Хэлний мэдлэггүй иргэд бүртгүүлж цагаа бүү үрээрэй

2017-03-6 Мэдээ, мэдээлэл

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл өнөөдөр орон даяар эхэллээ. Бүртгэл   аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс дээр 6, 7 ,9-ний өдрүүдэд 08:30-12:30, 13:30-17:30 цагийн хооронд явагдана.

Энэ жил БНСУ-д гэрээгээр ажиллах нийт 8000 иргэн бүртгэж, 1500 иргэнийг сонгон шалгаруулахаар болжээ. Тиймээс  иргэдийн босго оноо өндөр байх тул дунджаас дээш түвшиний мэдлэгтэй иргэдийг бүртгүүлэхийг Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтнүүд зөвлөж байна. Огт хэлний мэдлэггүй иргэд цагаа дэмий үрэх хэрэггүй гэв.

БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдэд захиргааны шийтгэл оногдож байгаагүй, ял эдэлж байгаагүй, эрүүл байх, 18-39 настай (1977 оны гуравдугаар сарын 7-ноос 1999 оны  гуравдугаар сарын 6-ны хооронд төрсөн, Солонгос улсаас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй, Монгол Улсаас  гарах эрхээ хязгаарлуулаагүй байх гэсэн шаардлага тавьжээ. Мөн бүртгүүлэхдээ заавал цахим үнэмлэх аль эсвэл гадаад паспорттойгоо ирэх юм. Учир нь иргэний үнэмлэхний лавлагаатай ирсэн иргэдийг буцааж байгаа аж. Шалгалтын хураамж болох 24  ам.долларыг Төрийн банкны 102100514449 тоот дансанд төлж, баримтаа хуулбараар бус эх хувиар нь өгөх юм. Нэг зүйл анхааруулахад, төлбөрийг зөвхөн бүртгэлийн хугацаанд буюу 2017 оны гуравдугаар сарын 6, 7 ,9-ний өдрүүдэд төлсөн байх учиртай. Хэрэв бүртгүүлэгч зайлшгүй шалтгаанаар бүртгэлээ цуцлах бол зөвхөн бүртгэлийн хугацаанд буюу энэ сарын  06-09-ний өдрүүдэд шалгалтын хураамжийг буцаан олгох юм.  Бүртгэлийн дараа хураамжийг буцаан олгохгүй бөгөөд нөхөж бүртгэхгүй.

БНСУ-д ажиллах хүч бүртгэл эхэлсэнтэй холбоотойгоор байгууллага иргэдийн хооронд зуучлах нэрийдлээр иргэдээс их хэмжээний мөнгө залилах оролдлого гарах болжээ. Хэрэв ийм тохиолдолтой таарвал  баримтжуулж холбогдох цагдаа, хууль хүчний байгууллагад хандахыг сануулж байна.

Бүртгүүлэхээр ирэхдээ дараахи бичиг баримтыг бүрдүүлж ирэх юм байна.

  • Бүртгэлийн маягт
  • Бүртгэл явагдах газраас иргэдэд үнэгүй олгоно.
  • Бүртгэлийн маягтыг англи хэл дээр гаргацтай, дармал үсгээр бичих ба овог нэр, төрсөн огноо, бичиг баримтын дугаар зөрөхгүй байх;
  • Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  • 3,5 х 4,5 см хэмжээтэй 2 хувь өнгөт цээж зураг (Сүүлийн 6 сарын дотор авхуулсан байх)
  • Шалгалтын хураамж төлсөн баримт

А.Уянга

<

Өнөөдрийн онч үг

7 цагийн өмнө

© 2023 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.