Хятад улс экспортоо хумиж байна
Хятад улс дэлхийн газрын ховор элементийн зах зээлийн эрэлтийг бараг 100 хувь хангадаг. Тэгвэл урд хөрш 2014 оноос газрын ховор элементийн экспортын хэмжээгээ 50 орчим хувиар бууруулахаар шийдвэрлэсэн нь олон улсад хүнд байдал үүсгэв. Учир нь орчин үеийн дэвшилтэт техник технологийн үйлдвэрлэлийг газрын ховор элементгүйгээр төсөөлөх боломжгүй юм. Ер нь сүүлийн жилүүдэд Хятад улс газрын ховор элементийн экспортын хэмжээгээ бууруулсаар ирсэн билээ. Энэ нь тус улс баялгийн нөөц, байгаль орчноо хамгаалах, дотооддоо нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлоготой нь холбоотой. Тухайлбал, тус улс газрын ховор элементийг боловсруулж ихэвчлэн исэл хэлбэрээр экспортолж ирсэн. Ийн боловсруулахад олон төрлийн маш хүчтэй химийн бодисыг их хэмжээгээр ашигладаг. Үүнээс хамаарч тус улсын байгаль орчин, хүн амд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл үүсдэг бөгөөд боловсруулсан бэлэн ислийг бусад орон худалдан авч, үйлдвэрлэл явуулан ашиг олж байгаа нь шударга биш гэсэн тайлбарыг ч хийж байсан удаатай. Харин бусад улс орон Дэлхийн худалдааны байгууллагад Хятадын экспортын түрэмгийлэлийг зогсоох шаардлага тавьдаг. Ялангуяа, өндөр технологи хөгжсөн Япон, Герман болон АНУ зэрэг орнуудад газрын ховор элементийн хэрэгцээ асар их байгаа юм. Тийм ч учраас эдгээр улс зөвхөн Хятадад найдах бус газрын ховор элементийн хэрэглээгээ хангах өөр эх үүсвэрүүдийг эрчимтэй хайж байна. Зарим орон өмнө нь ашиггүй хэмээн хаасан ордуудаа эргэж ашиглаж эхлэж байгаа юм.
Монгол олон улсын сонирхолыг татаж байна
Хэдийгээр манай улс дахь гадаадын хөрөнгө оруулалт бараг зогссон ч өндөр үйлдвэрлэл хөгжсөн улс орнуудын сонирхолыг манай улсын газрын ховор элементийн салбар хамгийн ихээр татаж байна. Тиймээс эдийн засгийн нөхцөл байдал сэргэж, хөрөнгө оруулалтын урсгал идэвхижвэл дээрх салбар руу хошуурах улс олон байна. Манай улс Герман, Япон зэрэг оронтой газрын ховор элементийн салбарт хамтран ажиллах эхлэлээ тавьсан бөгөөд зөвхөн дээрх хоёр улс бус Америк, Энэтхэг, Хятадын компаниуд ч сонирхож байгаа. Хятадын компаниудын хувьд манайхыг сонирхож буй шалтгаан нь тус улс зөвхөн том компаниуддаа лиценз өгөөд, жижиг компаниудаа шахаж байгаатай холбоотой юм. Тиймээс өмнө нь тодорхой хугацаанд ажиллаж хөрөнгө хуримтлуулсан, өөрийн технологитой компаниуд Монголыг сонирхох болжээ.
Тэгвэл манайд олон улсын сонирхолыг татах хэмжээний нөөц бий юу. Зарим судлаач манай улсыг Хятадын дараа орох хэмжээний арвин нөөцтэй гэдэг. Гэхдээ одоо судлагдсан мэдээллээс үзвэл манай улс газрын ховор элементийн нөөцөөр дэлхийд дөрөвдүгээрт жагсаж байна. Үүнд манай улс газрын ховор элементийн нөөцөө бүрэн тогтоогоогүйг дурьдах нь зүйтэй. Одоогоос 2-3 жилийн өмнө USGS-ээс гаргасан мэдээллээр дэлхийн хэмжээнд 110 сая тн газрын ховор элементийн оксидын нөөц байгаагийн 55 сая нь Хятадад, тусгаар улсуудын хамтын нөхөрлөлд 19 сая, АНУ-д 13 сая, Энэтхэгт 3,1 сая, Австралид 1,6 сая нь тус тус хамаарч байгаа аж.
