“Оргил”-ын Ж.Ганбаатарын ойворгон явдлууд

2019-05-15 slider

“Оргил”-ын Ж.Ганбаатарын ойворгон явдлууд 1

Улс төрд хүн удахаараа догширдог тал бий. Эсвэл “ногоон”-оороо байхдаа цээжээ дэлдэх хэсэг ч байдаг юм. Хоёр дахь хэсэгт нь багтаж болох нэгэн гишүүн энэ парламентад суугаа нь “Оргил”-ын гэх Ж.Ганбаатар. Тэр уг нь сайн бизнесмэн юм билээ. Чихрийн наймаанаас эхэлсэн түүний бизнес “Энканто” гэх хорооллууд сүндэрлүүлэх хүртлээ юм, юм руу орсноос нь үүнийг харж болно. Хамгийн л ашигтай гэх байрлал бүрт тэр сүлжээ дэлгүүрээ байгуулсан сүйхээтэй эр мөн үү гэвэл мөн. Харин хэр шударгаар энэ амжилтад хүрсэн юм бол оо? Түүний тэргүүлдэг Баянгол дүүргийн МАН-ын хорооны гишүүн, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамъян гуай нэгэнтээ “Буруу сэхсэн Ж.Ганбаатар” нэртэй нийтлэл бичсэн байдаг. Голтой л дүгнэсэн гэж бодож байна.

Тэрбээр “Хүмүүс янз янзаар л баяжих юм. Зарим нь хар хөлсөө гоо­жуулж, хайран биеэ цуцаан байж баяжаад “Одоо ч боллоо доо” гээд олон­тойгоо эвсэг сай­хан явах юм. Зарим нь хул­гайлж, худлаа хэлж бая­жаад дэл сул бүхнийг хамж, дэлхий даамгүй хөрөнгө хураах юм. Шунал нь шулам болсон баячууд ч бий. Сүүлийн 20 жилийн дотор Монголд баяжсан энэ хүмүүс аль ч ангилалд багтдаг байлаа гэсэн би  “Оргил” худалдааны төвийн эзэн, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар гэж хүний тухай бичих гэсэн хэрэг. Энэ хүний тухай би өмнө нь бичиж байсан, одоо ч бичнэ, хожмоо ч бичих л болно” гэж эхэлдэг энэ нийтлэлд олон ноцтой баримтууд дурдагдсан нь бий. Тухайлбал “… Их мөнгөтэй баян тансаг хүн олон болжээ. Гэхдээ өдий хүртэл би Ж.Ганбаатар гэж хүн шиг “буруу сэхэж” байгаа хүнийг даанч үзсэнгүй дээ. Ард түмэн минь, аль ч намын гишүүн байсан та дараа дараачийн сонгуульд хэдэн төгрөг, борлуулалтгүй бараа материал, гурил будаанд хууртаж Ж.Ганбаатар мэтийн хүмүүсийг төрд гаргаж ирэв дээ. Одоо харж байгаа биз. Нөгөөх итгэл хүлээлгээд УИХ-д сонгочихсон хүмүүсийн чинь олонх нь “хулгайч” байсан байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн мөнгийг ямар хүмүүс хувааж идэв. УИХ, Засгийн газрын гишүүд. Ж.Ганбаатар гэж хүн энд орсон ороогүйг би мэдэхгүй байна.  Ер нь цахим сүлжээгээр УИХ-ын “76 хулгайч” гэж бичээд байгаа. УИХ-д хулгайч биш, цэвэр ариун хүн олон бий. Тэднийг ялгаж салгаж нэрээр нь олон түмэнд мэдээлэх нь зүйтэй байх” гэж бичсэн нь бий. Харин хамгийн ноцтой дүгнэлт нь бол “…Монголын цагдаа их мөнгөтэй, УИХ-ын гишүүний өөдөөс яадаг ч үгүй юм билээ…” гэсэн өгүүлбэр!!! Үнэхээр анхаарах ёстой зүйл. Бүхнийг мөнгөөр шийднэ гэсэн Ж.Ганбаатар гишүүн Баянгол дүүргийн МАН-ын даргын албан тушаалыг хэрхэн авсан тухай Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамъян гуай ноцтой баримтад түшиглэн бичсэнийг анхаарахгүй орхиж болохгүй юм. Их хүссэн хүнд төрийн жолоог бүү атгуул гэдэг үг л энд санаанд буугаад байгааг тодотгох нь зөв биз ээ.

