Гадаадад буй иргэд хэрхэн санал өгөх талаар онлайн сургалт хийлээ

2017-04-6 Ерөнхийлөгч

УИХ-аас баталсан товын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал хураалт ирэх зургадугаар сарын 26-нд болно. Сонгуулийн тухай хуульд зааснаар гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа монголчууд Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх эрхтэй. Саналыг нь ирэх зургадугаар сарын 10-11-ний өдөр авах юм.

Үүнтэй холбоотойгоор өчигдөр  Сонгуулийн ерөнхий хороо, Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс хамтран онлайн сургалт зохион байгуулсан байна.

Энэ үеэр Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулахаар Австрали, Англи, АНУ, ХБНГУ, Казахстан, ОХУ, БНСУ, БНХАУ зэрэг улсад нийт 46 салбар комисс байгуулагдах болж буйг дуулгав.

Мөн гадаад дахь монголчуудын саналыг авахтай холбоотойгоор сонгуулийн хууль тогтоомж, журмыг сайтар судлах, сонгууль зохион байгуулахтай холбоотой төсөв, зардлыг журмын дагуу зөв зүйтэй зарцуулах, санал авах өдөр цагийг хатуу баримталж ажиллах, бичиг баримтын хөтлөлтөд анхаарах ёстойг зөвлөсөн байна.

С.Гэрэлсүх

<

Өнөөдрийн онч үг

1 цагийн өмнө

© 2021 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.