Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлагдлаа

2017-11-17 Парламент

Чуулганы танхимаас

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар  Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Инфляци 2017 оны аравдугаар сарын байдлаар улсын хэмжээнд жилийн 6.9 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд жилийн 8.2 хувьд хүрч, сүүлийн саруудад эрчимжих хандлагатай байна. Ойрын хугацаанд эдийн засгийн сэргэлттэй уялдан эрэлт, нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс, зарим төрлийн татвар нэмэгдэж байгаа нь инфляци өсөхөд нөлөөлжээ. Иймд Монголбанк хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг урт хугацааны тэнцвэрт түвшин болох найман хувийн орчимд тогтворжуулах зорилтыг хэрэгжүүлэхээр үндсэн чиглэлд тусгасан байна. Банк, санхүүгийн салбарын хууль эрх зүйн шинэтгэлийн хүрээнд шаардлагатай хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, макро эдийн засаг, санхүүгийн системийн тогтвортой байдалд чиглэсэн макро зохистой бодлогыг хэрэгжүүлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох, Төв банкны нээлттэй, ил тод байдлыг хангаж олон нийттэй харилцах харилцааг үр ашигтай болгох зэрэг олон зорилтууд үндсэн чиглэлд тусгасан талаар Эдийн засгийн байнгын хорооноос танилцууллаа.

Мөн “Макро эдийн засгийн бодлогыг эдийн засгийг тогтворжуулахад чиглүүлснээс гадна экспортын үнэ болон орлого өндөр цаг үе тохиож байгаа нь эдгээр бодлогын үр дүнд дэмжлэг болж байна. Энэ оны эхний гурван улирлын байдлаар эдийн засгийн өсөлт эрчимжиж, 5.8 хувьд хүрлээ. Гэсэн хэдий ч уул уурхайгаас хамаарал багатай салбаруудад идэвхжил сул хэвээр байгаа тул мөнгөний бодлогыг эдийн засгийн өсөлт, бизнесийн идэвхжил, ажил эрхлэлтийг дэмжихэд чиглүүлж байна” гэсэн юм.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 56 гишүүний 67.9 хувь нь дэмжснээр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдлаа.

С.Гэрэлсүх

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.