Манай улсад харьцангуй сайн судлагдсан дөрвөн том орд бий. Өмнөговь аймаг дахь Мушгиа худагийн орд хамгийн их нөөцтэй байх боломжтой. Энэ орд дунджаар 1.4 хувийн агуулгатай 6.1 сая тонн газрын ховор элементийн оксидын нөөцтэй. Ханбогдын ордын эрдсийн агуулга дунджаар 0.3-4.5 хувь бөгөөд нөөцийг нь бүрэн тогтоогоогүй байгаа юм. Дорноговийн Лугийн гол худаг ордын хувьд дунджаар 3.2 хувийн агуулагатай 0.023 сая тонны нөөцтэй. Ховд аймгийн Халзан бүргэдтэйн орд дунджаар 0.3 хувийн агуулгатай 1.2 сая тонны нөөцтэй. Энэ нь Америкийн геологийн судалгааны 2002 оны тоогоор авсан мэдээлэл юм. Эдгээр тоонууд нь дээрх ордуудыг дэлхийн түвшний уурхай ордуудтай энэ зэрэгцэхүйц том болохыг харуулж байгаа аж. Үүнээс гадна газрын ховор элементийн 70 гаруй илрэл бий.
Манай улс газрын ховор элементээ ашиглах уу
Үүнд дээр янз бүрийн байр суурь байдаг. Ихэнх хүний хувьд газрын ховор элементийн салбарыг урантай адилтган үзэж, байгаль орчинд асар их хохирол учруулах эрсдэлтэй тул ашиглаад хэрэггүй гэдэг. Үнэхээр ч газрын ховор элементийг ашиглахад нарийн төвөгтэй. Энэ байдлаас үүдэж олон орон нөөц баялгаа ашиглахаа зогсоосон байдаг. Тухайлбал, газрын ховор элементийг боловсруулахад их хэмжээний химийн бодис шаардлагатай. Энгийн харьцуулалт хийвэл алтны хувьд нэг төрлийн химийн бодис шаардлагатай бол газрын ховорт 10 гаруй төрлийн химийн бодис ашигладаг. Энэ их химийн бодисыг импортоор авах хэрэгтэй бөгөөд ашиглачихаад буцаагаад гаргая гэвэл ямар ч улс орон авахгүй. Тиймээс дотооддоо саармагжуулах шаардлагатай болно. Үүнийг байгаль орчинд хор хөнөөлгүй шийдэхэд маш төвөгтэй байдаг аж. Манай улсад “Алт” хөтөлбөр хэрэгжиж, үүнтэй холбоотойгоор мөнгөн ус хэмээх ганц химийн бодисоос болж олон нутаг орон бохирдсон. Тэгвэл үүн дээр нэмээд дахин 10 гаруй төрлийн химийн бодис ашиглах асуудлыг сөхөөд ирэхээр ямар ч хүний толгойд тийм амар буудаггүй. Тиймээс газрын ховор элементийг ашиглах асуудлыг ойрын жилүүдэд сөхөөд дэмий гэсэн байр суурьтай байдаг.
Харин нөгөө талд газрын ховор элементийг ойрын хугацаанд ашиглаж эхлэхгүй бол бид боломжоо алдах эрсдэлтэй гэсэн хүмүүс бий. Ийн яаравчилж буй нь хэд хэдэн шалтгаантай. Тодруулбал, газрын ховорт 15 төрлийн элемент ордог. Үүн дээр иттрий, сканди нэмэгддэг. Гэхдээ эд бүгд жигд хэрэглэгддэггүй. Учир нь өмнөх технологи нь хоцорч өөр технологи гарч ирэхийн хэрээр элементийн хэрэглээ унах, эсвэл өсч байдаг байна. Тухайлбал, өмнө нь LCD дэлгэц өргөн ашиглагдаж байсан бол LED зурагт гарч ирсэн. Ингэснээр LCD дэлгэцэд ашиглаж байсан газрын ховор элементийн хэрэглээ LED дэлгэц гарч ирснээр буурч, өөр шинэ элементийн хэрэглээ нэмэгдэж байгаа юм. Тиймээс газрын ховор элементийг 10-20 жилийн дараа ашиглана гэх зэргээр төлөвлөхөд хэцүү. Тухайн үед нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж, хэрэглээ нь ямар байхыг тааварлах аргагүй хэмээж байна. Нөгөө талаас өмнө нь нэг грамм газрын ховор элемент ашигладаг байсан бол түүнийг дөрөв дахин багасгаж 0.25 грамм орох зэргээр шинэ технологиуд гарч ирж байна. Энэ нь газрын ховор элементийн хэрэглээг бууруулах талтай хэмээн болгоомжилж байгаа юм.
