ЭМЯ: 45 хүнээс халдвар илэрч, гурван хүний халдварын эх уурхай тодорхойгүй байна

2021-03-1 Мэдээ мэдээлэл

 

 

Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.БАЙГАЛЬМАА “2021 оны хоёрдугаар сарын 28-нд нийт 11905 сорьцод шинжилгээ хийхэд 45 хүнээс Сovid-19 илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Бусад аймагт халдвар бүртгэгдээгүй. Ийнхүү нийслэлд нийт 2107 батлагдсан тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр улсын хэмжээнд багц халдварын батлагдсан тохиолдол 2433 боллоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд клиникээс 50 хүн эдгэрч, гэртээ гарсан. Монгол Улсын хэмжээнд халдварын нийт батлагдсан тохиолдол 2952 болсон.

Шинээр халдвар авсан 45 хүний 29 нь ажиглан тусгаарлалтад байсан бол “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд ойрын хавьтлын 13 тохиолдол батлагдсан. Үлдсэн гурван хүний халдварын эх уурхайг тогтоохоор судалж байна. Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудыг дүүргээр нь танилцуулбал, Баянгол, Баянзүрх, Сүхбаатарт, Сонгинохайрхан, Хан-Уулд бүртгэгджээ.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, ЭХЭМҮТ, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт нийт 638 батлагдсан тохиолдол эмчлүүлж байна. Биеийн байдал маш хүнд нэг, хүнд ес, хөнгөн 558 хүн эмчлэгдэж байна” гэлээ.

Дашрамд дуулгахад, коронавирусийн эсрэг дархлаажуулалт эхэлснээс хойш 8000 гаруй хүнийг хамруулжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.