H-2A болон H-2B ангиллын виз мэдүүлэгчдэд англи хэлний мэдлэг шаардахгүй

2018-01-19 Гадаад харилцаа

АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яамнаас улирлын чанартай болон хөдөө аж ахуйн салбарт ажиллах зөвшөөрөл олгодог H-2A болон H-2B визээр 2018 онд тус улсад нэвтрэх боломжтой орнуудын тоонд Монгол Улсыг оруулсан билээ. Өчигдөр /2018.01.18/-өөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн дээрх журамтай холбогдуулан Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамны Тэргүүн консул Жейсон Спеллберг өнөөдөр /2017.01.19/ мэдээлэл хийлээ.

АНУ дахь ажил олгогч нь хүсэлт гаргаж, улмаар тус улсын Хөдөлмөрийн яамнаас уг ажилд тохирох ажиллах хүч дутмаг болохыг баталсан хөдөлмөрийн сертификат буюу гэрчилгээ авах ёстой. Тэрхүү баримтад тулгуурлан визний зөвшөөрөл олгогддог байна. Тодруулбал, H-2A виз нь хөдөө аж ахуйн салбарт АНУ-ын ажиллах хүч дутагдалтай байгаа үед гадаадын иргэдийг тус улсад түр хугацаанд хөдөө аж ахуйн ажил хийлгэхээр авчрахыг зөвшөөрдөг байна. Харин H-2B виз нь хөдөө аж ахуйгаас бусад салбарт ажиллах хүч дутагдалтай түр хугацааны эсвэл улирлын чанартай ажил гүйцэтгэхээр АНУ-д зорчих гэж буй хүмүүст хамаарах юм.

Н-2А визний тухайд ажиллах хүчний квотын хязгаарлалт байхгүй. Харин Н-2В виз нь хязгаарлалттай.

Манай улсын хувьд 2018 оны жагсаалтад багтсан ч Н-2В визний тухайд ирэх гуравдугаар сарын 1-нээс хойш виз мэдүүлэх боломжтой гэнэ. Харин Н-2А визийг хэдийд ч мэдүүлэх боломжтой ажээ. Харин энэхүү хоёр ангиллын виз мэдүүлэгчдэд англи хэлний мэдлэг шаарддаггүй байна.

Дашрамд тодотгоход, АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яамнаас жил бүр H-2A, H-2B ангиллын визээр нэвтрэх боломжтой орнуудыг хэлэлцэн баталдаг. Монгол Улсын хувьд энэ журам 2018 оны нэгдүгээр сарын 18-наас 2019 оны нэгдүгээр сарын 18 хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөх юм.

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.