Мөн барууны орнууд Хятадын хамаарлаас гарахын тулд өмнө нь ашиггүй гээд хаасан ордуудаа эргээд нээж байна. Үүнд Австрали, Америкийн жишээг дурьдаж болно. Мөн Япон далайн гүнээс нөөц тогтоосон. Далайн түвшнээс 3500-6000 метрийн гүнд, Номхон далайн ёроолд хайгуулаар илрүүлсэн уг орд нь ойролцоогоор 80-100 тэрбум тонны нөөцтэй аж. Ихэнх судлаач далайн гүнээс газрын ховор элемент олборлох нь асар хүнд ажил бөгөөд ойрын хэдэн арван жилдээ биелэн хэмээн найдах хэрэггүй гэж хэлж байгаа ч тус улсын Засгийн газраас ойрын 5-10 жилийн хугацаанд тус ордыг ашиглаж эхлэнэ хэмээн мэдэгдсэн нь эргэлзээ төрүүлж байна. Хэрэв Японы засгийн газар амласан ёсоор 5-10 жилийн дотор тус ордыг ашиглаж эхлэж чадвал дэлхийн хэдэн зуун жилийн хэрэглээг хангах боломжтой болох юм. Өнгөрсөн жил дэлхийн газрын ховор элементийн нийт хэрэглээ 200-225 мянган тонн байсан юм.
Өнөөдөр газрын ховор элементийн зах зээл хэдэн зуун миллиард доллараар үнэлэгдэж байгаа бөгөөд энэ нь 2009-өөс 2010 оны дунд үе хүртэл дунджаар хоёр дахин өссөн. Цаашид өсөх хандлагатай байна. Тиймээс энэ их өсөлтийг Монгол Улс боломж болгон ашиглах ёстой хэмээдэг. Нөгөө талаас газрын ховор элементийг боловсруулахад маш нарийн технологи, өндөр ур чадвартай мэргэжилтнүүд шаардлагатай тул үүнийг дагаад манайд технологи, боловсролын салбар хөгжихийн сацуу үйлдвэрлэл өргөжин хэмээн тооцож байгаа юм.
Хууль эрхзүйн орчин ямар байна вэ
Дээрх бүх асуудлыг цэгцлэхийн тулд юуны өмнө төр газрын ховор элементийн салбарт баримтлах бодлогоо тодорхойлох ёстой хэмээн салбарынхан үздэг. Үүнтэй холбоотойгоор салбарын мэргэжилтнүүд Төрөөс газрын ховор элементийн талаар баримтлах бодлогын төслийг боловсруулсан билээ. Ажлын хэсэг нь хуучнаар Үндэсний хөгжил шинэтгэлийн хороон дээр төвлөрч байсан. Гэвч уул уурхайн салбарт баримтлах ерөнхий бодлого нь гараагүй байхад наана нь газрын ховор элементийг тусад нь салгаж бодлогын бичиг баримтыг батлах боломжгүй гэж үзсэн. Ингээд уул уурхайн салбарт баримтлах ерөнхий бодлого гарсан ч газрын ховор элементийг тусад нь онцолсон бодлого мөн л алга байна. Манайд тухайн салбарын өсөлт бий болох үед бодлогын асуудал яригддаг. Өөрөөр хэлбэл, уул уурхайн олборлолт, үйлдвэрлэлийн асуудал яригдаж эхлэх үед төр бодлого боловсруулахаар “ханцуй шамалдаг”.
Төрөөс газрын ховор элементийн талаар баримтлах бодлогын төсөлд тусгасан хамгийн гол асуудал нь боловсруулсан эцсийн бүтээгдэхүүн нь нийт салбарынхаа 60-аас доошгүй хувь байх явдал аж. Үүнийг ийн тодотгож байгаа нь дараах шалтгаантай. Олон улс манай орны газрын ховор элементийг олборлож, боловсруулж исэл болгочихоод түүнийг худалдан аваад нутагтаа эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх сонирхолтой байж болно. Өөрөөр хэлбэл, бидэнд хамаг хортой хаягдал нь үлддэг, гадны компаниуд нутагтаа эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд борлуулаад эрсдэлгүйгээр ашиг олоод явах боломжтой. Тиймээс энэ бүхнээс сэргийлэхийн тулд боловсруулсан эцсийн бүтээгдэхүүн нь нийт салбарынхаа 60-аас доошгүй хувь байх ёстой хэмээн бодлогын төсөлд суулгаж өгсөн байна. Ингэснээр бид газрын ховор элементийг боловсруулах явцад байгаль орчин талд эрсдэл хүлээх ч эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж олон улсад борлуулснаар өндөр ашиг хүртэх боломжтой байх юм. Мөн бодлогын төсөлд жижиг, хувиараа бичил маягаар олборлохгүй хэмээн тусгажээ. Зөвхөн цөөн, том хэмжээний олборлогч болон боловсруулагч компани орж ирнэ. Төр болон хувийн хэвшлийн хамтарсан маягаар ашиглана гэж тусгасан аж. Туршлагатай мэргэжилтнүүд “Төр гол нь хяналт тавих юм. Ингэснээр хариуцлагатай, туршлагатай цөөн тооны компаниар ашиглалт явуулж, түүнд нь төр хяналт тавихад илүү хялбар байна. Түүнээс биш олон компанид зөвшөөрөл өгвөл олон эрсдэлт дагуулах магадлалтай” хэмээж байна.
