ХҮҮХДИЙН МӨНГӨНӨӨС ХУЛГАЙЛЖ БАРАХГҮЙ БОЛОХООР ХОРИХ АНГИ НЭРЭЭР ИДЭХЭЭР ШИЙДЭВ ҮҮ?

2018-06-11 Нийгэм

Төрөх эмнэлэгт бус шорон барихдаа гар татдаггүй, төсвөө харамладаггүй улстөрчидтэй Монгол Улс юм. Тиймдээ ч дахин нэг хорих анги нэмж барихаар болжээ. Энэ удаад 2.8 тэрбум төгрөгөөр эмэгтэйчүүдийн хорих анги барихаар шийдвэрлээд байна. Эдийн засаг сэргэж, хүүхдийн мөнгийг 60 биш 80 хувьд нь олгохтой зэрэгцэн хуучин “Ганц худаг”-ийн суурин дээр шинэ хорих сүндэрлүүлэхээр төсөв хөрөнгийг нь шийдвэрлэсэн нь энэ юм.

Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох асуудал дээр гар нь татганаж, хэл нь годгонон улсын авдар дахь хэдэн төгрөгөө харамлаж байж, шорон барихад гамгүй цацахаар шийдвэрлэсэн нь гайхмаар. Уг нь 2.8 тэрбум төгрөгөөр 280 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг барихад хангалттай хөрөнгө оруулалт. Тэр бүү хэл, энэ хөрөнгөөр сургууль, цэцэрлэгийн цогцолбор ч барих боломжтой талаар эдийн засагчид шогширч байна. Хэдхэн жилийн өмнө Нийслэлийн төсөвт ийм хөрөнгөөр сургууль, цэцэрлэгийн цогцолбор барихаар хөрөнгө мөнгийг ч суулгаж байсан нь бий. Үгүй ядаж нэг дүүрэгт ч болтугай эмнэлэг барьсан бол тустай сан.

Гуравхан сая иргэнтэй атлаа зөвхөн нийслэлдээ гэхэд 10 гаруй хорих ангитай улс манайхаас өөр бий болов уу. Тэр бүү хэл, энэ нь багадаж, аймаг бүрт хорих ангитай болох мөрөөдөлтэй эрхмүүд бас бий. Магадгүй иргэддээ халгаатай эрхмүүд маань төмөр торны цаана хөөрхий биднийгээ суулгачихаад өөрсдөө дур зоргоороо идэж уух гэснийх юм даг уу. Эсвэл хожмын хойд өдөр өөрсдөө тухлах гэсэн ч байж мэдэх.

Уг нь “Ганц худаг” дахь урьдчилан хорих төвийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт, IV цахилгаан станцын урд байрлах будаг нь ханхалсан шинэхэн төв рүү нүүлгэж байсан нь саяхан. Гэтэл суурин дээр нь дахин төмөр тор нэхэхээр сууж байгаа нь харамсалтай. Монгол Улс шинэ хүүхдээ угтах газаргүй байж шорон нэмж барьсаар байгаа нь дэндүү эмгэнэл юм.

Өнөөдрийн онч үг

22 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.