С.Энхболд сайд БНАЛА-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2022-09-7 Мэдээ мэдээлэл


Монгол-Лаосын Засгийн газар хоорондын комиссын монголын хэсгийн дарга, Эрүүл мэндийн сайд С.Энхболд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Батлан хамгаалах, Аюулгүй байдлын байнгын хорооны дарга, Үндэсний Ассамблейн дахь Лаос-Монголын Парламентын бүлгийн дарга Др. Вонсаг Пантавонг тэргүүтэй төлөөлөгчдийг Эрүүл мэндийн яаман дээр хүлээн авч уулзав. Тус уулзалтад Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Бямбасүрэн, Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох, Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл, Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа нар байлцав.

Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд Монгол, Лаосын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн мэндийг дэвшүүлэв.

Монгол Улсын Их Хурлын урилгаар манай улсад зочилж буй БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлэв.

Сайд С.Энхболд Монгол-Лаосын Засгийн газар хоорондын комиссын монголын хэсгийн даргаар ажилладаг болохын хувьд Засгийн газар хоорондын комиссын өмнөх хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар товч танилцуулж, улмаар энэ оны 12 дугаар сард Вьентьян хотноо зохион байгуулагдах ээлжит XII дугаар хуралдааны үеэр хэлэлцэх зарим асуудлын талаар санал солилцов.

БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Батлан хамгаалах, Аюулгүй байдлын байнгын хорооны дарга, Үндэсний Ассамблейн дахь Лаос-Монголын Парламентын бүлгийн дарга Др. Вонсаг Пантавонг хэлэхдээ хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн үеэр айлчилж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хоёр улсын хооронд эрүүл мэндийн салбараас гадна хөдөө аж ахуй болон боловсрол, соёл шинжлэх ухааны салбарт тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлж байгааг онцлон тэмдэглэв.

Мөн тэрбээр БНАЛАУ-ын КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал болон тус улсад дэгдэж буй хумхаа өвчний нөхцөл байдлын талаар товч танилцуулав.

Уулзалтын төгсгөлд хоёр улсын эв найрамдлын бэлэг тэмдэг болсон, Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар байгуулсан БНАЛАУ-ын Сиенхуанг муж дахь “Найрамдал” эмнэлгийн үйл ажиллагааг дэмжиж, боловсон хүчнээр ханган өгч, тогтмол анхаарал хандуулж дэмжлэг үзүүлж ирсэн Монгол Улсын үе үеийн Эрүүл мэндийн сайд болон Эрүүл мэндийн яамны хамт олонд талархал илэрхийлэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.