2020 он гэхэд элэгний В,С вирусгүй жишиг улс болох зорилт тавин ажиллаж буй Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан ажлын хэсэг Говьсүмбэр, Дорноговь аймагт ажиллалаа. “Элэг бүтэн Монгол” өдөрлөгийн хүрээнд Улсын төв III эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Геронтологийн үндэсний төв, Гранд мед эмнэлгийн эмч нар 2000 гаруй иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийж, зөвлөгөө мэдээлэл өгөв.
940 ГАРУЙ ИРГЭДЭД ҮЗЭЛЭГ ОНОШЛОГОО ХИЙЛЭЭ
Говьсүмбэр аймгийн 40-65 насны иргэдийн элэгний В,С вирусны эрт илрүүлгийн хувь 71-д хүрчээ. Шинжилгээнд хамрагдсан иргэдийн 16.7 хувь нь В, 10 хувь нь С вирустай гэж оношлогдсон байна.
Өдөрлөг тус аймгийн Боржигин чуулгын өмнөх талбайд болж, 940 гаруй иргэдийг 10.00-16.00 цагийн хооронд үзлэг, оношлогоонд хамруулж, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэв. Эмч, мэргэжилтнүүд нар элэгний хорт хавдарын сэжигтэй нэг, сүрьеэгийн дөрөв, уушигны хор хавдрын нэг тохиолдлыг илрүүлсэн байна.
Өдөрлөгийн үеэр аймгийн Нэгдсэн эмнэлэг т тарилгын болон шарлагын аппарат, вакцины халуун, хүйтнээ барьдаг сав, явуулын эмийн сан зэрэг аппарат, тоног, төхөөрөмж гардуулсан юм. Мөн Эрүүл мэндийн яамны жуух бичгээр Өрхийн эрүүл мэндийн төвийн Бичиг хэргийн ажилтан Ганбатын Оюунгэрэл, Баянцогт сумын эрүүл мэндийн төвийн жолооч Д.Зоригт, Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Э.Цэрэнтогтох, Нэгдсэн эмнэлгийн их эмч О.Оюун нар шагнагдсаныг Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат гардуулан өглөө.
Харин П.Ганчимэг, Баянцогт сумын Эрүүл мэндийн төвийн эмч Э.Хүрэлбаатар, Э.Хандмаа П.Дашцэрэн, Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга О.Одмандах, Нэгдсэн эмнэлгийн эмч Э.Сарнай нар Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдав. Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Эрүүл мэндийн салбарын дээд шагналуудыг хүртсэн Та бүхэндээ ажлын ажилт хүсч, баяр хүргэе. Эмч, эмнэлгийн ажилчид амралтын өдрөөр ч утсаа салгах эрхгүй, хүний төлөө зүтгэж явдаг билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад манай улс 2020 он гэхэд элэгний В,С вирүсгүй жишиг улс болох амлалт өгсөн. Бүх иргэдээ үе шаттайгаа энэ үзлэг, оношлогоонд хамруулж, эмчилгээний үр дүнг хянаж ажиллана. Тиймээс 40-65 насны иргэд В,С вирусны үзлэг оношлогоондоо даруй хамрагдахыг уриалж байна” гэсэн юм.
“ГРАНД МЕД”ЭМНЭЛЭГ ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ
Говьсүмбэр аймгийн эмч, эмнэлгийн ажилчидтай хийсэн уулзалтын дараа “Гранд мед”эмнэлгийн дарга Н.Гансүх тус аймгийн эмнэлгийн дарга нар яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэх баримт бичигт гарын үсэг зурлаа. Энэ талаар “Гранд мед” эмнэлгийн дарга, анагаах ухааны доктор Н.Гансүх хэлэхдээ, “Манай эмнэлэг үйлчлүүлэгчээ дээдлэх, чанарыг эрхэмлэх, аюулгүй тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэх гэсэн гурван зарчим баримталдаг. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд хувийн эмнэлгүүдээ төлөөлөн орон нутагт ажиллаж, иргэддээ эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна. Говьсүмбэр аймагт тулгарч байгаа асуудлын ноцтой нь эмнэлгийн хүний нөөцтэй холбоотой юм байна. Мэргэжлийн эмч дутагдалтай байдгаас хамаарч мэс засал хийхэд асуудал их үүсдэг гэж ярьж байна. Тиймээс “Гранд мед” эмнэлэг яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэхээр болж, сая гарын үсэг зурлаа. Улаанбаатар хот руу хоёр цагийн хугацаанд ирэх боломжтой учраас тус аймагт яаралтай тусламжийн үйлчилгээг манай эмнэлэг хурдан шуурхай, хүртээмжтэй үзүүлнэ” гэсэн юм.
