Д.Нямхүү: Таван иргэнээс Covid-19 илэрлээ

2020-07-7 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит /2020.07.07/мэдээллээ хийж байна. Тус яамны 24 цагийн 119 шуурхай утсанд нийт 130 дуудлага иржээ. Мөн Австрали,  Швед улсаас Монгол улсын  хоёр   иргэн холбогдож коронавируст халдварын талаар зөвлөгөө авсан байна.

Иргэдийн зүгээс хүмүүс амны хаалт зүүхгүй хариуцлагагүй болсныг шүүмжилж байгааг ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл онцлов. Тэрбээр “Иргэд, аж ахуй нэгжийн анхаарал суларч маск зүүхгүй байна гэсэн гомдол ирж байна. Иймд хүн бүр өөрийн болон бусдын эрүүл мэндийг бодож хариуцлагатай байж сонор сэрэмжээ алдахгүй байх хэрэгтэй. Ирэх намар, өвөл томуугийн дэгдэлтийн үеэр одооноос бэлтгэлээ хангаж дархлаагаа дэмжих хэрэгтэй” гэлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ “ХӨСҮТ-ийн нийт гурван лабораторит  757 хүний сорьцод шинжилгээ хийхэд таван хүнээс коронавирус илэрлээ. Тэд Алтанбулагийн боомтоор хил нэвтэрсэн 20-34 насны иргэд юм.

Өнөөдөр зургаан хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.  Алтанбулагийн боомтоор өчигдөр 85 иргэн ирсэн, энэ хүмүүсээс сорьц цуглуулах ажил явагдаж байна. Хөрш орнууд халдварыг алдаж, эрүүл мэндийн салбар нь самгардаж байна. Энэ бол бидэнд дохио сануулга өгч байгаа хэрэг.

Ирэх намар томуугийн дэгдэлттэй коронавирусийн халдвар хавсрах эрсдэлтэй байгаа тул иргэд зуны дэлгэр цагт дархлаагаа дэмжээрэй” гэлээ.

 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Урьдчилсан байдлаар Сөүл- Улаанбаатар чиглэлийн онгоцоор 172 иргэн ирнэ. Эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай нэг иргэн байна. Гадаадаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэд өөрийн эрүүл мэндийн байдлын талаарх мэдээллээ тодорхой өгөхийг хүсье. Тусгаарлах байрт байгаа иргэд журмыг мөрдөх хэрэгтэй. Тамхи татах, амны хаалт зүүхгүй байх, коридорт сэлгүүцэх нь бусдын эрүүл мэндэд эрсдэл учруулж байна” гэлээ.

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.