Хардалт хосуудын дунд хагарал үүсгэх эмгэнэлтэй шалтгаан болдог. Хардалтыг өвчин гэж нэрлэдэг боловч, өвчлөлийн хэлбэрт шилжсэн хардалд бол хурц хэлбэртэй, өвчний тодорхой шинжүүдтэй байдаг болохоор ялгаж харахад амархан байдаг. Өвчлөлийн хэлбэртэй хардалтын шинж тэмдэгүүдийг бид доор авч үзье.
Сэтгэлзүйн талаас илрэх шинж тэмдэгүүд:
-Хамтрагчаа өдөр бүр өөрөөс нь илүү дээр байж болох хэн нэгэнд татагддаг гэж бодох
-Хамтрагчтайгаа олон нийтийн газар явж байхдаа байнга харцыг нь ажиглаж, эсрэг хүйстэнээ хэрхэн яаж харж байгааг нь хянах
-Хамтрагч нь хоёр цагаас илүү хугацаагаар холбоо барихгүй байх тохиолдолд заавал хэн нэг өөр хүнтэй уулзаж байна гэж төсөөлөх
-Хамтрагч нь өөрт нь хандаж хэлсэн магтаалын үгсийг өөр хэн нэг эсрэг хүйстэнийг бодож байгаад хэлж байна гэж төсөөлөх
-Хамтрагчаа өөр бусад эсрэг хүйстэний анхаарлыг битгий татаасай гэсэндээ сайхан хувцаслах, өөдрөг байх, олны дунд анхаарал татахаар баяр баясгалантай байх бүгдийг нь хориглохыг хичээх
-Энэ бүхний эцэст байдал илүү хүнд шатанд ороход хамтрагчаа өөрийнх нь сэтгэлийг шархлуулж байна гэж үзээд, хариу гэсгээхийн төлөө бие мах бодийн хувьд юмуу, сэтгэлзүйн хувьд өвтгөхийг хүсэх
Бие мах бодийн талаас илрэх шинж тэмдэгүүд:
-Биед стрессийн шинж тэмдэг илрэх бөгөөд, ядрах, сульдах, толгой эргэх, чих шуугих, дотор муухай оргих, дарамттай мэдрэмж төрөх, ходоод эвгүйрхэх гэх мэт стрессийн үед илрэх биеийн шинж тэмдэгүүд байнга хамтрагчийнхаа тухай хардсан таагүй бодол бодох үетэй давхцаж илрэх.
-Хардалтын мэдрэмжтэй шууд холбоотойгоор сексийн дур сонирхол тогтворгүй болж, хэт их сексийн хүсэл нэмэгдэж, хэт олон давтамжтай дур тавилтыг хүсэх юмуу, эсвэл сексийн хүсэл бүр суларч буурах.
Гэх мэт шинж тэмдэгээр бид хамтрагчаа өвчлөлийн шинжтэй хардалтанд орсон байгаа эсэхийг таньж болно. Хэрэв хардалт үнэхээр өвчлөлийн шинж чанартай байх юм бол, үүнд заавал тайвшруулах эмчилгээ, мэргэжлийн эмч ажилтаны зөвөлгөө хэрэгтэй бөгөөд, өвчлөлийн шинжтэй хардалтын шалтгааныг олж тогтоох бас чухал юм. Өвчлөлийн шинжтэй хардалт олон шалтгаанаар үүсэж болдог. Үүний нэг шалтгаан бол тухайн хүн өөрөө төрөлхийн юмуу олдмол сэтгэцийн гажигтай байх явдал болж болно. Аль эсвэл тухайн хосын харилцаанд олон давтамжтайгаар хардах шалтгаан үүсгэх таагүй явдлууд гарч байсан нь сэтгэлзүйн дарамт үүсгэж, энэ нь лавширч өвчлөлд хүрсэн байх боломжтой. Харилцаа нь эхнээсээ будилаан зөрчилдөөн ихтэй, замбараагүй байдалтай харилцаа байсан бол, хосуудын сэтгэлзүйн эрүүл мэндэд хортой нөлөөлж, бие биедээ эрүүлээр итгэх итгэлийг эвдсэн байж бас болно.
Өвчлөлийн шинжтэй хардалт хэрэв намжихгүй бол хосуудын хувьд салж холдох, хардалт нь хэт өвчлөлийн хэлбэрт орсон тухайн хүний хувьд өөрийнхөө сэтгэлзүйн эрүүл мэндэд анхаарал тавих чухал сонголт юм.
