Зөв, буруугийн дэнс

2017-06-6 Uncategorized

Цуврал сурвалжлага: Хоёр

-Анх 11 лиценз байсан ч зургаа болж цөөрөв-

Орон нутгийн засаг захиргаа, нутгийн иргэд, сумын байгаль хамгаалах төрийн бус байгууллагуудын хамтын тэмцлийн үрээр Тост, Тосонбумбын нуруу олны анхааралд өртсөн. Ялангуяа, Ирвэс хамгаалах сангийн биологич Т.Лхагвасүмбэрэл нас барсан нь уг асуудлыг өндрөө авхуулахад голлон нөлөөлсөн нь нууц биш. Ямартай ч энэ мэт олон шалтгааны улмаас 2016 оны дөрөвдүгээр сард Засгийн газраас Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргасан юм. Улмаар хилийн цэс тогтоох үүргийг Засгийн газарт даалгасан байдаг. Гэтэл тусгай хамгаалалтад авах хилийн цэс дотор 11 тусгай зөвшөөрөл байв. Нэгэнт төрөөс эдгээр тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу өгсөн тул буцааж авах тохиолдолд нөхөн олговор өгөх үүрэгтэй. Харин энэ хямралын үед “май” гээд гаргаад өгчих олон тэрбум төгрөгт засаг байхгүй. Ингээд тодорхойгүй байдал үүсч эхэлжээ. Орон нутгийнхан хүлээсээр, Засгийн газраас нөхөн олговорт өгөх мөнгө байхгүй гэсэн тайлбар тавиад таг болсон.

Иймээс энэ байдлыг удаан ажиглаж, хүлээж цөхөрсөн сумын иргэн Ж.Батбаяр шүүхэд нэхэмжлэл гаргаж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэжид хилийн цэсийг яаралтай тогтоох асуудлаар идэвхитэй хөөцөлдөх болсон юм. Б.Дэжидийн хувьд өмнө нь сумынхаа ИТХ-ын даргаар хоёр улирч ажилласан тул лиценз олголт, түүнтэй холбоотой асуудлыг сайн мэднэ. Мөн сумын Засаг дарга Г.Гангамаагийн хамт зүтгэж 2010 онд Тост, Тосонбумбын нурууг орон нутгийн тусгай хамгаалалтад оруулж байсан нэгэн.

Б.Дэжид нэхэмжлэл гаргасан ч шүүх хурал зарлагдахгүй явсаар 2016 оны наймдугаар сард урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байна. Сонирхолтой нь Ашигт малтмал, газрын тосны газраас тус оны есдүгээр сард дээр өгүүлсэн 11 тусгай зөвшөөрлөөс тавыг нь цуцалсан байдаг. Эдгээр таван лиценз бүгд хугацаа нь дуусаад 3-4 жил болсон байжээ. Нэг үгээр хэлбэл, хэн нэгэн иргэн нэхэмжлэл гаргаж, араас нь нэхэл дагуул болсны дараа л нэгэнт хугацаа нь дууссан лицензийг цуцалсан байгаа юм. Уг нь хуулийн дагуу эдгээр таван лицензийг аль эрт цуцалчихсан байх ёстой байв. Ингээд цаана нь 11-ээс 5-ыг хассанаар нийт зургаан лицензийн асуудал үлдлээ. Энэ бол “Намуунт од”, “Мөнхийн номхон далай”, “Элбэг орд”, “Эн Си Ар Ай”, “Эф Эм Ай” гэсэн таван компанийн зургаан лиценз юм.