“Оргил”-ын гэх Ж.Ганбаатарыг 10 гаруй жил тойргоо усалж байж УИХ-ын гишүүнээр сонгогдсон гэж ярьдаг юм билээ. Хувиасаа нэг км зам тавьж, сонгогчдод гурил будаа тарааж байж УИХ-д орж ирсэн энэ эрхэмд харамсалтай нь төр түшилцэх чадвар ч, туршлага ч, эрэмбэ дараа ч алга. Ямар сайндаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН-ын бүлгийн хурлын үеэр Ж.Ганбаатар гишүүнд хандан “Чи хүний үгийг сонсож сур. Чи анх удаа УИХ-д сонгогдсон хэр нь их пээдэлзээд байгаа шүү. Намайг УИХ-ын гишүүн байгаагүй гэж бодоо юу. Би хэд хэдэн удаа УИХ-д сонгогдож наад танхимд чинь сууж байсан юм. Чам шиг бацаан ингэж пээдэлзэх болоогүй” гэж хэлсэн удаатай.  Эндээс л энэ хүн “Буруу сэхсэн” нь харагдаж байгаа биз ээ.

Харин гурил, будаа тараадгийн тухайд дөнгөж өчигдөрхөн МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, оюутнууд сургуулийнхаа байранд “Улстөрчдийн гарын бэлэг” нэртэй нэгэн сонирхолтой үзэсгэлэн дэлгэсэн байсан. Иргэдийн саналыг худалдаж авах зорилгоор тараасан улстөрчдийн гарын бэлгүүд дэлгэгдсэн энэ үзэсгэлэнд эрхэм гишүүн Ж.Ганбаатарын тараасан гарын бэлгийн дээжис ч харагдана лээ. Гэвч ганц уутанд багтах гарын бэлгээс болж нэгэн эрдэнэт амь эрсэдсэн гэхээр харамсалтай. Тодруулбал, өнгөрсөн Цагаан сарын өмнөхөн УИХ-ын гишүүн, Баянгол дүүргийн МАН-ын хорооны дарга Ж.Ганбаатар тойргийнхоо ахмадуудыг хүлээн авч гарын бэлгээ тараасан байдаг. Уулзалтынхаа дараа бэлгээ тараахдаа зохион байгуулалтаа сайн хийгээгүйн улмаас 83 настай ахмад олны хөлд дарагдан ухаан алдаж унасан. Яаралтай түргэн тусламж ирсэн ч аль хэдийнэ амьсгал хураасан байсан нь тогтоогдсон билээ. Улаан торонд нь хийсэн нэг сувинер, нэг кг гурил, нэг кг чихрээр сонгогчдыг хуурах алхам хийх үед хүний амь нас эрсэдсэн энэ хэргийн талаар Цагдаагийн байгуууллагаас тодруулахад “Золгүй явдал байсан” гэсэн хариу өгч байна. Үнэхээр золгүй  явдал нь үнэн. Гэвч эрхэм гишүүн Ж.Ганбаатар тэрхүү арга хэмжээгээ эхнээс нь зохион байгуулалт сайтай хийж чадсан бол эрдэнэт хүний амь эрсдээ ч үү, үгүй ч үү. Хамгийн эмгэнэлтэй нь энэ хэрэгт өдгөө хэн ч хариуцлага хүлээгээгүй байгаа явдал юм. Цагдаагийн байгууллага “Золгүй явдал” гэдгийг нь тогтоосон бол хууль тогтоогчид  маань Ж.Ганбаатарт ядаж ёс зүйн хариуцлага тооцохын оронд албан тушаал ахиулж Эдийн засгийн байнгын хорооны дарга болгож дэвшүүллээ. Энэ нь өөрөө л Монгол төрийн эмгэнэл юм даа.

“Оргил”-ын Ж.Ганбаатарын ойворгон явдлуудын зах зухаас дурдахад ийм байна.

<

© 2019 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.