Говь-Алтай аймгийн Алтай, Бугат сумдад бага оврын онгоц нисэж эхэллээ

2020-06-22 Говь-Алтай

Гэрэл зургийн эх сурвалж: ЗТХЯ

Говь-Алтай аймгийн Алтай, Бугат сумд руу “Геосан” ХХК-ийн “Цесна Гранд Краван 208В” бага оврын онгоц нисгэж эхэллээ.

“Цесна Гранд Краван 208В” онгоц нь 12 хүний суудалтай, 8,340 метр өндөрт, 341 километр цагийн хурдтай, 1,700 километр алслалтай нисэх аж.

Алтай, Бугат сумд нь аймгийн төвөөс алслагдмал, хүн ам ихтэй, өндөр уулс, даваа бартаатай, ялангуяа өвөл, хаврын улиралд зам, даваа хаагдаж аймгийн төв рүү зорчиход хүндрэл үүсдэг.

Харин ийхүү бага оврын онгоц нисэж эхэлснээр алслагдмал сум суурингийн өндөр настан, нялх хүүхэдтэй эхчүүд, эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авах шаардлагатай иргэдэд аймгийн төв, нийслэл хот руу түргэн шуурхай зорчих боломж бүрдэж, төрийн үйлчилгээ иргэдэд ойртож байна.

Цаашид 21 аймгийн 116 байршилд ерөнхий зориулалтын агаарын хөлгийн зурвас байгуулах бөгөөд эхний ээлжид Дорнод аймгийн Баяндун, Халхгол, Хэнтий аймгийн Галшар, Биндэр, Дадал зэрэг суманд хөөрч, буух зурвас байгуулахаар ажиллаж байна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2020 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.