Бодлогын баримт бичиг батлагдахыг салбарынхан хүлээж байна
Уул уурхайн салбарт нэн яаралтай хийж хэрэгжүүлэх олон ажил байгаагийн нэг нь Төрөөс газрын ховор элементийн салбарт баримтлах бодлогыг тодорхой болгох асуудал юм. Учир нь нүүрс, зэс шиг ашиглаж эхлэснийхээ дараа бодлогоор зангидан гэвэл газрын ховор элементийн хувьд энэ нь боломжгүй. Яагаад гэвэл нүүрс, зэс зэрэг эрдэс бүтээгдэхүүн газрын ховор элементтэй харьцуулахад байгаль орчин, хөрөнгө оруулалт, технологи талаасаа ч эрсдэл багатай. Харин газрын ховор элементийн хувьд бүх эрсдэлийг анхнаас нь тооцож, төлөвлөн, бодлогоор зохицуулсан байх шаардлагатай.
Тухайлбал, газрын ховор элементийн салбарт хэд хэдэн төсөл эхлэсэн, олон хөрөнгө оруулагчид тус салбарыг сонирхон орж ирж байгааг дээр дурьдсан. Эдгээр компаниуд нэгэнт сонирхоод уг салбарт хөрөнгө оруулаад эхлэдэг, холбогдох газраас нь хайгууль болон ашиглалтын зөвшөөрлийг нь олгоод явдаг. Компаниуд ч олон улсын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт босгоод эхлэдэг. Гэтэл төр нэг өдөр манайх газрын ховор элементийг бусад эрдэс баялгаас онцгойлон авч үзнэ. Бид уг салбарт баримтлах бодлогоо тодорхойлсон. Үүний дагуу салбарын хувь заяа шийдэгдэх ёстой хэмээн зарлаад эхлэбэл өмнө нь хөрөнгөө гаргаад ороод ирсэн компаниудын зорилт, үйл ажиллагаатай зөрчилдөх эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, өмнө нь олон лиценз олгочихоод сүүлд “урт нэртэй” хууль гаргаж бид ийм ийм газруудад олгох ёсгүй байсан юм байна хэмээн бөөн зөрчил үүсгэсэнтэй адил нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй.
Сүүлийн үед Ховд аймагт газрын ховор элементийн хайгууль хийж буй компанийг нутгийн иргэд, сумын засаг захиргааныхан хүчтэй эсэргүүцэж байгаа. Орон нутгийнхан тухайн компанийг нутаг орондоо ажиллуулахыг эсэргүүцсэн бол компанийн зүгээс төрийн зохих байгууллагуудаас зөвшөөрөл авч, хуулийн дагуу ажиллаж байгаа хэмээж буй. Уг маргаан нь цаашид илүү хурц зөрчлийг үүсгэх магадлалтай. Тиймээс төрөөс анхнаас нь ийм бодлогоор явна хэмээн тодорхойлоод өгчихвөл компани ч эрсдэл хүлээхгүй, иргэд ч нэгдсэн ойлголттой болох юм. Ялангуяа, дэлхийн улс орнуудыг газрын ховор элементээр хүчтэй татаж буй Монгол Улс уг салбартаа баримтлах бодлогогүй сууж болохгүй юм. Бидэнд нүүрсээр жишээлэх маш том сургамж бий. Экспортын орлогод голлох жин дарж, нөөцийн хувьд арвин уг эрдэс баялагт төрөөс баримтлах бодлого тодорхойгүй явж ирсэний улмаас салбарын хувь заяа бүрхэг болоод байна. Төрийн өмчийн компани нь салбараа эзэгнэж, хямд үнээр нүүрсээ нийлүүлэх болсноор хувийн хэвшил уг орон зайгаас шахагдаж Монгол Улс хямралыг ажралгүй давах асар том боломжоо алдаж байна. Хэрэв нүүрс нь зэсийн орлогыг давж, хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн болохоос өмнө уг салбарыг бодлогыг яг таг тодорхойлж, түүгээр явсан бол улстөрчдийн идэш бололгүй жамаараа хөгжих байлаа. Үүнтэй адил газрын ховор элементийн салбарыг ч улстөрчдийн идэш болж, аливаа лоббинд хутгалдуулахаас өмнө бодлогыг нь тодорхойлох ёстой болжээ.
Г.Батзориг
7 цагийн өмнө
9 цагийн өмнө
10 цагийн өмнө
10 цагийн өмнө
Өчигдөр
87384
30521
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.