Валютын ханшийн савалгаанаас болж төгрөг, ам.долларын зээл алийг нь авсанаас үл хамаарч аж ахуй нэгжүүд ихээхэн хүнд байдалд ороод байна. Зарим нь нефть бүтээгдэхүүн импортлогч компаниуд руу хорслын нүдээр харж “Эд нар яагаад орж ирсэн хамаг валютын нөөцийг биднээс ялгаатай ханшаар, хамгийн түрүүнд хамах ёстой юм” хэмээн бухимдацгааж байна. Өнөөгийн байдлаар орж ирсэн валютын нөөцөөс хамгийн эхэнд нефть импортлогч компаниудын хэрэгцээнд нийлүүлж, үлдсэнийг нь бусад салбарын хэрэгцээнд зориулж байна. Ингэхдээ нефть импортлогчид ам.долларыг тогтмол ханшаар худалдан авч байгаа юм. Тодруулбал, нэг ам.долларыг 1470 орчим төгрөгөөр авч байна. Энэ тухай Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч О.Орхон “Өнөөдөр томоохон хэмжээгээр валют оруулж ирж байгаа нь Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой хоёр л байна. Сардаа нийлээд 40-50 сая ам.доллар оруулж ирдэг. Үүний ихэнх хувийг нефть импортлогчид шууд худалдаад авчихаж байна. Үлдсэнийг нь импортын бусад үйл ажиллагаа, барилгын материал, идэж уух, өмсөж зүүх зүйлд гарч байна” хэмээн хэлсэн. Үнэхээр л бусад аж ахуй нэгжүүдийн өмнүүр дараалал дайрч, мөн зах зээлийн ханшаас бараг 1000 төгрөгөөр хямд худалдаж аваад байхаар бизнес эрхлэгчдийн атаархал, уур хилэн бадрах нь гарцаагүй.
Гэхдээ нефть импортлогчдын уг давуу боломжийг үгүй хийвэл юу болох вэ. Товчхондоо, манай улс дампуурна. Хэрэв нефть импортлогчид ам.долларыг 1470 бус өнөөгийн ханшаар ам.доллар худалдан авч байсан бол шатахууны үнэ хамгийн багадаа 50 хувиар өсөх байлаа. Литр нь 1660 төгрөгийн ханштай байгаа А-92 шатахуун 2500 төгрөг хүрснээр эдийн засагт ямар гамшиг авчирахыг төсөөлөхөд төвөгтэй. Тээвэр, түлш шатахуунаас хамааралтай бүх бизнес, худалдааны өртөг өсч, үүнийг дагаад бараа бүтээгдэхүүний үнэ эрс нэмэгдэнэ. Гэтэл манайд тээвэр, шатахуунаас хамааралгүй бизнес, худалдаа байхгүй гэхэд болно. Нөгөөтэйгүүр, нефть импортлогчдоос орж ирж буй валютын нөөцөөсөө хармалвал тэд зах зээл дээр ам.долларын эрэлтийг үүсгэж, ханшийн савалгааг улам ихээр бий болгох эрсдэлтэй. Тиймээс нефть импортлогчид ам.долларын нөөцөөс давуу эрхтэйгээр авч зарцуулж байгаа нь өнөөгийн цаг үед хүлээн зөвшөөрөхөөс аргагүй нөхцөл байдал юм. Харин ч эдийн засгийн хямралын улмаас уул уурхайн салбар “дуг нойрондоо дугжирсан” тул шатахууны хэрэгцээ буурч, түүний дагаад ам.долларын эрэлтийг багасгаж байна.
Улиг болсон үйлдвэрийн төслүүд биелэлээ олох уу
Энэ бүхнээс манай улс дотооддоо нефть боловсруулах үйлдвэр байгуулах нь ямар чухал болохыг харж болно. Ганц өгүүлбэрээр хэлбэл, үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалахад шийдвэрлэх үүрэгтэй салбар хэмээн тодорхойлж болохоор байна. Нефть боловсруулах үйлдвэртэй болсноор зөвхөн дотоодын шатахууны хэрэгцээгээ хангаад зогсохгүй олон талын үр нөлөөтэй. Мэдээж нефть бүтээгдэхүүний импортод зарцуулах валютын урсгал зогсоно. Түүгээр ч үл барам авто замын салбарт ихээхэн хэмжээний ам.долларыг хэмнэх, зардлыг бууруулах бололцоотой. Тухайлбал, авто замын хатуу хучилтад битум буюу нефть боловсруулах үйлдвэрээс гарсан шаарыг ашигладаг. Манайд нэг км зам барих зардал ихээхэн өндөр байдаг нь гаднаас дээрх бүтээгдэхүүнийг импортолдогтой холбоотой. Энэ мэтээр нефть боловсруулах үйлдвэр барих ач холбогдлын тухай олон зүйлийг дурдаж болох ч хамгийн гол үүнийг ажил хэрэг болгох нь чухал юм. Өнгөрсөн хугацаанд нефть боловсруулах үйлдвэр барих чиглэлээр хувь, хувьсгал нийлсэн 10 гаруй үйлдвэрийн төсөл яригдсан боловч нэг нь ч биелэлээ олоогүйг сануулах нь зүйтэй.
