Гэрэл зурагт туйлын сонирхолтой таван залуу нэгдэн уран бүтээлээ туурвих болжээ. Тэдний хүсэл нь 21 аймгийнхаа байгалийн сайхныг амьдарч буй нутгийн иргэд, тэдний ахуй, соёлтой нь гэрэл зурагт мөнхлөн цуврал альбом гаргах. Одоогоор дөрвөн аймгаар альбом гаргаад байна. Тэд мэргэжлийн гэрэл зурагчид биш, сонирхлоороо нэгдсэн инженер, цаг уурч, хэвлэлийн дизайнер, засварчин. Тэдний нэг болох чөлөөт уран бүтээлч Адьяагийн Мөнгөнбаганатай ярилцлаа.
-Анхны альбомоо хэдэн онд бэлэн болгов. Альбом бүтсэн түүхээсээ хуучилна уу?
– 2007 онд гэрэл зурагчин, зураач агсан Б.Алтангэрэл багштайгаа нутгийнхаа бүх сумын ахуй амьдрал, байгалийн сайхныг мөнхөлж үлдээх хүсэлдээ хөтлөгдөн ажлаа эхлүүлж байсан. Багш маань Өмнөговь аймгийнх. Би Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул. Байгаль өөрөө хувьсан өөрчлөгдөж байдаг учраас үзэсгэлэнт газруудыг фото хальснаа аргамжиж авахаар зорьсон. Мөн байгальдаа ойрхон аж төрж байгаа хүмүүсийн амьдралын хэлбэрийг харуулахаар зорьж угсаатны зүй рүү орсон доо. Технологийн дэвшил хурдацтай хөгжиж, гадны соёл түгэн дэлгэрч байгаа одоо үед Монголын нүүдэлчин соёл иргэншил уусч, их бүдгэрсэн байна лээ.
Альбомоо 2 жилийн дараа дуусгаад “Сөнөсөн тэнгисийн ёроолоор аялсан нь” гэсэн үзэсгэлэнгээ гаргасан. Олон ч хүнээс магтаал, шүүмж, зөвлөмж хүртсэн. Анхны уран бүтээлийн дараа 21 аймгаар гэрэл зургийн альбом хийх зорилго бий болсон.
-Дараагийн аймгийг хэрхэн сонгов?
-Завхан аймгийн уугуул найзынхаа хүсэлтээр нутгийг нь зорьж очсон. Удалгүй “Элсэн дундах хөх сувд” альбом “төрсөн”. Дараагийн альбом Баянхонгор, Увс аймгаар үргэлжилсэн. Хүмүүсийн олонх нь аялал жуулчлалын сонгодог бүс нь Хөвсгөл, говь гэж хардаг. Баянхонгор аймаг гэхэд л говь, тал хангайтай, хичнээн үзэсгэлэнтэй гээч.
-Нэг альбом хичнээн хүний хүч хөдөлмөрөөр бүтэж байна вэ? “Арын алба”-ныханд гэр бүлийн гишүүд яалт ч үгүй багтана биз?
-Бидэнд тусладаг олон хүн байдаг. Манай багийнхан ээлжлэн зурганд явна. Гэр бүлийнхнийхээ тусламж, дэмжлэгээр л энэ ажлын ард гарна гэсэн үг. Тухайн аймгийг зорихоос өмнө судалгаа хийж, зохион байгуулах ажлыг Т.Нандинцэцэг, П.Анхбаяр, н.Батжаргал нар нугалж, нутгийн иргэд, байгаль хамгаалагчид их тусалж дэмжинэ.
-Эрчүүд бэрхшээлийг адал явдал гэж хардаг байх. Танай багийнхны хувьд санаанаас гардаггүй дурсамж нь юу бол?
-Бэрхшээл бол яах аргагүй адал явдал болж, тод дурсамж үлдээдэг юм билээ. Үлдсэн дурсамж олоон. Сургамжтай ч гэх юм уу нэг болсон явдал ярьж өгье. Баянхонгор аймгийн Шинэжинстэд аргалийн зураг авахаар очсон юм. Манай жолооч жижиг дурантай, би гол зургийг нь авахаар том дурантай аппарадаа авч явсан. Гэтэл яг зураг авах мөчид УАЗ 469-ын хаалга онгойдоггүй, гацдаг юм байна. Хаалгатай ноцолдож байх зуур аль хэдийнэ алга болсон. Бид тэр бүр өөрсдийн унаатай явах нь ховор. Тиймээс л занг нь мэдэхгүй машинаар явж хөглөж байхгүй юу. Аяллын үед хөгтэй явдлууд их тохиолдоно.
