Шинэ тохиолдол 18-аар нэмэгдэж, бүртгэгдсэн тохиолдол179 боллоо

2020-05-29 Мэдээ мэдээлэл

ЭМЯ-наас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хүргэж байна.  


ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “Covid-19  халдвар дэлхийн 216 улс орон, бүс нутагт тархаж, 5.876 сая хүн өвчилж, 360 мянган хүн нас барж, 2.5 сая хүн эдгэж, 2.9 сая хүн эмчлүүлж байна. ОХУ-д гарч байгаа өвчлөлийн ихэнх нь Москвад бүртгэгдэж байна. Нэг хүн хоёр өдрийн хугацаанд нэг удаа дэлгүүр, эмийн сан орох эрхтэйгээр зохицуулалт хийлээ. Манай улсад өчигдөр /2020.5.28/ 289 хүн ажиглалтад шинээр орж, 1908 хүн яг одоо ажиглалтад байна.

ЗӨСҮТ-ийн баг ОХУ-аас ирсэн 230 зорчигчийн 690 ачаа тээшинд эцсийн халдваргүйтгэл хийсэн. Сүүлийн 24 цагт 119 дугаарын утсанд 448 дуудлага ирсэн. Шуурхай аппликейшинд 17 хүн холбогдон мэдээлэл авсан. Өчигдөр ДЭМБ-ын онлайн хуралд Д.Сарангэрэл сайд уригдаж, туршлагаасаа хуваалцсан” гэлээ.

ЭМЯ-ны Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа “АНУ-д 19600 шинэ тохиолдол бүртгэгдэж, 1500 хүн нас барлаа. Халдвар Бразиль, Перу, Чили улсуудад их байна. ОХУ-д нийт халдвар 379 мянгад хүрч 4100 гаруй хүн нас баржээ. Өчигдөр Москвад 76 нас баралт бүртгэгдсэн. БНСУ-д халдвар нэмж бүртгэгдээд байгаа учраас ирэх сарын 14-нийг хүртэл Сөүл, Инчеон гэх мэт томоохон хотуудад соёл үйлчилгээний газруудыг түр хаах шийдвэр гаргасан. Хөл хориог гэнэт сулруулах нь өвчлөл дахин сэргэх, хоёр дахь давлагаа гарах шалтгаан болж байгаа аж. БНХАУ-д нас баралт нэмж бүртгэгдээгүй” хэмээн мэдээллээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү шинжилгээний хариутай холбоотой мэдээлэл өглөө.

Тэрбээр “Шинээр 18 хүнээс коронавирус илэрч, манай улсын бүртгэгдсэн тохиолдлын тоо 179 болж байна. Өчигдрийн байдлаар  дөрвөн лабораторид нийт 369 хүний шинжилгээ хийлээ. Үүнээс 351 хүний шинжилгээнд коронавирус илэрсэнгүй.

Харин тавдугаар сарын 28-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн 230 хүнийг галт тэргээр авчран, сорьцыг яаралтай цуглуулж шинжлэхэд 18 хүнээс коронавирус илэрлээ. Халдвар авсан хүмүүс 19-52 настай, 11 нь оюутан. Үүнээс эдгэрсэн хүн 43 байгаа. Одоо эмчлэгдэж байгаа 136 хүний биеийн байдлыг үнэлбэл, 121 нь хөнгөн, 15 нь хүндэвтэр байна. Халдвар авсан хүмүүсийн дунд 8-15 насны таван хүүхэд, хоёр жирэмсэн эмэгтэй, нэг хорт хавдартай хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна” гэсэн юм.

 

(COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.29-НИЙ 11:00 ЦАГ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.29-НИЙ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Thursday, May 28, 2020

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.