Гэхдээ заримдаа бид өвчлөлийн хэлбэрт шилжээгүй ч зүгээр л хүчтэй харддаг. Нэг ёсондоо хардалт бүхнийг өвчин гэж үзэж болохгүй. Зарим хардалт амттай байх бөгөөд, хосуудын харилцааг илүү үнэ цэнэтэй, бие биенээ илүү хүчтэй хүссэн байдалтай болгож өгч болно. Харин зарим хүчтэй хардалт заавал амттай хардалт байдаггүй.
Сөрөг байдалтай хардалт хосуудын дунд таагүй байдал үүсгэж, хайрийн харилцааг хэмэлж эхэлдэг. Өвчлөлийн шинжтэй хардалт шиг хурц байдал үүсгэж, хосууд харьцангуй хурдан хугацаанд хоёр тийш болох гэх мэт үр дүн гаргахгүй ч, сөрөг хардалт заримдаа насан туршийн амьдралыг дагаж явах болдог.
Яагаад бид заавал нэг нэгнээ хардах болдог юм бол. Мэдээж хайр дурлал гэдэг хоёр хүний бие биедээ нээсэн хүчтэй халуун сэтгэл, өөрийгөө хэн нэгэнд харамгүй зориулж, тэр хүнийхээ төлөө ямар нэг хэрэгтэй зүйл хийхийг хүсэх хүсэл зориг байдаг. Хүмүүс бид тэр болгон амархан хэн нэгэнд өөрийгөө зориулаад байдаггүй. Итгэж чадсан хүндээ л өөрийгөө зориулах бөгөөд, итгэх гэдэг өөрөө их зам туулж байж бий болдог ховор сэтгэл. Ийм урт зам туулж, нандин сэтгэл үүсгэж, бие биедээ хайртай болсон хирнээ сөрөг хардалтаас болж аажмаар хайр сэтгэлээ бөхөөж, нэг нэгнээ өөрийг нь сэм хуурагч гэсэн нүдээр харах болно гэдэг бол мэдээж гунигтай эмгэнэлтэй байдал юм.
Сөрөг хардалт ямар ямар шалтгаантай үүсэж болдог юм бол. Үүнд хэд хэдэн шалтгааныг нэрлэж болох юм.
Наслалт: Наслалт сөрөг хардалт үүсгэх чухал шалтгаан байж болдог. Наслалт, хөгшрөлтөөс болж эр эм хүмүүсийн гадаад гоо сайхан өөрчлөгддөг. Хэдийгээр бодит байдал дээр бол дөчин настай, тавин настай хүмүүс өөр өөрийн гэсэн гоо үзэсгэлэнгээ хадгалсаар байдаг ч гэсэн, тархи доторхи хий төсөөлөл, хий айдсаараа бид хөгшрөлтөөс айж, гадаад төрхөө муухай болж байна гэж боддог. Гадаад төрхөө өөрчлөгдөж байгааг мэдрэх бүрт үүнтэй холбоотой айдас нь хайрын харилцаан дээр бас сэрэмжлэл үүсгэж, хамтрагч нь өөрөөс нь илүү залуу үзэсгэлэнтэй хүнд татагдаж болох биш үү гэсэн бодол төрүүлдэг. Эндээс үүссэн сөрөг хардалт хэрэв засагдахгүй бол, хайрын харилцаа наслалт өөрчлөлтөндөө тохирсон шинэ үе шатанд орохгүй бол, сөрөг хардалт бидний хайрын харилцааг аажим аажмаар бөхөөж эхэлдэг.
Ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд, өөрийгөө хөгширч байгаад тооцож эр нөхрөө залуу үзэсгэлэнтэй хүнд илүү татагдах байх гэж итгэх нь элбэг тохиолддог бөгөөд, энэ бодлоос гарч байгаа энерги нь эргээд эрэгтэй хүнд ч бас нөлөөлж, “Би эр хүнийхээ хувьд тийм л байх ёстой юм байна” гэсэн санаа төрүүлж байдаг.
Мөн эмэгтэй хүн өөрөө эр нөхрөө өөрөөс нь илүү залуу үзэсгэлэнтэй эмэгтэйд татагдаж байгаа байх гэж бодож эхлэх юм бол, биеэ аяндаа нөхрөөсөө татаж авч, ихэнхи цагийг хүүхдүүд болон аж ахуйн ажилдаа зориулж, өмнөх шигээ хайрын харилцаагаа идэвхитэй байлгах тал дээр санаа тавихаа больж, энийг дагаад бие мах бодийн хүсэл нь саарч байдаг талтай. Үнэндээ бидний нас өөрчлөлтөнд ороход харилцаа бас өөрчлөлтийг шаардаж байдаг.
