Дундговь аймгийн зүүн бүсийнхэн “Тэмээний баяр”-аа хийлээ

2018-12-24 Дундговь


“Угтуулын хүрэн тэмээ” холбооноос санаачлан Дундговь аймгийн Зүүн бүсийн сумдын тэмээчид “Тэмээний баяр”-аа 12 дугаар сарын 22-ны амралтын өдөр Говь-Угтаал сумнаа зохион байгууллаа.

Зүүн бүсийн “Тэмээний баяр”-т Цагаандэлгэр, Дэрэн, Өлзийт, Дэлгэрхангай сум болон Өмнөговь аймгийн тэмээчид оролцож, тэмээн поло, буухиа, торомны уралдаан зохион байгуулсан нь тэмээг аж ахуй, амьдралдаа ашигладаг соёл, уламжлалыг харуулж, тэмээчид тэр чадвараараа өрсөлдсөн онцлогтой үйл ажиллагаа болсон байна.

Тэмээчдийн ахуй, соёлыг харуулсан “Буухиа” тэмцээнээр таван хүнтэй найман баг таван минутанд тэмээ хомнож, ачаа тэгнэн буйл зорж, бурантаг томон өрсөлджээ.

Мөн “Сайхан бие галбиртай буур болон ингэ шалгаруулах”, “Сайхан тэмээтэн”, “Сайхан гоёл чимэглэлтэн”, “Сайхан хувцасласан хос”, “Өвлийн дах дэгтий”, “Дулаан хувцас”-ны шалгаруулалт гээд олон төрлөөр тэмцээн болж, тэмээчид идэвхитэй оролцжээ.

Зүүн бүсийн “Тэмээний баяр”-т УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, УИХ-ын гишүүн асан Н.Тогтох болон аймаг, сумдын удирдлагууд оролцож, мэндчилгээ дэвшүүлжээ.

Ирэх онд Зүүн бүсийн тэмээчдийн баяраа Дэрэн суманд зохион байгуулахаар болж, “Шилжин явах цом”-ыг Дэрэн сумын ИТХ-ын дарга Х.Довуучийд гардуулж өгсөн байна.

Дундговь аймгийн хэмжээнд 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор 36,8 мянган тэмээ тоологдож, өмнөх онтой харьцуулахад 8,7 хувиар өссөн байна.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2019 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.