ЭЛЭГНИЙ С ВИРҮСИЙН 13 ТОХИОЛДОЛ ИЛРҮҮЛЖЭЭ
“Элэг бүтэн Дорноговь” өдөрлөгийн хүрээнд Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Улсын 3-р төв эмнэлэг, Геронтологийн үндэсний төв, Арьсны өвчин судлалын үндэсний төв, АШУҮИС болон Гранд мед эмнэлгийн 20 гаруй нарийн мэргэжлийн эмч нар аймгийн төв талбайд үзлэг оношлогоо хийлээ. Өдөрлөгийн хүрээнд үзлэгт оношилгоонд нийт 1176 иргэн хамрагдсанаас сүрьеэгийн сэжигтэй тохиолдол тав, шинээр оношилгдсон хавдрын тохиолдол 11, хавдрын дахилттай тохиолдол хоёр, хавдрын үсэрхийлэлтэй тохиолдол нэг, элэгний С вирүстэй тохиолдол 13, элэгний В вирүстэй 10 тохиолдлыг тус тус илрүүлсэн байна. Өвчний тохиолдол илэрсэн иргэдэд дээрх эмнэлгүүд болон аймгийн Нэгдсэн эмнэлгээс эмчилгээнд хамруулах юм. Тэдэнд эмч нар зөвлөгөө мэдээлэл өгч, эмчилгээний талаар тайлбарласан байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ЖУУХ БИЧИГ, ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТНУУД ТОДОРЛОО
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Дорноговь аймгийн эрүүл мэндийн салбарынхантай уулзалт хийж, зовлон жаргалаа хуваалцлаа. Уулзалтын дараа Эрүүл мэндийн яамны жуух бичиг, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, цол тэмдэгээр шагнагдсан хүмүүст шагналыг гардуулж өгөв. Эрүүл мэндийн яамны жуух бичгээр аймгийн Эрүүл мэндийн газрын Нягтлан бодогч О.Нарангарав, сумын Эрүүл мэндийн төвийн дарга С.Чанцалдулам, Эрүүл мэндийн газрын удирдлага мэдээллийн хэлтсийн дарга Н.Насан-Өлзий, Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга Г.Сувдаа , Э.Уранчимэг нар шагнагджээ.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Мөнхбаясгалан, Зам-Үүдийн Нэгдсэн эмнэлгийн дарга Р.Болдбаатар, Өргөн сумын Эрүүл мэндийн төвийн дарга С.Адьяасүрэн, Нэгдсэн эмнэлгийн эмч Н.Мөнхцацрал, Эрүүл мэндийн төвийн мэргэжилтэн М.Нандинцэцэг нар Эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтан, цол тэмдэгээр шагнагдлаа.
Мөн “Интер мед” эмнэлэгт үйлчлүүлэх 100 мянган төгрөгийн эрх тав, Оргил рашаан сувилалд 50 хувийн хөнгөлөлттэй амрах эрхийн бичиг гурав, Өвөржанчивлан, Аржанчивлан сувилалд 10 хоног 100 хувь төлбөргүй амрах эрх тус тус нэгийг аймгийн Эрүүл мэндийн газрын даргад хүлээлгэн өглөө. Салбарын ажилчиддаа шагнал урамшуулал болгохыг хүслээ.
ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД 180 ЭМЧИЙГ МЭРГЭШҮҮЛЖ, ЭМЧЛЭХ ЭРХ ОЛГОЖЭЭ
Манай улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад 2020 он гэхэд хепатитийн вирусийн халдварын тархалтыг хязгаарласан, С вирусийн халдварын шинэ тохиолдлыг таслан зогсоосон, элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаантай нас баралтыг эрс бууруулах жишиг улс болно гэсэн амлалт өгчээ.
Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ 2017 онд 40-65 насны хүн амд, 2018 онд 15-39 насны хүн амд хепатитийн В, С вирүсийн илрүүлэг, оношилгоог хийх юм. Мөн онош нь тодорхой болсон иргэдэд эмчилгээг нарийн хяналттайгаар явуулснаар үр дүнд хүрнэ гэж тооцоолж байна.
Элэгний өмөн, хатуурлын улмаас манай улсад жилд дунджаар 2.600 хүн нас барж байгаа нь дэлхийн дунджаас зургаа дахин их тоо юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтарч хийсэн судалгааны дүнд манай улсад хепатитийн В,С вирусийн архаг халдвартай 400 мянга гаруй хүн байна. Тиймээс 400 мянга гаруй иргэдээ эмчлэхийн тулд улсын хэмжээнд анх 120 эмч бэлтгэж, элэгний эмчилгээ хийх эрх олгожээ. Сүүлд 50 эмч нэмж бэлтгэн, одоо улсын хэмжээнд энэ чиглэлээр мэргэшсэн 180 эмчтэй болсон байна.
