Дамбадаржаалин цогчин дуганы 100 жилийн ойд зориулж цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ

2019-08-7 Дундговь

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Угтаал сангийн далай хийдийн Дамбадаржаалин цогчин дуганы 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан тус хийдийн урд цэцэрлэгт хүрээлэн байгуулж, лам нарын байрлах байрыг барьж, нээлтээ хийсэн байна.

Нээлтэд Аврал итгэлт Есдүгээр Богд Жавзандамба хутагтын тааллын шавь Түгсрай Ринбүүчи, хийдийн төлөөлөл лам хуврагууд, сумын удирдлагууд, сүсэгтэн олон оролцжээ.

Энэ үеэр наймдугаар Богд хааны Монголын ард түмэндээ зориулан айлдсан айлдвар сургаалийг бүрэн багтаасан “Монгол улсын хаан, наймдугаар Богд Жавзандамба хутагтын буман зарлиг” хэмээх номыг хэвлүүлж, хийдийн бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулсан сүсэгтэн олонд  дурсгал болгож гардуулсан аж.

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын төвд орших Угтаал сангийн далай хийдийг 1810 онд байгуулсан бөгөөд буддын шашныг мандуулах цогчин дуганыг түмэн амьтныг амар тайван байлгах зорилгоор 1918-1919 онд барьжээ.

Түшээт хан аймгийн Говь Түшээ гүний хошууны Тотьгальдаа /гарын дарга/ гэгч хүн цогчин дуганы өмнө 1-ээс 2 км-ын зайд байдаг ундарга сайтай усанд адуугаа усалж, Хар бутангийн дэнж дээр номын байшин бариулснаар Сангийн далай хийд гэж ард нийтэд нэрлэгдэх болсон түүхтэй.

Сүүлийн жилүүдэд дуганы үйл ажиллагаа сэргэж, сүсэгтэн олныхоо сайн сайхан, амар амгалан байхын тухайд  хурал ном хурж, буян номоо түгээж байна.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2019 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.