Нэр дэвшигчдийн сурталчилгаа өнөөдрөөс 16 хоног үргэлжилнэ

2024-06-10 Uncategorized


Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдсэн иргэдэд өнөөдөр /2024.06.10/ нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлэх талаар мэдэгдсэн.

Нэр дэвшигчийн үнэмлэхийг 19 нам, хоёр эвслийн төлөөлөл 08:00 цагаас эхлэн авч эхлээд буй. Бие даан нэр дэвшигчдийн тухайд өөрсдөө эсвэл өөрийг нь төлөөлөх хүн нэр дэвшигчийн үнэмлэхийг авах юм.

Сонгуулийн сурталчилгааны тухайд нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдөр буюу өнөөдрөөс (2024.06.10) эхлэн санал авах өдрөөс 24 цагийн өмнө (2024.06.26-ныг дуустал) зогсооно.

Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар 2024 оны зургадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Авлигатай тэмцэх газар нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг, Үндэсний аудитын газар нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчдийн сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүнд хийсэн дүгнэлтийг цахим хуудастаа нээлттэй байршуулна.

Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн мэдээлэл, нам эвсэл, бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг https://m-election.mn/ цахим хуудастаа байршуулах юм.

ГАДААДАД БАЙГАА СОНГОГЧИД БААСАН ГАРИГААС ӨМНӨ САНАЛ ӨГӨХ ЭСЭХЭЭ МЭДЭГДЭНЭ

Энэ удаагийн сонгууль холимог тогтолцоогоор буюу намын жагсаалт, тойрогт нэр дэвшүүлэх зарчмаар явахаас гадна гадаадад байгаа сонгогчид саналаа өгнө. Гадаадад байгаа сонгогчид 2024 оны зургадугаар сарын 15-ны өдрөөс өмнө буюу Баасан гаригт багтаж санал өгөх эсэхээ мэдэгдэж, баталгаажуулах ёстой. 2024 оны ээлжит сонгуульд оролцож, сонгох эрхээ эдлэхийн тулд 2024 оны тавдугаар сарын 6-аас зургадугаар сарын 15-ны өдрийн хооронд оршин суугаа эсвэл түр зорчиж буй улс, хотод байршилтай Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар буюу Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт санал өгөх тухай хүсэлтээ биечлэн болон цахимаар бүртгүүлнэ.

Иргэд УИХ-ын сонгуульд оролцож буй 1416 сонгогчоос өөрийн тойргийн мандатын тоогоор саналаа дугуйлахаас гадна 19 нам, хоёр эвлээс сонголтоо хийж дугуйлна.

НЭР ДЭВШИГЧИД СУРТАЛЧИЛГААГАА НЭГДСЭН САМБАРТ БАЙРШУУЛНА

Энэ удаагийн сонгуулиар олон нийтийн гудамж, талбайд олон сурталчилгааны самбар бус нэгдсэн самбар байршуулахыг СЕХ-ноос мэдэгдсэн. Тодруулбал, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, нэр дэвшигчийн ухуулах байр байрлаж байгаагаас өөр барилга байгууламжид сурталчилгааны самбар тавихгүй.

Мөн сурталчилгааны нэгдсэн самбар байршуулахдаа замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохио, хөдөлгөөн зохицуулах бусад хэрэгслийг халхлах, бусдын эд хөрөнгө, явган зорчигчдод аюул учруулж болзошгүй байдлаар байрлуулах, замын хөдөлгөөнд саад учруулахыг хоригложээ.

МАНДАТЫН ТООНООС ИЛҮҮ, ДУТУУ НЭР ДЭВШИГЧ СОНГОВОЛ САНАЛЫН ХУУДАС ХҮЧИНГҮЙ БОЛНО

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Улсын Их Хурлын 126 гишүүний 78 гишүүнийг сонгуулийн тойргоос олныг төлөөлөх (мажоритор) аргаар, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх (пропорционал) аргаар сонгоно.

Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар саналын хуудас нь сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх болон нам, эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх хэсэгтэй байна.

СЕХ-ны 2024 оны 54 дүгээр тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн Саналын хуудасны загварыг баталсан. Саналын хуудас нь Сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх, нам, эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх хоёр хэсэгтэй байх юм.

Сонгогч саналын хуудасны сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх хэсэгт тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийг сонгож тэмдэглэнэ. Мандатын тооноос илүү эсхүл дутуу нэр дэвшигч сонгож тэмдэглэвэл хуудас шууд хүчингүйд тооцогдохыг анхаарах хэрэгтэй.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.