Шүүх хурал хойшилсоор…

Гурван тэс сумын нийт иргэний төлөөлж Б.Дэжид, түүний өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл нар нэхэмжлэл гаргаснаар Ашигт малтмал, газрын тосны газрыг хариуцагчаар татсан. Компаниуд монголын төр газраа буцаан авч болно. Харин бид хуулийн дагуу лиценз эзэмшиж байгаа тул нөхөн олговор өгөөрэй. Тэгвэл лицензээ хэл амгүй хураалгахад гомдох зүйлгүй хэмээн гүрийх нь ойлгомжтой. Үүнийг нь АМГТГ-аас дэмжиж хуулийн дагуу ажиллаж байсан хэмээн нотолж эхэлсэн. Манай улсын ашиглалт болон хайгуулын бүхий л лиценз, түүнтэй холбоотой харилцаа, албан бичгийн архивыг хадгалж, зохицуулж байгаа хууль ёсны байгууллага бол яах аргагүй АМГТГ. Тэдний хэлсэн үг, баримт бүхэн хамгийн бодитой, шүүхийн өмнө хөдлөшгүй баримт бичиг болох учиртай.

Харин Б.Дэжид, өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл нар дээрх эрх дарх бүхий байгууллагын өмнөөс “бүдүүн зүрх гаргаж” лиценз эзэмшигч таван компанид нөхөн олговор өгөх хууль эрхзүйн үндэслэл байхгүй хэмээн мэдэгдсэн. Үндэслэлийг нь тайлбарлая. Өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл зургаан лицензид нөхөн олговор өгөхгүйгээр хуулийн дагуу цуцлах хангалттай үндэслийг ийн хэлсэн. Тэрбээр “Нийт зургаан тусгай зөвшөөрлийг цуцлахыг АМГТГ-ын кадастрын хэлтсийн даргад даалгаж өгөөч гэж шүүхэд хандсан. Дараах цуцлах үндэслэл бий. Ашигт малтмалын тухай хуулийн 31.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасан. Тухайлбал, 33 дугаар заалт дээр нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч эхний 1-3 жилдээ тийм хэмжээний доллар, 4-6 жилдээ тийм хэмжээний долларын ажил хийнэ гэх зэргээр 12 жил хүртэл хийх ажлыг нарийн зааж гаргасан байдаг. Ийм ажлыг гектар тутамдаа хийх ёстой. Үүнийг хийгээгүй бол дээрх үндэслэлээр лицензийг ямар нэг нөхөн олговор өгөхгүйгээр цуцлах ёстой. Энэ үндэслэлээр цуцлах хүсэлт тавьсан. Гэвч АМГТГ-аас үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, 2013-2016 он хүртэл жил бүр энэ ажлыг хийж, тайлангаа баталгаажуулж байсан гэсэн зүйлийг шүүхэд гаргаад өгчихсөн байдаг. Гэтэл бодит байдал дээр сумын ИХТ болон байгаль орчны улсын байцаагчийн дүгнэлтээр энэ компаниуд ерөөсөө ажил хийгээгүй гэдгийг тодорхойлоод гаргаад өгчихсөн” хэмээсэн юм.

Нэг үгээр хэлбэл, хайгуулийн зөвшөөрөл авсан компани хуулийн дагуу хайгуулийн ажил зайлшгүй гүйцэтгэх үүрэгтэй юм байна. Хайгууль хийх хугацаа, шатлал, зарцуулах хөрөнгийн хэмжээг хуульд тодорхой зааж өгсөн байдаг аж. Энгийн логикоор бодсон ч төр тухайн газар хайгууль хий гэж лиценз өгсөн болохоос авчихаад хадгалаад бай хэмээн зөвшөөрөл олгоогүй. Тиймээс лиценз эзэмшсэн компани хуульд заасны дагуу тодорхой шатлалтайгаар, зохих хөрөнгө оруулалтыг хийж хайгуулийн ажил явуулах учиртай.

