Д.Баярболд: Ковидын вакциныг улирлын томуугийнх шиг хийх эсэх асуудал яригдаж байгаа

2022-09-29 Эрүүл мэнд

 

Коронавируст халдварын эсрэг вакцин нэвтрүүлсний дараах үнэлгээний урьдчилсан тайланг танилцуулах уулзалт өнөөдөр болсон.

Энэ үеэр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “Монгол Улс 2021 оны хоёрдугаар сараас эхлэн иргэдээ коронавирусийн эсрэг вакцинаар дархлаажуулж эхэлсэн. Ингэхдээ дөрвөн улсад үйлдвэрлэсэн нийт найман сая гаруй хүн тун вакциныг оруулж ирж, дархлаажуулалтад хэрэглэсэн.

Одоогоор зорилтот бүлгийн хүн амын 87 хувь нь коронавируст халдварын бүрэн тунд хамрагдсан үр дүнтэй байна. Мөн оны наймдугаар сараас иргэдийг гуравдугаар тун буюу нэмэлт тунгаар дархлаажуулж эхэлсэн бөгөөд одоо гурав, дөрөв дэх нэмэлт тунг хийж иргэд сайн дураараа вакцины цэгүүд дээр хийлгэж байгааг хэлье. Түүнээс гадна энэ оны наймдугаар сараас эхлэн 5-11 насны хүүхдүүдийг вакцинжуулалтын бүх цэгээр дархлаажуулж байна. Одоогийн байдлаар 3000 орчим хүүхэд коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагдсан бөгөөд зарим хүүхэд хоёр дахь тунгаа хийлгээд явж байгаа. Ер нь цар тахлын дэгдэлт нутагшмал байдалд шилжиж байна гэж үзэж буй. Иймд цаашид уг вакцин нь жил бүр хийдэг улирлын томуугийн вакцин шиг болох уу, үгүй юу гэдэг асуудал яригдаж байгаа. Харин коронавирусийн эсрэг вакциныг товлолт вакцин шиг хийнэ гэсэн шийдвэр гараагүй. Энэ бол тухайн халдварын тархалт, нөхцөл байдлаас хамаардаг асуудал” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.