Зам тээврийн ослыг бууруулахад анхаарна

2017-12-13 Нийслэл

НИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга С.Амарсайхан зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд замын цагдаагийн албаны үйл ажиллагаатай танилцаж зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.
2017 оны 11-р сарын байдлаар улсын хэмжээнд 290 хүүхэд зам тээврийн осолд өртсөн. Мөн зам тээврийн ослоор 310 хүн гэмтэж 101 хүн нас барсан харамсалтай тоо баримт байна. Тиймээс зам тээврийн ослыг бууруулахад иргэд ч өөрсдийн сонор сэрэмжтэй байх, эцэг эхчүүд хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгч, авах зэрэг хариуцлагаа сайжруулахад анхаарах зайлшгүй шаардлагатай байна гэдгийг Замын цагдаагийн албаныхан дурдав.
Уулзалтын үеэр зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг дэмжиж, тус албаны ажлын байрны орчин нөхцлийг сайжруулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах зэрэг асуудалд үргэлж анхаарал хандуулж ажиллана гэдгээ НИТХ-ын дарга хэллээ. Энэ удаад замын цагдаагийн албаны хүсэлтийн дагуу тус албанд нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжид 189 сая төгрөг, Замын цагдаагийн албаны шинээр баригдах барилгын зураг төсөвт зарцуулах 250 сая төгрөгийн асуудлыг шийдвэрлэхээр боллоо. Мөн замын цагдаагийн албан хаагчдыг ёс зүй, ажлын гүйцэтгэлдээ илүү их анхаарч ажиллахыг хүслээ гэж НИТХ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.