Дээрх таван компани хайгуулийн ажил хийгээгүй болохыг Б.Дэжид батлан ярьсан. Учир нь тэрбээр сумынхаа ИТХ-ын даргаар улирч ажиллаж байсан. Мөн Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах асуудлаар хамтарч хөөцөлдсөн Г.Гангамаа сумын Засаг даргаар олон жил ажиллаж байсан нэгэн юм. Тиймээс дээрх хоёр хүний гараар лиценз эзэмшигч компаниудтай холбоотой бүхий баримт бичиг, зөвшөөрөл дамжиж байсан тул хуульд заасны дагуу хайгуулийн ажил хийгээгүй болохыг баттай мэднэ хэмээсэн. Энэ талаар Б.Дэжид “Хамгийн гол нь цуцлах үндэслэл нь байгаад байхад Ашигт малтмал, газрын тосны газар өнөөдрийг хүртэл цуцлахгүй байна. Энэ тусгай зөвшөөрлүүд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр учир Засгийн газар Тост, Тосонбумбын нурууг хамгаалалтад авснаар дээрх компаниудад нөхөн олговор төлнө. Үгүй бол тус нурууг тусгай хамгаалалтад бүхлээр нь авах боломжгүй гэсэн бодолтойгоор АМГТГ байгаад байна. Гэтэл энэ компаниуд 2013 оноос хойш хайгууль хийгээгүй, очиж ажиллаагүй. Тиймээс цуцлах үндэслэлүүд хангалттай байна гэж харж байгаа” хэмээн хэлсэн. Үүнээс гадна Гурван тэс сумын байгаль орчны улсын байцаагч А.Атар шүүхэд хайгуулийн ажил хийгээгүй болохыг баталсан дүгнэлт хүргүүлсэн байна.

Эргэлзээ

Тухайн орон нутгийг удирдаж байсан хамгийн том эрх мэдэл бүхий ИТХ-ын дарга, Засаг дарга нар, мөн сумын байгаль орчны улсын байцаагч нар дээрх компаниудыг хайгууль хийгээгүй болохыг баталж байхад АМГТГ-аас яагаад үгүйсгэв. Тус газраас шүүхэд өгсөн тайлбартаа “Р.Батбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэжидийн нэхэмжлэлтэй Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох доор дурдсан нэр бүхий 8 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн 10 тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д, 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасан үндэслэлээр дуусгавар болгох, цуцлахыг Кадастрын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна” хэмээжээ. Тухайлбал, “Мөнхийн номхон далай” компани нь уг хайгуулын ХҮ-013109 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хайгуулийн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2013-2015 оны жилийн төлөвлөгөө хянуулсан, 2013-2015 оны тайлангаа хянуулан зардлын доод хэмжээгээ баталгаажуулсан тухай дурджээ. Энэ мэтээр бүх лиценз эзэмшигч хуулийн дагуу зохих тайлангаа гаргасныг дурдаж, Б.Дэжидийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй тул хүчингүй болгож өгөхийг хүссэн байна.

Д.Мөнхтамир: Хуулиар хянах үүрэг нь орон нутаг дахь

мэргэжлийн хяналтын байцаагчид нь бий

Энэ тухай АМГТГ-ын Кадастрын хэлтсийн дарга Д.Мөнхтамираас зарим зүйлийг тодруулсан.  

-Та бүхэн Тост, Тосонбумбын нуруунд хайгуулийн зургаан тусгай зөвшөөрөл эзэмшдэг компаниуд өнгөрсөн хугацаанд бүгд геологи хайгуулын ажлыг хуульд заасны дагуу хийж ирсэн хэмээн баталж байгаа. Тэгвэл хайгуул хийсэн бол нөөц тогтоосон байх учиртай. Уг нөөц улсын эрдэс баялгийн нөөцийн санд хэрхэн бүртгэгдсэн бэ. Орон нутгийн засаг захиргааныханы хэлж байгаагаар эдгээр компани нөөц тогтоох хэмжээний геологи хайгуулын ажил явуулаагүй, их хэмжээний хөрөнгө зараагүй гэдэг. Тэд танай байгууллагыг газар дээр нь очиж танилцалгүйгээр зөвхөн бичиг баримт үндэслэж компаниудыг нөөц тогтоосон, их хэмжээний хөрөнгө оруулалт оруулсан мэтээр хамгаалаад байна гэж хардсан?