Д.ОЧИРБАТ: 2000 ГАРУЙ ИРГЭДИЙГ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГЛӨӨ
( ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга )
“Элэг бүтэн Монгол” өдөрлөгөө гурав, дөрөв дэх аймагтаа зохион байгуулж, эрүүл мэндийн анхан шатны үзлэг, оношлогоог хийлээ. Өдөрлөгийн хүрээнд хоёр аймгийн 2000 гаруй иргэдийг үзлэгт хамруулж, мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлсэн. Газар дээр нь үзлэг, оношлогоо хийснээр хэд хэдэн хорт хавдар болон өвчтэй хүмүүсийг илрүүлж чадлаа. Мэдээж нэг өдөр бүх иргэдийг үзлэгт хамруулж чадахгүй ч тодорхой хэмжээний хүмүүст тустай үйлчилгээ боллоо гэж харж байна.
Эрүүл мэндийн Сайд, Дэд Сайд, Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг бүх аймагт очиж ажиллана. Эрт илрүүлгийн оношлогоо шинжилгээ дуусч, эмчилгээ эхлэхэд хянах, үүсч байгаа бэрхшээлүүдийг шийдвэрлэх, үр дүн хяналт тавих зэргээр дахин очихоор төлөвлөсөн. Иргэд маань эрүүл байвал эх орон тайван байна.
Ц.УРАНЧИМЭГ: ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДЭД АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАЛТ ЯВУУЛНА
(Арьсны өвчин судлалын үндэсний төвийн дарга)
Арьсны өвчин судлалын үндэсний төв “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд орон нутагт ажиллаж байгаа. Арьс , харшил, гоо заслын эмчилгээний гурван эмчийн бүрэлдэхүүнтэй баг Төв, Говьсүмбэр, Дорноговь аймагт ажиллаж, мэргэжлийн зөвлөгөө өглөө. Энэ хугацаанд 500 гаруй иргэдийг үзэж, ургамлын тоосны архаг харшилтай иргэдийг илрүүлсэн.
Арьсны өвчин судлалын үндэсний төв нь гурав дахь шатлалын эмнэлгийн хувьд орон нутгийн эрүүл мэндийн ажилтнуудад арьс , харшил, гоо заслын эмчилгээний мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх сургалт хийдэг. Тиймээс дээрх гурван аймгийн эмч, мэргэжилтнүүдэд ажлын байран дахь сургалтыг хамтран зохион байгуулахаар болсон. Мөн энэ жил зохион байгуулахаар төлөвлөсөн ажлууд бий.
Э.ОДМАА: 2000 ГАРУЙ ИРГЭДЭД ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ
(ХӨСҮТ-ийн Амбулаторийн тасгийн их эмч )
Төв, Говьсүмбэр, Дорноговь аймаг ажиллаж, нийт 200 гаруй иргэдэд В,С вирусийн илрүүлэг, илэрсэн хүмүүс вирусийн эсрэг эмчилгээнд хамрагдахын тулд ямар шинжилгээ өгөх, ямар шатлалаар хаана хандах талаар зөвлөгөө өглөө. Гурван аймагт ажиллахдаа 435 иргэдээс элэгний шинжилгээ авсаны 13-14 хувьд нь В,С вирус илэрсэн байсан. Жишээ нь, Дорноговь аймгийн хувьд шинжилгээ авсан 90 хүний 60 хувьд нь С, 40 хувьд нь В вирус байгаа нь илэрсэн.
Д.НЯМХҮҮ: ИРЭХ ОНООС 16-40, 65-ААС ДЭЭШ НАСНЫХНЫГ ОНОШЛОГООНД ХАМРУУЛНА
(Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал)
Монгол Улс элэгний өвчлөл, хаврын нас баралтаар дэлхийд, бүс нутагтаа дээгүүр орж байна.
Эхлээд В,С вирусийн илрүүлгэ хийгдэж, дараа нь эмчилгээний үе эхэлнэ. Яагаад 40-65 насныхныг онцолж шинжилгээнд хамруулж байна вэ гэхээр, энэ насныхны олонх нь тариураас болж вирусны халдвар авсан байдаг. Халдвар нь даамжирч, элэгний хатуурал, хорт хавдар үүсгэх эрсдэлтэй бүлэг юм. Харин бусад насныхныг ялгаварлан гадуурхаж орхих гээгүй. Ирэх оноос 16-40, 65-аас дээш насныхныг оношлогоонд хамруулна. Зарим аймгууд 65-аас дээш насны хүмүүсээ оношлогоонд хамруулаад эхэлсэн байна.
Б.Од
87430
30705
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.