Захын хороолол

2020-04-24 Амрах агшин

 

 

Их сургуулийн социологийн профессор оюутнуудаа Балтимор хотын захын хороолол уруу явуулж 200 эрэгтэй хүүхдийн амьдралыг судалж, түүн дээрээ тулгуурлан ирээдүйг нь таамаглах даалгавар өгчээ. Оюутнууд ч судалгаагаа сайн хийсэн бөгөөд ихэнх нь эдгээр хүүхдүүдийн ирээдүйг бүрхэгээр тодорхойлсон байв.
Энэ судалгааг хийснээс яг 25 жилийн дараа өөр нэг профессор дээрх судалгааг архиваас олжээ. Ингээд мөн оюутнууддаа даалгавар өгөн тэр үед судалгаанд хамрагдсан хүүхдүүд одоо чухам юу хийж байгааг судалж ирэхийг хүсэв. Гэтэл маш сонирхолтой хариу гарчээ. Тэр үеийн оюутнуудын таамаглаж байснаас эсрэгээр нь хүүхдүүд асар их амжилтад хүрсэн байлаа. Судалгаанд хамрагдсан 200 хүүхдээс 20 нь шилжсэн бөгөөд үлдсэн 180 -ын 176 нь инженер, эмч, өмгөөлөгч, юмуу эсвэл хувийн компанийн захирал болжээ.

Энэ байдал профессорын анхаарлыг татсан тул хэсэг ажиглалт хийн, заримтай нь уулзаж, заримыг нь хуучин хөршөөс  нь асууж байлаа. Хүүхдүүд бүгд энэ хорооллынх учир үлдсэн хүмүүс ч удам судраар нь бүгдийг таньж тэдний талаар мэдээлэл өгч байв. Ингээд мөнөөх 200 хүүхэдтэй бүгдтэй нь холбоо барьж уулзсан бөгөөд тийм хүнд хэцүү нөхцөлд хэрхэн амжилтад хүрсэн талаар нь асуухад бүгд ганц л хариулт өгч байлаа. Тэр ганц хариулт нь “Манай сургуульд нэг багш байсан юм. Түүний ачаар бид өдий зэрэгтэй байна даа”.

Үүнийг сонссон Профессор тэр багшийг олж уулзахыг маш их хүсэв.  Энэ багш хүүхдүүдэд яаж хандаж байсан юм бол? Яасан мундаг юм бэ? Чухам яаж хандаж байсныг нь мэдэж аваад Боловсролын яаманд хандаж бүх багш нартаа хүргэх юмсан… гэж тэсэн ядаж хайж сурагласаар багшийг олжээ. Багшийн нүүр нь үрчийж хөгширсөн ч ануухан бөгөөд хөнгөн шингэн өөдрөг сайхан хүн байв. Ингээд профессор түүнээс  захын хорооллын хүүхдүүдийн амжилтад хүргэсэн гайхамшигт арга барилыг нь асуухад  багш инээмсэглэн “Маш энгийн. Би ердөө л тэднийг хайрласан” гэж хариулжээ.

А.Уянга

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.