-Энэ бол иргэний нэхэмжлэлтэй хэрэг. Шүүх дээр явж байгаа. Нөөцийн хувьд Геологи, бодлогын хэлтэс дээр тайлан тооцоо нь байгаа байх. Тэндээс асуух хэрэгтэй. Ерөнхийдөө улсын нөөцөд аваад тус хайгуулын зөвшөөрлүүдийг түтгэлзүүлсэн. Одоо эрж хайх болон ашиглалтын ямар ч үйл ажиллагаа явагдахгүй байгаа. Үүнээс гадна тусгай хамгаалалтад аваад тухайн нөөц газрын хилийг тогтоох ажил хийгдэж байна. Энэ бол шүүхийн ажилтай холбоогүйгээр хийгдэж байгаа зүйл. Анхан шатны шүүх хурал 2 дугаар сарын 6 хүртэл хойшлоод байна. Манайхаас шүүхэд тодорхой тайлбаруудаа өгсөн. Дээр нь шүүхийн магадлалын журмаар Өмнөговь аймагт очиж газар дээр үзэж танилцахаар тогтсон.

Танай байгууллага лиценз олгосноос хойш хайгуулийн ажил хийгдсэн эсэхийг зөвхөн бичиг баримтын түвшинд хүлээн авч танилцаж байна уу. Өөрөөр хэлбэл, АМГ-аас геологи хайгуулын ажлыг газар дээр нь очиж хянаж баталгаажуулдаг уу?    

-Тусгай зөвшөөрөл авсан компани хуулийн хугацаанд төлөвлөгөө тайлангаа өгдөг. Тайлан мэдээллийг татварын болон санхүүгийн баталгаажуулалт хийдэг. Дээр нь орон нутагт шуурхай хяналт гэж бас байна. Ингэхдээ 2000 лицензийг нэг жилийн дотор багтааж бүрэн хянах боломжгүй. Тайлан дээр хэсэгчилсэн байдлаар маршрутын дагуу хяналтыг хийж гүйцэтгэдэг. Ер нь Ашигт малтмалын хуулиар хянах үүрэг нь орон нутаг дахь мэргэжлийн хяналтын байцаагчид нь бий.

Одоо л иргэний шүүхэд хайгуулийн ажил явагдаагүй гэсэн маргаан гарч байна. Өмнө нь орон нутгаас дээрх компаниудыг хуулийг дагаж биелүүлж байсан гэсэн тодорхойлолтууд гаргасан байдаг. Яг хайгууль хийсэн эсэхийг газар дээр нь очоод шалгахад болохгүй зүйлгүй. Өрмийн цооног, шуудуу зэргийг хянахад бүрэн бололцоотой.

-Хэрэв компаниудад нөхөн олговор өгөх бол хэр хэмжээтэй байх вэ?

-Эхлээд тусгай хамгаалалтад авах газрынхаа хил заагийг тогтооно. Ингэснээр хэдэн га газар, аль аль нь тодорхой болсны дараа нөхөн төлбөрийн асуудлыг тооцож үзэх шаардлагатай.

