Сууж өнгөрүүлсэн цаг бүр чихрийн шижингийн эрсдлийг нэмэгдүүлдэг

2018-04-24 Мэдээ мэдээлэл

Хэрвээ та бүхий л өдрийг ширээний ард сууж өнгөрүүлдэг бол чихрийн шижингээр өвчлөх эрсдлээ нэмэгдүүлж байна гэдгийг Голландын судлаачид  шинэ судалгаагаараа харуулжээ. Хүмүүс дунджаар есөн цагийн сууж, хэвтэж, идэвхгүй өнгөрүүлдэг байна. Энэ есөн цаг дээр нэмэгдсэн идэвхгүй цаг бүрт чихрийн шижингийн хоёрдугаар хэлбэрээр өвчлөх магадлал 22 хувиар нэмэгддэг нь харагджээ. Өдөрт хэдий чинээ их сууна төдий чинээ өвчний эрсдэл нэмэгддэг нь 2500 хүнийг хамруулсан судалгаанаас харагдсан бөгөөд өдөржин суугаад орой нь эрчимтэй хөдөлгөөн хийсэн ч төдийлэн үр дүнд хүрэхгүй гэдгийг ч олж мэджээ.

Суугаа амьдралын хэв маягтай хүмүүс, тухайлбал, оффисын ажилтан,  таксины жолооч, онгоцны нисгэгч мэтийн байнгын суугаа нөхцөл шаарддаг ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс дунд чихрийн шижин өвчин түгээмэл байгаа нь дээрх судалгааны дүнг баталж байгаа юм. Ийм идэвхгүй хэв маяг сахарын өвчнөөс гадна хүзүү, нурууны өвчлөл, таргалалт, хорт хавдар, гээд олон өвчний эх үүсвэр болж байгаа юм.

Тиймээс Английн нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс  оффисын ажил хийдэг хүмүүсийг өдөрт дор хаяж хоёр цагийг хөл дээрээ зогсч, хөдөлж өнгөрүүлэхийг зөвлөдөг болсон. Үүний тулд албан байгууллагууд ажлын ширээгээ суудаг биш босч зогсоход тохиромжтой өндөр болгох шаардлага ч байгаа юм.

Б.Номун

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.