Томсгосон тойрогтой, мажоритар тогтолцоо нь зөвхөн эрх баригчдад ээлтэй байлгүй яах вэ

2019-12-17 Нийтлэл

МАН-ын Удирдах зөвлөл болон УИХ дахь бүлгийн гишүүд ирэх оны сонгуулийг томсгосон тойрогтой, мажоритар тогтолцоогоор зохион байгуулахаар хуульд тусгахаар санал нэгдсэн нь ирэх сунгааны эцсийн дүн бараг тодорхой болчихлоо. Мэдээж энэ хувилбар нь Үндсэн хуулийн өөрчлөлтөөр аливаа нам 20 мянгаас дээш гишүүдтэй байж л үйл ажиллагаа явуулах эрх нээгдэнэ гэсэн үг. Тиймээс улс төрийн эрхийг ээлжлэн барьж ирсэн томоохон намуудад ээлтэй тогтолцоо. Тэр дундаа МАН-ын хувьд олонхи хэвээрээ үлдэж, улаан дарцагаа намируулах сүүлийн боломж. Тийм ч учраас луухгарууд юун төлөө олонхи билээ өөрт ашигтай хувилбараа сонгож, зөөлөн сэнтийдээ үлдэх нь зүй ёсны хэрэг ч юмдаг уу. Тэгэхээр энэхүү тогтолцоо нь сонгогчдын саналын савалтыг багасгадаг. Тэр утгаараа өдгөөгийн ЖДҮ, 60 тэрбум, концесс гэх мэт хэрэгт холбогдон ад үзэгдээд байгаа нөхдүүд бүгд буцаад суудалдаа үлдэх л дүр зураг харагдаж байна.

Нөгөөтэйгүүр, ирэх сонгуульд жижиг намууд, бие даагчдад бараг боломж үгүй. Зүй нь сонгуулийн цөөхөн хоногийн сурталчилгааны хугацаанд хөдөө орон нутагт нэр дэвшигчид хэт их хөрөнгө зардаг гэдгийг өмнө нь энэ хувилбараар явуулсан сонгуулиудаас бид мэднэ. Өөрөөр хэлбэл, сонгуулийн зардал асар их өсдөг. Энгийн нэр дэвшигчид энэ зардлыг хүчрэхгүй. Харин эрх баригчид бол хичнээн л бол хичнээн мөнгө сонгуульд цацах чадалтай болсоны илэрхийлэл нь эл хувилбар аж. Нөгөөтэйгүүр, сонгогчдод хэдийнэ танил болсон, албан тушаалынхаа буянаар нэлээд эртнээс тойргоо “усалж, сэлбэсэн” хуучны кадруудад ашигтай хувилбар болчихдог гэмтэй л дээ, энэхүү томсгосон тойрогтой, мажоритар тогтолцоо нь. Ер нь тэгээд эрх баригчдын Сонгуулийн хууль, ҮХ-ийн өөрчлөлт зэргийг эхнээс нь эцэс хүртэл бодчихсон, сайтар найруулсан жүжигт бид өөрсдөө ч мэдэхгүй тоглосон байна. Ирэх дөрвөн жилд энгийн бидний амьдралд “Нар гарах” нь юу л бол. Төрийн ордонд суух хэдэн гишүүд нь цаашаа наашаа болно уу гэхээс углуурга нь угтаа МАНАН л байх нь.

 

 

<

© 2020 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.