Хянах чиг үүрэг хаана явна вэ

Албаны хүний дээр өгүүлсэнчлэн лицензийг хуулиар хянах үүрэг нь орон нутаг дахь мэргэжлийн хяналтын байцаагчид нь байдаг аж. Өөрөөр хэлбэл, энэ байцаагч төрийг төлөөлж орон нутагт нь лиценз эзэмшиж буй компанийн үйл ажиллагааг хянах бүрэн эрхтэй төлөөлөгч юм. Тэгвэл Гурван тэс сумын байгаль орчны улсын байцаагч А.Атар дээрх таван компанийг хуулийн дагуу хайгууль хийгээгүй болохыг баталсан бичгийг шүүхэд хүргүүлсэн юм. Гэтэл төрийн байгууллага үүнийг хүлээн зөвшөөрсөнгүй. Өөрөөр хэлбэл, нэг л авцалдаагүй зүйл ажиглагдана. Бас нэг баримт дурдвал, АМГТГ шүүхэд өгсөн хариу тайлбартаа дээрх компаниуд өнөөг хүртэл хуулийн дагуу, тус байгууллагын хараа хяналт дор хайгуулийн ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж ирснийг дурдсан байдаг.  Гэтэл өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл “Шүүх хурал анх хуралдахаар зарлагдсанаас хойш өнөөдрийг хүртэл нэхэмжлэлд дурдсан тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх учраас шүүх хуралдаанд заавал оролцуулах ёстой гэсэн үндэслэлээр дөрвөн удаа хойшлоод байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудад Ашигт малтмал, газрын тосны газар болон Улсын бүртгэлийн газарт байгаа хаяг, байршлийн дагуу шүүхээс мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Гэвч тухайн хаягт байхгүй байна гэсэн тайлбартайгаар буцаж ирээд байгааг шүүхээс мэдэгдсэн” гэсэн тайлбар хэлсэн. Өөрөөр хэлбэл, АМГТГ-аас авсан хаяг байршил яагаад зөрж, өнөөг хүртэл шүүхийг хоосон хаалга мөргүүлэхэд хүргэж байна вэ. Та бүхэн тэдгээр компаниуд хаана байрлаж байгааг мэдэхгүй байгаа юм биш үү. Удирдлагуудыг нь лицензтэй холбоотой аливаа асуудлаар дуудаж уулзах эрх мэдэл, чадавхигүй яваад байгаа юм биш биз хэмээн асуухад хүргэж байна. Хэрэв үгүй бол яагаад шүүхийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж компани, түүний удирдлагуудтай нь холбоод өгч болохгүй байгаа юм бэ гэсэн асуулт ургана. АМГТГ өөрийн өмч хөрөнгөөс тасдаж лиценз олгодоггүй. Байгалийн баялаг, газар нутаг бол ард түмний өмч билээ. Тиймээс төрийн байгууллага бол ард түмний эрх ашгийн төлөө үйлчлэх цор ганц үүргийг чиглэлээ болгох учиртайг мартаж болохгүй.

“Ашиг сонирхолын зөрчлийг ил гаргаж, задлахгүй бол болохгүй”

Лиценз олголт, түүний хяналт, хариуцлагатай холбоотой асуудлаар “Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн, Өгсөн авснаа нийтэл эвслийн зохицуулагч Н.Баярсайхантай ярилцлаа.

-Зарим компани хайгуулын ажил хийсэн хэмээн бичиг баримтын түвшинд бүрдүүлээд холбогдох газруудад өгчихдөг. Гэтэл бодит газар дээр ямар ч ажил хийгээгүй байх нь олонтой. Төрийн байгууллага тухайн компаниа хамгаалаад байдаг. Ийм нөхцөл байдал үүсэх шалтгааныг та хэрхэн харж байна вэ?

-Хоёр зүйл бий. Нэгдүгээрт, хайгуулын ажлын төлөвлөгөө гаргадаг. Үүнд тэдэн удаа өрөм тавьна. Тэнд тавьна. Хэдий хэмжээний хөрөнгө зарна гэх зэргээр тооцож гаргана. Энэ төлөвлөгөөг хийдэг хүн цөөхөн байгаа юм. Ашигт малтмалын газар дээр суудаг кадастрын албаныхан өөрсдөө ажлын бус цагаараа суугаад хийдэг. Өөрийнх нь хийсэн зүйл дээр тухайн компани тайлангаа өгнө. Өөрөөр хэлбэл, тухайн компани төлөвлөгөөний дагуу ажил хийсэн, хийгээгүйгээс үл хамаарч над дээр ирээд тайлангаа өгнө. Би өөрийн боловсруулсан төлөвлөгөөгөө батлаад дараа жилийнхийг нь дахиад хийж өгч байгаа юм. Үүнийг ялгаж салгаж ил болгож чадахгүй байна.

