Харин шатахууны үнэ өссөнөөр иргэд нийлүүлэгч тал буюу компаниудтай ярьж эхлэнэ. Та нар арай хэтэрч байгаа юм биш үү гэнэ. Нөгөөдүүл нь долларын ханш өсөөд шатахууны үнэ нэмэгдсэн гэж тайлбарлах байх. Ингэхээр бидэнд хоёр арга зам үлдэнэ. Нэг нь мөнгөө олоод бензин авах. Нөгөөх нь машин унахгүй байх. Ер нь сая гаруй хүнтэй Улаанбаатарт машин унан гэхээс илүү нийтийн тээвэр сайхан үйлчилж байна.
Бензиний үнийг чөлөөтэй тавьбал 3000, магадгүй 5000 төгрөг хүрнэ. Лав л 10 мянга хүрэхгүй. Ингээд ирэхээр хүмүүс юм бодно. Нэгдүгээрт, нефть импортлогчид дундаас нь юм “шомбодоод” байна гэж үзвэл өөрөө бензинээ авахаа бодно. Жишээ нь төмөр зам, Эрдэнэт, МИАТ яагаад өөрсдөө түлшээ авдаггүй юм. Нефть импортлогч компаниудаар дамжуулж авдаг. Энэ нь малчны хотоос сүүгээ шууд авах, эсвэл гурав дамжуулаад Улаанбаатарын лангуун дээрээс авахад үүсэх ялгаатай ижил юм. Энэ нэг асуудал. Нөгөөх нь хуульд байгаа. Дотоодын бензиний үйлдвэр байгуулах тохиолдолд гааль, тоног төхөөрөмж, бусад татвараас чөлөөлсөн байдаг. Тэр хүмүүс юм бодож эхлэнэ. Хэцүү байдалд шахагдаад ирэхээр өөрсдөө үйлдвэрлэхийг бодно. Хүмүүс ч үйлдвэр байгуулахыг шахаж эхэлнэ.
Сая янз бүрийн шалтгаан хэлж байна. Би эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд байдаг. Монгол Улс 332 сая тонн түүхий тосны нөөцтэй. Үүнээс хэмжигдсэн нөөц нь 43 сая тонн. Гэхдээ 80 сая болгох боломжтой. Тэгэхээр манайх жилдээ хоёр саяыг боловсруулна гэвэл 20 жилийн нөөц байна. Гэтэл жилд үйлдвэрлэж байгаа тосны хэмжээ хүрэхгүй, нөөц бага гэж яриад байдаг. Үүнийг бодлогоор шахчих хэрэгтэй. Үйлдвэр барьвал хамгийн таатай нөхцөл бүрдүүлж өгдөг тогтолцоог бий болгох хэрэгтэй. Ийм юм л хиймээр санагддаг. Яг зах зээлийн зарчим руу орох хэрэгтэй.
Г.Батзориг
14 цагийн өмнө
16 цагийн өмнө
17 цагийн өмнө
17 цагийн өмнө
Өчигдөр
87385
30525
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.