Д.Болд: Эрээн хотоос эхний 15 чингэлэг нарийн ногоо ирсэн. Импортыг тасалдуулахгүй

2022-06-13 Нийгэм


Эрээн хотод коронавирусийн халдвар гарч, хатуу хөл хорионы дэглэм тогтоогоод буй. Үүнээс үүдэн хилийн боомтоор дамжих ачаа тээврийн асуудал ямар нөхцөл байдалтай байгаа тухай Гадаад Харилцааны Яамнаас мэдээлж байна.

Гадаад харилцааны яамны Хилийн хэлтсийн дарга Д.Болд “Зургаадугаар сарын 2-нд Хятадын талд коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэн учир энэ өдөр авто замын боомтоор чингэлэг орж ирээгүй. Зургаадугаар сарын 3-нд Луут завины баярын өдөр байсан тул Замын-Үүд-Эрээн боомт амарсан. 4-нөөс эхлээд Хятадын талтай бүх түвшинд харилцаж ажилласны дүнд боомтын үйл ажиллагааг тасалдуулахгүй явуулж чадлаа.

Зургаадугаар сарын 4-8-ны хооронд өдөрт дунджаар 30-40 чингэлэг уг боомтоор орж ирсэн. Энэ сарын 9-нөөс хэвийн байдалд орж, өнгөрсөн дөрвөн хоногийн хугацаанд Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор боомтоор 75 чингэлэг орж ирж байна.

Хятадын талаас манай хүсэлтийг хүлээн авч Эрээн-Хао Ган жимс, нарийн ногооны терминалаас ачилт хийж эхэлснээр нарийн ногоо тээвэрлэсэн эхний 15 вагон зургаадугаар сарын 11-нд орж ирсэн. Цаашдаа уг боомтын үйл ажиллагааг тогтворжино гэсэн найдлага тавьж байна.

Зургаадугаар сарын 13-ны 09:00 цагийн байдлаар Эрээн хотод халдварын 456 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний 240 нь шинж тэмдэггүй болохыг Эрээн хотын Шуурхай Штабын албан ёсны мэдээ гарсан. Халдварын шинэ голомт үүсээгүй, тусгаарлагдсан иргэдээс гарч байгаа гэсэн мэдээлэл өгсөн. Сүүлийн гурван хоногт шинээр голомт үүсээгүй учир Эрээн хотын цар тахлын нөхцөл байдлыг хумигдаж байна гэж харж байна” гэсэн мэдээллийг өглөө.

Тэрбээр мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Эрээнд зургаадугаар сарын 2-нд халдвар бүртгэгдсэнээс хойш өдөрт 80 гаруй чингэлгээс 10-15 нь хөргүүртэй чингэлгээр нарийн ногоо, жимсийг импортолж байлаа. Энэ нь зургаадугаар сарын 2-ноос хойш зогссон байж байгаад 11-нээс хэвийн болж, 15 чингэлэг нарийн ногоо орж ирсэн.

Эрээнд хатуу хөл хориотой байгаа тул нарийн ногоо, жимсийг Бээжин, Шандунаас ачигдаад Эрээн хотын Хао Ган хүнсний ногооны терминалд буугаад сэлгэн ачилтыг хийгээд хөргүүртэй чингэлгээр манай улсад импортолдог. Нарийн ногооны Монгол Улсын импорт, Хятадын экспортыг зогсоохгүй байх талаар Эрээнд суугаа Консулын Газраас Эрээн хотын Ардын Засгийн Ордон, Ковидын Шуурхай Штабтай байнгын холбоотой ажилласан.

Үүний үр дүнд нутгийн гүнээс тусгай горимоор орж ирж буй нарийн ногоо, жимсийг Эрээнд тусгаарлагдсан 30 ажилтан ачилт хийж байна” гэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.