ӨМӨЗО-ны 35 мянга орчим иргэн аялал жуулчлалыг түшиглэн ядуурлаас салжээ

2017-10-10 Ертөнц
Зураг
ӨМӨЗО-ны  57 хошуу нутгийн 294 тосгонд аялал жуулчлал түшин амьдрах 35000 иргэн ядуурлаас ангижирч чаджээ. Тэд урьд өмнө гэр бүлээрээ газар тариалан эрхэлж, жилийн 4 улиралд цаг наргүй ажилласаар гэдсээ цатгах хэмжээний мөнгө олдог бол одоо аялал жуулчлал хөгжсөн үзэсгэлэнт газруудыг түшиглэн жижиг бизнес эрхлэх, ажил хийх зэргээр ядуурлаас салж, өрхийн жилийн орлогоо хэд дахин нэмэгдүүлж байна.
Өвөр Монголын Ордос, Сайншавар Улаанцав зэрэг үзэсгэлэнт нутгийн их элсэн цөл, тал нутгийн соёл, тэдний Үндэсний хуримлах ёслол зэргийг үзэхээр жилийн 4 улиралд жуулчид тасардаггүй бөгөөд ойролцоох нутгийн иргэдийн амьдралд ч огцом эргэлт гарахад нөлөөлжээ. Түүнчлэн өөр нутагт очиж ажиллаж байсан залуус бага багаар нутагтаа эргэн ирж ажиллаж амьдрах болсон ба ингэснээр жилийн орлогоо хэд дахин нэмэгдүүлдэг байна.
Энэ оны нэгдүгээр сараас ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын газраас “ӨМӨЗО-ны бэлчээрийн мал аж ахуйн бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэн ядуурлыг бууруулах төсөл” хэрэгжиж эхэлсэн ба цаашид аялал жуулчлалаар дамжуулан ард иргэдийг дэмжих, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөжээ. Мөн энэ онд “Хөдөөгийн аялал жуулчлалыг дэмжих, эрүүл хөгжлийг хэрэгжүүлэх төсөл”-ийн хүрээнд хөдөө нутагт аялал жуулчлалын жишиг тосгон байгуулах, орчин үеийн хөдөө аж ахуйн ферм барих, Үндэсний хэмжээний амралт сувиллын тосгон байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжлийн шинэ түвшинд хүргэх  ажил хийхээр төлөвлөөд байна. Ийнхүү ӨМӨЗО ард иргэдээ ядуурлаас аврах, залуу боловсон хүчнээ нутагтаа эргэн татах, нийт бүс нутгийн эрүүл хөгжлийн хамгийн үр дүнтэй шийдлээр “Аялал жуулчлал”-ыг сонгоод байна.
<

Өнөөдрийн онч үг

1 цагийн өмнө

© 2021 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.