Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/, “Оюуны дархлаа” ТББ-аас өнөөдөр “Тамхи-таны сонгол биш” хэлэлцүүлгийг сэтгүүлчдийн дунд өрнүүлж, мэдээлэл өглөө.
Манай улсын хүн амын 27.1 хувь нь тамхи татдаг байна. Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/өөс хийдэг судалгааанаас харахад, энэ тоо жил бүр аажмаар нэмэгдсээр байгаа юм. Тухайлбал, манай улсад Тамхины хяналтын хуульд 21-ээс доош насныханд тамхи худалдахыг хориглосон ч хуулийн хэрэгжилт хангалтгүй байсаар байна. Мөн 2013 оны Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн судалгаагаар 2005, 2009, 2013 онд нийт хүн амын дунд тамхины хэрэглээ буураагүй, өсвөр үеийнхний дунд тамхины хэрэглээ өссөн байгаа нь харагджээ. Тамхины татварыг нэмэх нь түүнтэй тэмцэх хамгийн сайн арга гэдэг нь нотлогдсон ч Онцгой албан татварын тухай хуульд тамхины татварыг нэмэгдүүлэх талаар өөрчлөлт оруулж чадаагүй байна. Энэ талаар НЭМҮТ-ийн захирал, анагаах ухааны доктор Б.Цогтбаатар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр жилээс жилд нэмэгдэж байгаа “шинэ” тамхичид буюу өсвөр үеийнхний тамхины хэрэглээг бууруулахын тулд татварыг нэмэх хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Тиймээс цаашид тамхины хяналтын салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, хүн амын дунд тамхины хор хөнөөлийн талаар сургалт сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх, тамхинаас гаргах үйлчилгээг Монголд бий болгох арга замыг судлах, тамхины хяналтын чиглэлээр ажиллаж буй төр, ТББ-ыг чадавхжуулах, электрон тамхинд тавих хяналтыг сайжруулах, тамхины татварыг нэмэгдүүлснээр эрүүл мэнд эдийн засагт гарах үр нөлөөг тооцох судалгааг Монгол улсад хийх шаардлагатай байгааг НЭМҮТ-ийн судлаач нар анхааруулав.
Мөн клип, жүжиг, киногоор тамхины далд сурталчилгаа их байгааг онцлов. Тиймээс урлагийнхан болон найруулагч, контент үйлдвэрлэгчдийг далд сурталчилгаа хийхгүй байхыг уриалж байна.
Б.САНЖ
87430
30698
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.