О.Номин-Эрдэнэ: Хүлээн зөвшөөрөгдсөн Номинизмийг л бүтээхийг хүсдэг

2019-07-2 Made in Mongolia
 Монголчуудын уламжлалт гоо зүйн мэдрэмжийг өвөрмөцөөр илэрхийлж, монгол зургийн аргаар, өнгө будгийн сонирхолтой нийлэмжээр урласан бүтээлүүдийн эзэн   “Эрхэмсэг” хэмээх шинэхэн брэндийн зураач О.Номин-Эрдэнэтэй ярилцлаа.

– “Эрхэмсэг” нэрийн бүтээгдэхүүний онцлог нь юу вэ?

– Бид аяга, халуун баригч сав, mouse pad зэргийг өдөр бүр хэрэглэдэг. Өдөр бүр хэрэглэдэг тэрхүү зүйлсээ гоё сайхан, өнгөлөг байлгавал илүү сонирхолтой шүү дээ. Уламжлалт соёлыг орчин үетэй нийцүүлсэн уран зургийг хамгийн сайн чанарын материалаар хийгдсэн бүтээгдэхүүнүүд дээр буулгасан нь “Эрхэмсэг”-ийн хамгийн том онцлог. Миний хувьд эдгээр бүтээлээ монгол зургийн аргаар зурсан. Зураг тус бүр цаанаа утга агуулга, бэлгэдлийг агуулснаараа мөн онцлог юм.

– Хэдэн наснаасаа зурж эхэлсэн вэ?

– Бараг 2 настайгаасаа зурах авьяас маань илэрсэн гэж ээж маань ярьдаг. Багаасаа дурласан энэхүү сонирхлоо хөгжүүлж, тууштай байсаар 2017 онд Анима ДУДуС-г зураач мэргэжлээр төгссөн. Багш нар маань бидний бүтээл, арга барилыг хараад ямар чиглэлээр явбал илүү тохиромжтой вэ гэдгийг анзаарсан байдаг л даа. Дунд сургуульдаа дагалдаж байсан багш маань ч намайг монгол зургийн аргаар мэргэшвэл амжилттай явна шүү захиж байсан. Багшийнхаа захиасыг дагаж өөрийнхөө хүсэл сонирхолд хөтлөгдөн монгол зургийн аргыг сонгож мэргэшсэн.

– “Нүүдэлчний соёл” компанид яагаад ажиллах болсныг тань сонирхмоор санагдлаа?

– Сургуулиа төгсөөд хийж байсан ажил маань намайг яг хөгжүүлж байна уу үгүй юу гэдэгт эргэлзэж эхэлсэн болохоор өөр зүйл хийж, өөрийгөө өөр талаас нь нээхээр шийдсэн юм. Ингээд “Нүүдэлчний соёл” компанид худалдааны зөвлөх авна гэсэн зарын дагуу очиж уулзахад надад компанийн дотоод соёл, хүмүүсийн харилцаа нь маш таатай, эерэг дулаан мэдрэмжийг төрүүлсэн. Зураач мэргэжилтэйг компанийн удирдлагууд маань сонсоод их таатай хүлээж авсан л даа. Анх ийм бүтээгдэхүүн гаргая гээд бүтээгдэхүүнийхээ концепцийн дагуу зургаа зурах даалгавар аваад энэ дээр л өөрийнхөө чадварыг харуулах юм шүү гэж их ч хичээсэн. Хичээл зүтгэл маань ч амжилттай болж хамт олноосоо болон хэрэглэгчдээс талархлын үгс сонсож урамшиж байгаа.

– Зураач хүний хувьд цаашдаа илүү зурж сурах сан гэсэн ямар нэг чиглэл урсгал бий юу?

– Илүү онцгой бусдаас өөр ахисан түвшний уламжлалт хэв шинж хадгалсан содон зүүд, далд ертөнцийн гэмээр бүтээл зурах хүсэл байдаг. Миний мөрөөдөл хүлээн зөвшөөрөгдсөн Номинизмийг л бүтээхийг хүсдэг дээ. Зургийн чиглэл дотроо олон хэсэгт хуваагддаг.

Жишээ нь, Модернизм, кубизм, абстракт гэх мэт. Эдгээр нь өөр өөрийн өнгө аяс өвөрмөц өөрийн гэсэн бусдаас ялгагдах хэллэг бас дүрслэлтэй байдаг. Би ч мөн ийм л ялгагдах бүтээлтэй болохыг мөрөөддөг.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.