Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс өдөр бүхний ээлжит мэдээллээ танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Нэгдүгээр сарын 5-нд нийт 16377 хүнд PCR шинжилгээ хийхэд 41 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.
Улаанбаатарт 41 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Таван тохиолдол нь ХӨСҮТ-ийн ажилтанаас илэрсэн. Тэд ажиллагаанаас буугаад ажиглан тусгаарлалтад байхад ийнхүү халдвар илэрлээ.
Ачтан эмнэлэг дээр өчигдөр шинэ голомт бүртгэгдэн 9 хүн халдварт өртсөн. Тэдний гэр бүлийн хавьтлаас шинэ тохиолдлууд илрэн нийт тус эмнэлгээс 16 тохиолдол бүртгэгдсэн байна.
Тэнүүн огоо компанийн 5 жолоочоос коронавирус илэрсэн.
Цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтан халдвар авсан иргэний ойрын хавьтал байсан учраас нийт ажилчдын дунд шинжилгээ явуулахад хоёр ажилтнаас коронавирус илэрсэн.
Тусгаарлан ажиглах байранд байсан иргэдээс ийнхүү халдвар илэрсэн.
Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 853 тохиолдол бүртгэгдсэн.
Нийт өссөн дүнгээр:
Улаанбаатарт 527
Сэлэнгэ аймагт 217
Орхон аймагт 25
Дархан-Уул аймагт 45
Дорноговь аймагт 32
Говьсүмбэр аймагт 4
Архангай аймагт 3
Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 1349, эдгэрсэн 887 байна. 65.7 хувь нь эдгэрсэн.
Сүүлийн 24 цагт 3 хүн эдгэрч эмнэлгээс гарсан.
Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-д нийтдээ онош нь батлагдсан 451 хүн эмчлүүлж байна” гэв.