Хангай хонь хөшөөнд мөнхөрлөө

2019-07-4 Сэлэнгэ

Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд “Хангай” үүлдрийн хонь үржүүлсний 60 жилийн ойд зориулан  дурсгалын хөшөө босголоо.

Энэхүү хөшөөг “Хангай” үүлдрийн хонийг маллаж амжилтанд хүрсэн Хөдөлмөрийн баатар, гавъяат малчид тэдний үр хүүхдүүд санаачлан босгожээ. Жилдээ 1500 тн ноос боловсруулах хүчин чадал бүхий нэхмэлийн үйлдвэр ашиглалтад орсон тэр үеэс түүхий эдийн найдвартай эх үүсвэрийг  бүрдүүлэх, арвин их ашиг шимтэй малын тоо толгойг нэмэгдүүлэх зорилгоор нарийн ноост  “Хангай” үүлдрийн хонь бий болгох ажлыг 1959 оноос эхлүүлсэн байна. Ингэж анхны ялгалтаа хийж,  Цагааннуур суманд өсгөн үржүүлсэн түүх эхэлжээ. Иймээс ч цагааннуурчууд “Хангай” хонины 60 жилийн ойгоо ийн сэтгэл зүтгэл гарган тэмдэглэж, энэхүү хөшөөг нээжээ.

Цагааннуур сум нь газар тариалан эрчимтэй хөгжсөн малын тэжээл үйлдвэрлэх боломжийг олгож байгаа төдийгүй ойт хээрийн бүс нутагт ордгоос гадна Хангай үүлдрийн хонийг олон жил малласан малчид тэдний үр хүүхдүүд нэлээдгүй байгаа нь цаашид уг хонийг өсгөн үржүүлэх боломжтой гэдгийг сумын ИТХ –ын дарга онцоллоо. Иймээс ч Хангай хонины тоо толгойг  өсгөх талаар багагүй ажлыг хийхээр төлөвлөсөн аж.

Нарийн, нарийвтар ноост хонины аж ахуйг хөгжүүлснээр монгол нарийн даавуу, сүлжмэл эдлэл хийх боломжтой болсон аж. Хангай хонины 300-400 грамм ноосоор 1 метр даавуу хийдэг бол, монгол хонины 1 кг ноосоор 1 метр цэмбэ хийдэг байна. Ингэж үе үеийн олон эрдэмтэн мэргэд, мэргэжилтэн, малчдын нөр их хөдөлмөрийн үр дүнд нарийн ноост Хангай үүлдрийг бий болгосон хэмээн эрдэмтэн  Б.Минжигдорж  ярилаа.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2019 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.