“Цагаан үхэл”-д дурлагсад залуужиж байна

2017-03-20 Нийгэм

Өнгөрсөн онд 109 гэмт хэрэгт 224 хүн холбогджээ

Дэлхий нийтийг түгшүүрт автуулаад байгаа “Цагаан үхэл”-д дурлагсдын тоо гуравхан сая хүнтэй манай улсад жилийн жилд нэмэгдсээр байна. Манай улсын хүн амын ихэнх хувийг залуус эзэлдэг гэх тоон баримт бий. Гэтэл ардчиллын салхитай хаяалан буусан хар тамхины хэргийн эзэн холбогдогчдын дийлэнх хувийг мөн л залуус эзэлж буй нь гүн эмгэнэлтэй.

Манай улсын тухайд, өнгөрөгч 7-ны өдөр Засгийн газраас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталсан билээ. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээнд тавих хяналт, хууль бус эргэлт, хэрэглээтэй тэмцэх, таслан зогсоох, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоох замаар урьдчилан сэргийлэх, донтсон хүнийг сайн дурын болон албадан эмчлэх нэгдсэн тогтолцоо бий болох юм. Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн тоо буурна гэж үзэж байгаа. Түүнчлэн хүүхэд, залуучууд, иргэд олон нийтийн хувьд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг дээшилж, нөхөн үржихүй, хүн амын удмын санг хамгаалах нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж буй.

Харин энэ төрлийн гэмт хэргийн үзүүлэлтийг тодруулбал, сүүлийн 10 гаруй жилд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, улсын хил нэвтрүүлсэн хэрэг 388 удаа бүртгэгдэж 1112 хүн шалгагджээ.

Манай хууль эрх зүйн орчны хувьд буюу Монгол Улсын Эрүүгийн хуульд энэ төрлийн гэмт хэргийн зүйл заалтуудыг тодорхой заасан байдаг. Зүй нь ийм гэмт хэрэг нь нууц далд аргаар үйлдэгддэг. Хулгайн хэрэгтэй адилхан хохирогч нь би эд зүйлсээ алдчихлаа гэж цагдаад бүртгүүлдэг гэмт хэрэг биш юм. Тиймээс мэргэжлийн ур чадвар илүүтэй шаарддаг байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт сайжирч байгааг холбогдох мэргэжилтнүүд тодруулж буй юм. Дээрх бодисыг хилээр нэвтрүүлэх арга, хэлбэр улам нарийсч, олон улсын шуудан илгээмж, цахилгаан бараа, ахуйн болон хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүнд нуух, бусдад дайх хэлбэрээр илгээх, товлосон газарт нууж үлдээх, төлбөр хийхдээ бусдын дансыг ашигладаг болсон гэдгийг албаныхан онцолж байна. Тодруулбал, 2014 онд 62 гэмт хэрэгт 144 хүн холбогдож байжээ. Харин 2015 онд 79 гэмт хэрэгт 169 хүн холбогдож байсан бол 2016 оны эхний арван сарын байдлаар 109 гэмт хэрэгт 224 хүн холбогдож тоон мэдээ жил ирэх тусам өссөөр байгаа аж. Харин хүлээлгэдэг хариуцлагын хувьд үйлдэгдэж байгаа хэлбэрээсээ хамаарч өөр өөр ялын төрөлтэй. Энэ төрлийн гэмт хэрэгт дээд тал нь 25 жил хүртэлх хэмжээгээр хорих ял оногдуулдаг байна.

Манай улсад хар тамхины түүхий эд ургадаг гэсэн мэдээлэл бий. Энэ талаар холбогдох албаныхан “Ер нь Монгол Улсын нутаг дэвсгэрт Байгаль орчны яам, Хууль зүй дотоод хэргийн яам, ЦЕГ хамтраад 2015 онд судалгаа хийсэн. Судалгаагаар нийт 15 мянга орчим га газарт энэ төрлийн ургамал ургадаг юм байна гэсэн дүн гарсан. ЦЕГ-ын санаачлагаар энэ төрлийн ургамалыг устгах ажиллагааг 2013, 2014, 2015 онд хийсэн. 2016 оны хувьд төсөв мөнгө байхгүй учраас ургамалыг устгах, шатаах ажлыг хийгээгүй. Устгалын тухайд цагдаагийн байгууллага бол энэ ургамалыг устгах мэргэжлийн байгууллага биш. Тухайн үедээ ХХААХҮЯ-наас нь зөвлөмжийг нь аваад ажлыг хийж байсан. Хоёр  төрлийн аргаар устгал хийдэг юм билээ. Нэг дэх арга нь үндэстэй нь гар аргаар түүж авсныхаа шатааж байгаа юм, нөгөөх нь химийн аргаар бодис  цацаад устгадаг арга бий. Бодис цацаж устгах нь их хэмжээний мөнгө хөрөнгө шаарддаг учраас хоёр дахь аргыг нь тэр бүр хэрэгжүүлээд байх боломжгүй. Хүүхэд залуусын мэдээд түүгээд байгаа газруудын тухайд 500-1000 орчим га газрын өвсийг устгаж байсан. Энэ төрлийн өвсийг гурван жил дарааллан устгаж чадах юм бол дахиж ургадаггүй юм байна гэсэн эрдэмтдийн судалгаа байсан учраас түүний дагуу гурван жил тодорхой газруудын өвсийг устгасан. Ер нь бол энэ төрлийн өвс ургадаг газрыг иргэдэд ногоо тарь гээд өгчих юм бол ногоогоо тариалахын тулд өвсийг устгадаг ч гэдэг юм уу сайн аргууд байсан. 2016 оны байдлаар төсөв мөнгөгүйн улмаас энэ төрлийн ажил зогссон учраас өвстэй холбоотой гэмт хэргийн гаралт өссөн” гэсэн мэдээлэл өгч буй юм.

Харин нийт хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм, бодисын хэчнээн хувь нь гаднаас буюу хилээр орж ирж байгаа талаар тодруулбал, 2015 онд 79 гэмт хэрэг илрүүлснээс найм нь Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн байна. Харин өнгөрөгч онд 109 гэмт хэргийн 16 нь манай хилээр нэвтрүүлснийг илрүүлж шалгажээ. Цагдаагийн байгууллагад энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүмүүсийн насны мэдээлэл байдаг. Насжилтын хувьд 2015 оын байдлаар 79 хүн холбогдсоноос 18 насанд хүрээгүй 10 хүн холбогдон шалгагдаж байжээ. 19-25 насны 87 хүн, 26-35 насны 58, 35-аас дээш насны 14 хүн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдсан. 2016 онд 18 нас хүрээгүй 6 хүн. 19-25 насны 113 хүн, 26-35 насны 72 хүн, 35-аас дээш насны 33 хүн нийт 224 хүн шалгагдсан байна.

Түүнчлэн энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой хамгийн тулгамдсан асуудал бол хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлд донтсон хүмүүсийг эмчлэх, эмнэлгийн байгууллага нь манайд маш дутмаг байдаг. Манай улсад үйл ажиллагаа явуулж буй ганц байгууллага нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн харьяа Наркологийн төв юм.  Гэвч олон улсад донтогчдод зориулсан тусгай стандарт бүхий эмчилгээний төв гэж бий. Ийм стандартад нийцсэн төв монголд алга. Тиймээс дээр дурьдсан хөтөлбөрийн хүрээнд ийм төв байгуулах, эмчилгээний стандартыг бий болгох, мэргэшсэн эмнэлгийн ажилтнуудыг ажиллуулах нь чухал юм.

А.Уянгаа

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.