-Агшин алдах мэдрэмжийг илэрхийлбэл?
-Тухайн кадр нүдэнд харагдаад нэг хэсэг л бодогдоно доо. Нэг их сайхан зүйлээс хоцорсон юм шиг, харамсалтай байдаг.
-Таныхаар одоо хүртэл нүүдэлчин угсаатайгаа ойрхон байгаа хүмүүс хаана байна вэ?
– Илжигэн халх гэдэг ястнууд байдаг Увс аймгийн Зүүн Хангай, Өндөр Хангай сумынхан. Тэнд Бэр мордуулах ёслолтой таарсан. Өмнө нь огт сонсож байгаагүй ёслол байсан.
-“Ангийн буугаа дурангаар сольцгооё” гэсэн уриалга нэлээд дэлгэрсэн. Гэрэл зураг авах нь эрүүл мэндийн хувьд ямар ач холбогдолтой вэ?
-Байгалийн зураг авч аялах нь эрүүл мэндэд тустай байлгүй яахав. Зураг авахад дор хаяж 4-8 км алхсан байдаг. Сэтгэлзүйн хувьд ч өндөр ханамжтай, эерэг нөлөөтэй. Зураг авч яваад өндөр уулын оргил дээр гарахаар Монгол хүн болсноороо бахархаж, огших сэтгэл төрдөг шүү. Аргалын утаа үнэртэх, хээр хонох бүрт энерги авч байдаг нь гайхалтай. Миний хувьд чөлөөт цагаа өнгөрөөх хамгийн шилдэг арга бол гэрэл зураг авах, гэрэл зургийн тухай ярилцах байдаг. Энэ ч утгаараа гэрэл зураг гэдэг бол гэгээлэг, ярих сэдэв нь өргөн цар хүрээтэй, дуусашгүй баялаг зүйл. Сонирхол нэгтэй хүмүүс цуглахаар сайхан байдаг юм.
-Зураг авахаар орон нутагт олон жил ажилласан хүмүүс туршлага суусан байх. Туршлагаасаа гэрэл зураг сонирхогчдодоо хуваалцахгүй юу?
-Хүмүүс аялж явахдаа мэргэжлийн том аппарад авч явахыг эрмэлзэх болсон. Энэ нь зөв л дөө, гэхдээ аялж яваа тохиолдолд хөнгөн жижиг авсаархан аппарадтай явах нь дээр юм билээ. Аяллын үед гэрэл зураг авахад агшин чухал байдаг. Болоод өнгөрөх агшныг л аргамжиж үлдээхийн тулд манай зурагчид сонирхогчийн жижиг аппарадтай болсон. Зураг авахын тулд олон км алхана, авирна, уруудна. Ингээд явж байхдаа мэргэжлийн аппарадаа бэлэн авч явахгүй. Тиймээс сайхан агшныг алдах тохиолдол олон гарсан. -Мөн хөдөөний нөхцөлд дурангаа ойр ойрхон солихгүй байх хэрэгтэй. Шороо, чулуу орж гэмтээх тохиолдол элбэг. Холын, дундын, ойрын дурантай жижиг аппарадтай байх хэрэгтэй.
-Ямар тохиолдол гарсан юм бэ?
-Баянхонгорын Жаргалант сумын нутагт Янгирын хэвтэр байдаг юм байна. Бид хэвтэрийг нь очиж харахаар явсан. Өндөр цавчим хад руу авирсаар амьсгаадсан хэдэн хүмүүс толгойгоо цухуйлгах төдийд л бидэн руу янгирын сүрэг эргэж харсан. Өндөр цавчим хад руу авирахдаа аппарадаа энгэртээ зүүгээд гарахгүй шүү дээ. Аппарадаа авахаар эргэтэл бүгд алга болчихсон. Тэр мөчид л жижиг аппарадтай байсан бол гэсэн харамсал төрсөн шүү. Дэлхийн шилдэг зургуудын нэлээд хэдэн хувь нь сонирхогчийн аппараданд үлдээж чадсан агшин байдаг.
-Агшин алдах мэдрэмжийг илэрхийлбэл?
-Тухайн кадр нүдэнд харагдаад нэг хэсэг л бодогдоно доо. Нэг их сайхан зүйлээс хоцорсон юм шиг, харамсалтай байдаг.
Б.САНЖ
18 цагийн өмнө
19 цагийн өмнө
21 цагийн өмнө
21 цагийн өмнө
Өчигдөр
87386
30526
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.