Хоёрдугаарт, өмнөх компаниас лицензийг нь аваад есөн жил болчихсон. Ингээд дахин лицензтэй компанийг худалдаад, нөгөөх нь нэрийг нь сольж аваад лицензийн талбай нь хэвээрээ дахин есөн жил болж байна. Ингээд явахаар зарцуулсан хөрөнгөө олохын тулд нөгөө компани чинь хөрөнгө оруулагчдад худлаа мэдээлэл өгчихөж байна. Дахиад л төлөвлөгөө гаргаад явна. Тэрийг хэн баталж байгаа юм. Төлөвлөгөө хийсэн хүн өөрөө баталж байна. Уул уурхайн яамны Эрдэс баялгийн зөвлөл, Байгаль орчин аялал жуулчлалын яаман дээр байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ, менежментийн төлөвлөгөөг боловсруулдаг, хяналт тавьдаг, баталдаг хүмүүс ерөөсөө нэг л байгаа юм. Тэгэхээр аалзны шүлс шиг энэ зүйлийг задлах ёстой. Тухайлбал, Байгаль орчин аялал жуулчлалын яаманд “Эко Ази” дээд сургуулийн нэг багш байгаль орчны үнэлгээ баталдаг байгаль орчны зөвлөлийн гишүүн байх жишээтэй. Мөн үнэлгээний компанитай, мөн байгаль орчны аудитын компанитай. Тэгээд салбарынхаа сайд байсан хүн байвал яах уу. Ингээд ашиг сонирхолын зөрчлийг ил гаргаж, үүнийг задлахгүй бол болохгүй байна.

-Үүнийг хэрхэн хязгаарлаж болох вэ?

-Олон улсад туршлага бий. Байгаль орчны нарийвчилсан төлөвлөгөө, Хайгуулийн ажлын төлөвлөгөөг батлах комиссыг нэлээн олон хүнтэй, сонгон шалгаруулалтаар авчихана. Жишээ нь өнөөдөр таван төлөвлөгөө батлах бол хүмүүсээ сонгон шалгаруулалтаар авах юм. Гэнэт намайг дуудаад үүнд дээр ажил гэнэ. Ийм байдлаар хүмүүсээ сонгож ажиллуулснаар сонирхолын зөрчил арилна. Тэдний цалинг төрөөс өгнө. Ер нь аль болох нүүр тулж тохиролцоо хийх, зөвшөөрөл өгөх, эрх олгох боломжуудыг болих хэрэгтэй. Ингэхээр л дотроо тохиролцох магадлал үүсээд байна.

-Лицензийн мэдээлэл хэр нээлттэй байна вэ?

-Ашигт малтмалын газарт лицензийн мэдээлэл хангалттай хэмжээд байсан. Хүснэгтэн жагсаалт байсан. Тэнд лиценз эзэмшигч, талбайн хэмжээ, хөрөнгө оруулагч гээд бүх мэдээлэл байсан. Үүнийгээ зурган хэлбэрт оруулаач гэсэн чинь хүснэгтээ аваад хаячихсан. Энэ хоёр хамт байж л хүчинтэй, ойлгомжтой болно. Нөгөө нэг зүйл гэвэл лицензид цаг тутам хөдөлгөөн орж байдаг. Энэ шилжилт хөдөлгөөнийг статистик мэдээллээр гаргаад өгөөч. Нэгэнт өгсөн лицензийг ил болгож байгаа нь сайн хэрэг. Гэхдээ хангалтгүй. Уг нь тухайн талбайд өрсөлдөж байгаа компаниудыг анхнаас нь мэдээлдэг бол тун сайн. Манай нутгийн тэр талбай дээр тийм компани лиценз авахаар өрсөлдөж байгаа юм байна гэж иргэд мэднэ. Ингэснээр заавал 30 хоногт хавчигдаж шийдвэрлэх гэж зүтгэхгүй. Өмнө нь мэдээлэлтэй байж ул суурьтай шийдэх юм.

Г.Батзориг

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.