ЖДҮХС-гаас барьцаагүй зээл авсан ганц “том гар”

2019-03-12 Танил биш танил

 

 

Прокурорын байгууллагаас ЖДҮХС-гаас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний зээл авсан гэх асуудлаар УИХ-ын таван гишүүнийг яллагдагчаар татан шалгаж байна. Тэдний нэг нь Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир. Тэрээр ЖДҮХС-гаас “Сафир стоун” компанидаа 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байдаг. Ингэхдээ ямар нэгэн барьцаа хөрөнгөгүйгээр зээл авсан гэдгийг Ерөнхий прокурор М.Энх-Амгалан чуулганы танхимд гишүүдийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх үеэр хэлж байв.

Тухайлбал, түүний 2018 оны зургадугаар сарын 21-нд ХХААХҮ-ийн сайдад хүргүүлсэн албан бичигт гурван үл хөдлөх хөрөнгийг наймдугаар сарын 1-ний дотор тус санд барьцаалах баталгаа гаргана. Түүнээс өмнө зээл олгохыг хүсээд дээрх тохиролцсон хугацаанд хөрөнгө барьцаалаагүйгээс үүдэн гарах аливаа асуудлыг УИХ-ын гишүүний хувиар хариуцахаа мэдэгдэж байна гэжээ. Ийнхүү бүх зээл барьцаатай гарсан байхад ганцхан Д.Дамба-Очир барьцаагүй зээл авсан нь энэ юм. Түүнчлэн Ерөнхий прокурор М.Энх-Амгалан үргэлжлүүлэн ярихдаа “Д.Дамба-Очир нь өөрийн компаниа дүүгийнхээ нэр дээр шилжүүлж, дүү М гэгч иргэнтэй нийлээд уул уурхайн хайгуул хийх зориулалтаар зээл авсан байдаг. Гөлтгөний үйлдвэр барина, үйлдвэрийн тоног төхөөрөмж авна гэсэн нэрийн дор зээл аваад тал мөнгийг нь уурхайн ажил руу хийсэн, талыг нь зээл авсан хүмүүс хуваагаад авчихсан байна” гэдгийг хэлж байсан. Ингэж Д.Дамба-Очир УИХ-ын гишүүний нэрээр ЖДҮХС-гийн үйл ажиллагаанд нөлөөлж, зээл гаргуулсан байдаг.

Харин эрхэм гишүүн одоог хүртэл хууль зөрчсөн үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй, би зөвхөн бичиг л хийж өгсөн гэх утгатай тайлбар өгч байна. Сүүлдээ зээл шүү дээ, жижиг асуудал гэж ярих нь холгүй явна. Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд цагаан дээр хараар УИХ, Засгийн газрын гишүүд, ТББ-тай сонгон шалгаруулалтгүйгээр гэрээ байгуулаад, хөнгөлөлттэй зээл авахыг хориглоно гээд биччихсэн байдаг. Түүнчлэн УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм гэж бий. Өөрийн албан тушаалаараа олж авсан мэдээллийг өөрт ашиг олох, үр дүн бий болгох зорилгоор ашиглахыг хориглодог. Төртэй гэрээний харилцаанд орохыг хориглодог. Гэтэл УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир энэ бүх хууль, ёс зүйн дүрмийг уландаа гишгэж алхаж орсныхоо дараа буруугүй мэтээр аяглах боллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

<

© 2019 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.