Монгол төрийн ам, ажил хоёр зөрдөггүй байсан бол энэ жил бид будаг нь ханхалсан шинэ нефть боловсруулах үйлдвэртэй байх байлаа. Өөрөөр хэлбэл, өмнөх Засгийн газар “Дархан-газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК-ийг байгуулж, Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны урт хугацаатай 700 орчим сая ам.долларын зээлээр, түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр үйлдвэр барина хэмээж байв. Тухайн үед Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр “Монгол, Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр”-т гарын үсэг зурж, уг хөтөлбөрт газрын тосны үйлдвэр хамтарч барихаар баталгаажуулсан тухай мэдээлсэн. Тухайн үед эдийн засаг харьцангуй тааламжтай байсан бол үйлдвэр байгуулах ажил бүтэмжтэй байх магадлалыг эрс өсгөсөн юм. Төлөвлөгөө ёсоор үйлдвэр энэ онд баригдсан байх учиртай. Гэвч энэ ажил лөөлөө болсон. Хамгийн сүүлд Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат 2020 он гэхэд нефть боловсруулах үйлдвэртэй болно хэмээн мэдэгдсэн. Жилийн өмнө түүний хэлж байсан энэ үг хотын утаанд замхараад алга болжээ. Ингээд хамгийн сүүлд буюу өнгөрсөн хоёрдугаар сард Шийдлийн Засгийн газар Хэнтий аймгийн Бор-Өндөрт нефть боловсруулах үйлдвэр байгуулна хэмээн мэдэгдсэн ч сонгуулийн шуурганд цохиулж сураг алдарсан.
Ингээд дахин нэг шинэ үйлдвэрийн чимээ гарлаа. Энэтхэгийн Засгийн газрын нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар газрын тос боловсруулах үйлдвэрийг санхүүжүүлэхээр болсон тухай Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдэгдсэн. Урьдчилсан байдлаар 1.5 сая тонн газрын тос боловсруулж, евро-4, 5 стандартын шаардлага хангасан 560 мянган тонн авто бензин, 670 мянган тонн дизель түлш, 107 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж. Мөн үйлдвэр ашиглалтад орсноор газрын тосны бүтээгдэхүүний импорт 1 тэрбум ам.доллараар буурна. Ингэснээр валютын гарах урсгал 20, ам.долларын ханш 18-25 хувиар буурна гэж тооцсон байна. Гол нь үйлдвэрийн тооцооллыг урьтал болгохоос илүү үнэхээр төлөвлөсний дагуу барих эсэхийг дахин дахин тодруулах шаардлага байна. Мөн шахаж шаардах хэрэгтэй байна. Магадгүй эрдэмтэн судлаач, эдийн засагчид нэгдэж Энэтхэгийн хөрөнгө оруулалтаар барих газрын тосны үйлдвэрийг төлөвлөсөнд хугацаандаа амжилттай ажил хэрэг болгоход шахалт үзүүлэх хөдөлгөөн өрнүүлэх бололцоотой.
Манай улсын газрын тосны баталгаат зэрэглэлийн нөөц 332.6 сая тонн. Гэхдээ ашиглалтын баталгаат зэрэглэлийн нөөц (олборлолт явагдаж байгаа гурван ордын нөөц) 43.2 сая тонноор хэмжигдэж байна. Уг нөөцөөр дотоодын хэрэглээг 40 орчим жил хангах бололцоотой. Цаана нь дахиад 20 орчим хайгууль хийгдэж байгаа талбай бий. Эдгээрээс нөөц илэрвэл үйлдвэрлэлд ашиглах баталгаат нөөцийн хэмжээ өсөх бололцоотой. Харамсалтай нь манай улс энэ үнэт баялгаа түүхийгээр нь урд хөрш рүү экспортолсоор байна.
Эх сурвалж: Newsmedia.mn
87326
30230
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.