Хэрэв энэ өөрчлөлтийг бид зөв хийж чадахгүй бол, эхнэр нөхөр болсон хүмүүсийн харилцаа цагийн аясаар хөндийрч, эргээд өмнөх шигээ болгох нь боломжгүй хэрэг болдог тул, зөвхөн гэр бүлийн үүрэг, үр хүүхэдийн өмнөх хариуцлага, санхүүгийн холбоон дээр гол харилцаа тогтох болж ирдэг. Энэ байдалд ихэвчлэн эмэгтэйчүүд нөхрөө насан туршдаа сөрөг хардалтаар хардах болдог. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс арай хүчирхэг байх талтай ч тэдний хүчирхэг байх шалтгаан нь эхнэрийнх нь бие мах бодийн хүсэл суларсан, хайр дурлалын харилцаанд идэвхи бага болсон, өөрийгөө хөгширсөн гэж бодох болсон нөхцөл тулгуур болж өгдөг болохоос, хэрэв ийм байдал байхгүй бол эрэгтэй эмэгтэй яг адилхан, өөртөө итгэх итгэл буурсанаас болж хамтрагчаа сөрөг хардалтаар хардаж байдаг.
Таагүй туршлага: Хэрэв хосууд бие биедээ маш их хайртай байгаад, хамтрагч нь нэг юмуу түүнээс дээш удаа нөгөөгөө хуурч мэхлэх явдал гарсан бол, энэ нь гомдол, итгэл шархалсан байдал үүсгэж, сөрөг хардалтыг тохиолдолын байдлаар бий болгодог. Бидний дийлэнх маань ер нь иймэрхүү тохиолдолд ороход хичнээн их зүрх шархалж хэцүү байсан ч гэсэн үнэхээр хайртай бол уучилж чаддаг. Гэхдээ уучлахад цаг хугацаа, мөн тохирох нөхцөл хэрэгтэй байдаг. Хуурч мэхэлсэн хамтрагч нь хайхрамжгүй бөгөөд юу ч болоогүй мэт байх байдал нь сөрөг хардалтыг улам нэмдэг. Мөн уучлал бий болох нөхцөлийг удаашруулдаг.
Хэрэв хосууд бие биедээ маш их хайртай байгаад, хамтрагч нь нэг юмуу түүнээс дээш удаа нөгөөгөө хуурч мэхлэх явдал гарсан бол, энэ нь гомдол, итгэл шархалсан байдал үүсгэж, сөрөг хардалтыг тохиолдолын байдлаар бий болгодог.
Түүнчлэн цаг хугацааны туршид бүрэн уучлах хүртэл сөрөг хардалт байн байн бий болсоор байх боломжтой бөгөөд, энэ хугацааны туршид бидний хайрын харилцаа хэцүү байдалтай байх нь мэдээж. Хэрэв бүрэн уучлах хүртэл хугацааг хосуудын хичээл зүтгэл давж чадахгүй бол харамсалтай нь энэ мэт шархалсан харилцаа нь нэг мэдэхэд төгсгөл болоход хүрдэг.
Сэтгэлзүй болон зан аашийн өвөрмөц байдал: Зарим хүн төрөлхийн өмчлөх сэтгэлгээтэй байдаг. Хэрэв тэд хэн нэгэнд хайр дурлалаа өгсөн, өөрийгөө зориулсан, гэр бүлийн харилцаа үүсгэсэн бол, хамтрагчаа өөрт нь үнэнч байх ёстой, өөрийнх нь өмчилдөг аливаа бусад зүйлийн адилаар зөвхөн өөрийнх нь байх ёстой гэж боддог. Ийм сэтгэлзүй болон зан авиртай хүн нь заавал олон нийтийн дунд хамтрагчийнхаа нүдний харцыг байнга мөрдөж, хоёр цаг тутамд холбоо барьж шалгах мэтээр өвчлөлийн хэлбэртэй хардалтыг үүсгээд байдаггүй ч гэсэн, хамтрагчдаа сэтгэлзүйн далд дарамт, айдас төрүүлж, хэрэв намайг хуурах юм бол би заавал хатуу шийтгэл хүлээлгэх болно гэсэн дохио өгч байдаг байж болно.
Эсвэл зарим хүн өөрийнхөө онцгой албан тушаал, нийгэмд эзлэх байр сууринаас болж, зан ааш, сэтгэлзүйн хувьд хэт өөрийнхөө аюулгүй байдал, амжилттай байдалд санаа зовж байдаг болсон байх талтай. Жишээ нь алдар нэртэй супер од ч юмуу, төрийн өндөр албан тушаал хашдаг хүн нь өөрийнх нь хамтрагч өөрөөс нь өөр хүнтэй янаг амрагийн харилцаанд орох юм бол, эргээд өөрийнх нь нэг нүүрт аюул учирч, амьдралынх нь нууц задарч, тэр бүү хэл хөрөнгө мөнгөнд нь аюул учирч мэднэ гэж байнга санаа зовох шалтгаантай болдог тул, ийм байдлаасаа болоод хамтрагчаа сөрөг хардалтаар хардах байдал бас олон тохиолддог.
