Гол нэрийн барааны үнэ долоо хоногийн хугацаанд 0,2 хувиар өсчээ

2017-03-24 Ханш

Сар шинийн баяраас хойш өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ харьцангуй нэмэгдэж байгааг худалдаачид хэлж байна. Тиймээс Үндэсний статистикийн хорооноос үнэ ханшийн талаарх мэдээллийг т0друуллаа. Энэ сарын 22-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 5.9 хувиар өссөн байна. Харин өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.2 хувиар өсчээ.

Махны дундаж үнэ:

Өмнөх жилүүдэд хавар болоход мах магнаг болж, үнэ тэнгэрт хаддаг байсан. Харин энэ жилийн тухайд, олдоц элбэг ч үнийн хувьд харьцангуй өндөр байна. Энэ сарын 22-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 9.8 хувь, үхрийн ястай махны үнэ 5.1 хувь, үхрийн цул махны үнэ 5.0 хувь, адууны ястай махны үнэ 5.4 хувь, ямааны ястай махны үнэ 7.3 хувиар өссөн байна. Харин өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 0.2 хувь, ямааны ястай махны үнэ 2.6 хувиар буурч, үхрийн ястай махны үнэ 0.6 хувь, үхрийн цул махны үнэ 0.6 хувиар өсөж, адууны ястай махны үнэ өөрчлөгдөөгүй байна. Түүнчлэн өнгөрөгч 22-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6620 төгрөг, үхрийн /ястай/ мах 7785 төгрөг, үхрийн цул мах 9010 төгрөг, адууны /ястай/ мах 4875 төгрөг, ямааны /ястай/ мах 4700 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: Энэ сарын 22-ны байдлаар гурилын үнийг өмнөх сартай харьцуулахад савласан дээд гурилын үнэ 2.7 хувь, задгай 1-р зэргийн гурил болон савласан 2-р зэргийн гурилын үнэ 2.4 хувиар буурч, савласан дээдийн дээд гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2017 оны 3-р сарын 22-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх сартай харьцуулахад 0.4 хувиар өсөж, өмнөх 7 хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сартай харьцуулахад 5.8 хувиар өсөж, өмнөх 7 хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2017 оны 3-р сарын 22-ны      байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 1.7 хувиар буурч, луувангийн үнэ 1.4 хувь, байцааны үнэ 56.1 хувь, хүрэн манжингийн үнэ 5.9 хувь, сонгинын үнэ 2.8 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнтой харьцуулахад төмсний үнэ 2.0 хувиар буурч, байцааны үнэ 14.3 хувиар өсөж, бусад хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2017 оны 3-р сарын 22-ны байдлаар сүүний үнийг өмнөх сартай харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 5.1 хувь, задгай сүүний үнэ 33.3 хувиар өсөж, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 2.1 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 2.1 хувиар өсөж, бусад сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 7.6 хувиар өсөж, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 1.2 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 1.1 хувиар өсөж, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

О.Соёмбо

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.