Суралцагч эмчийн загвар гарын авлагатай болно

2018-06-29 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд ямар мэргэшлийн чиглэл сонгон суралцаж, хаана ажиллахаас үл хамааран эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг олон талт, цогц, уян хатан байдлаар үзүүлэх чадвартай хүний их эмч бэлтгэх шаардлагатай байдаг.

Тиймээс Эрүүл мэндийн сайдын тушаалаар үндсэн мэргэшлийн сургалтын эхний 1 жил “Ерөнхий мэргэшил судлал”-ын сургалт байхаар зааж тухайн сургалтын хөтөлбөрийг ЭМЯ, ЭМХТ, Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Анхан болон хоёр дахь шатлалын төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах нь” төслийн хүрээнд боловсруулсан.

Түүнчлэн 2018-2019 оны хичээлийн жилд “Ерөнхий мэргэшил судлал”-ын сургалтыг Орхон аймаг болон Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд шинээр эхлүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж байна. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа нэгэн томоохон ажил бол “Суралцагч эмчийн гарын авлага” боловсруулан батлуулах юм.

ЭМХТ “Суралцагч эмчийн гарын авлага” боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж, сургалт эрхлэгч байгууллага болон АШУҮИС-ийн багш нарын төлөөллийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Токиогийн их сургууль, АУ-ны судалгааны тэнхмийн багш, төслийн богино хугацааны мэргэжилтэн Хиротака Ониши хамтран ажиллаж байна.

“Суралцагч эмчийн гарын авлага”-д сургалттай холбоотой бүхий л мэдээлэл болон үнэлгээний аргачлалыг багтаан, хэрэглэхэд хялбар, үр дүнтэй байдлаар боловсруулахаар зорьж байна.

Уг ажлын үр дүнд “Ерөнхий мэргэшил судлал” үндсэн мэргэшлийн сургалтад суралцагч эмч нь өдөр тутам хэрэглэх гарын авлагаар хангагдан, суралцагч эмчийн үйл ажиллагааны гүйцэтгэлийг үнэлэх шалгуур үзүүлэлттэй болно.

Мөн эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтад суралцагчийн загвар гарын авлага бий болох юм.

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.