Ийм байдлаас гарч байгаа сөрөг хардалт нь ихэвчлэн хамтрагчаа хэт өөрийнхөөрөө удирдах хүсэл бий болгож байдаг. Мөн үүн дээр хувийн албан тушаал, нэр төрийн шаардлага нэмэгдэх юм бол, хамтрагчаа өөртөө захирах, өөрийнхөө аюулгүй байдлын төлөө хаалттай байдалд оруулах гэх мэт байдал бий болж болно. Эцэстээ дарамт хардалтанд байгаа харилцааг тэвчиж чадахгүй нөгөө хамтрагч нь энэ харилцааг орхиж явахад хүрэх талтай.
Мөн зарим хүн өөртөө итгэл дутуу байх юм бол хамтрагч нь ажил карьер амьдрал дээр өөрөөс нь илүү амжилт байгуулах үед, хаягдах вий гэсэн айдас төрж, мөн хамтрагчаа өөр хэн нэг өөрөөс нь хүчтэй хүнд татагдах вий гэж санаа зовж байдаг. Энэ нь өвчлөлийн хэлбэртэй хардалт дээр өгүүлсэн хамтрагчаа байнга өөрөөс нь илүү дээр хүнд татагдаж байгаа байх гэж бодох хардалттай арай ялгаатай юм. Өвчлөлийн хэлбэртэй хардалтын ийм хэлбэр нь өдөр бүр цаг тутамд сэжиглэл айдсыг агуулж байдаг бол, өөртөө итгэлгүй хамтрагчийн хувьд ерөнхийдөө тийм хардалт үүсэж байдаг ч, өдөр бүр цаг тутамд үүсээд байдаггүй.
Сэтгэлзүйн болон зан аашийн өвөрмөгц байдлаас болж гарч байгаа сөрөг хардалт биднээс нэг бол хамтрагчийнхаа зан аашинд дасан зохицох, үгүй бол зан ааш, сэтгэлзүй тохирохгүй гэдэг хамгийн чухал шалтгаанаар хоёр тийш болох сонголтыг тулгаж байдаг.
Эцэстээ бид эдгээр сөрөг хардалтуудыг хэрхэн яаж давж гарах вэ?
Наслалтаас болж бий болж байгаа сөрөг хардалтыг бид насны өөрчлөлттэй хамт хайрын харилцаандаа шинэ өөрчлөлт хийж, харилцаагаа цаашид хэд хэдэн жилээр хувааж багцлан, урьдчилсан төлөвлөгөө судалгаатайгаар шинэ шинэ хөгжил дэвшил рүү оруулах тал дээр ажилласнаар давж гарч болох юм.
Харин таагүй туршлагаас үүссэн сөрөг хардалтыг бол бид гомдоогч тал өөрийнхөө алдааг сайтар ухаарч, нөгөө талдаа тайван уучлах боломжтой нөхцөлийг бүрдүүлж өгөх тал дээр хичээл зүтгэлээ нэмэх, мөн гомдогч тал бас өөрийнхөө уучилж эдгэрэх сэтгэл дээр сэтгэлзүйн болон өөр төрөлийн дасгалж хийж, сайтар хичээн ажиллах гэх мэт аргаар давж гарч болох юм.
Сэтгэлзүйн болон зан аашийн өвөрмөгц байдлаас болж гарч байгаа сөрөг хардалт дээр бид аль болох өөртөө хор хөнөөл хүргэхгүй аргаар дасан зохицох, хамтрагчаа эерэг тал руу нь боломжтой бол ятгаж өөрчлөх, эсвэл үнэхээр зан ааш сэтгэлзүйн байдал тохирохгүй гэж бодоод, энэ тал дээр буулт хийх хүч чадал байхгүй бол бие сэтгэлээ хэт шархлуулахаас өмнө өөртөө тохирох өөр сонголтыг хийх ухаалаг алхам руу явах байдлаар гарц олж болох юм.
Бүх хосууддаа сайн сайхныг, аз жаргалыг хүсье.
Сэтгэлзүйч Баасанжавын Цэцэгмаа
3 цагийн өмнө
4 цагийн өмнө
5 цагийн өмнө
5 цагийн өмнө
2024-10-1
87301
30035
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.