МАН сонгуулийн гол нүүдлээ хийж эхэллээ

2019-01-31 Нийтлэл

Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ирэх сунгаанаар намаа аврах нэг л гарц байна. Ардын засаг энэхүү алт мэт боломжийг ч харсан бололтой. Танхимын тэргүүн албаныхаа холбогдох хүмүүст эхнээс нь үүрэг даалгавар өгөөд эхэлжээ. Зүй нь Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг тус оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болсон. Тухайн үед Засгийн газраас 1072 ширхэг хувьцааг нэг сая төгрөг буюу нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг 933 орчим төгрөгөөр үнэлж тооцсон байдаг. Одоогоор тус хувьцааг 2.5 сая иргэн эзэмшдэг аж.

Тэгвэл У.Хүрэлсүхийн засаг энэ оны нэгдүгээр улиралд багтаан “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд олгох талаар судалж, нэгдсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох хүмүүст нь даалгасан мэдээтэй.

Энэхүү ажиллагааны талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг жигдэлж, улмаар 720 тэрбум төгрөгийн ашиг олсон байна. Одоо ашгаасаа иргэддээ хүртээх хэрэгтэй. Энэ бол бэлэн мөнгө тараалт биш харин байгалийн баялгаас иргэн бүрт хувь хүртэх боломж олгон төр үүргээ хэрэгжүүлж байгаа хэрэг” хэмээн тодотгож байна.

Үнэхээр түүнд сэтгэл байж, зорьсондоо хүрвээс сонгогч түмэн улаан тугийг дахиад л шүншиглэн залах болов уу. Тэгээд ч Ардын намд энэхүү хувьцаан дээр тоглолт хийх туршлага бий. Тэд өнгөрөгч УИХ-ын сонгуулийн өмнөхөн  “Эрдэнэс Тавантолгой”-н иргэдийн гар дээрх хувьцааны тодорхой хувийг Засгийн газраас бэлэн мөнгөөр худалдаж аваад, эгэл ард бид чинь хэдэн хоног бөөн баяр гүйв шүү дээ. Тиймдээ ч цэнхэр өнгийг улаанаар сэлгэхэд давамгай үүрэг гүйцэтгэсэн гэж байгаа. Энэ бүхний үр дүнд л “ах” намынхан чинь дөрвөн жилд ганц болдог их сунгаанд үнэмлэхүй ялалт байгуулж, өдгөө бөөнөөрөө төр зайдалж сууна.

Өнөөдөр жинхэнэ ард түмэн амьдардаг гэр хорооллын гудамж тохойд зардаг шуудай нүүрс 2,5 литрийн Cоcа Colа ундаатай өндөр, намаараа эн зэрэгцэв. Алгын чинээ шуудай нүүрс нь ганц удаагийн хоол цай хийхэд ч багадах болж. Эгэл ард өдрөөс өдөрт л амьдрахад бэрх болсоор байгаа энэ цаг үед эх орныхоо газрын баялагийг хүртэх нь шинэ шөл уухтай агаар нэг бус гэж үү. Жирийн иргэд хувьцааныхаа үр шимийг хүртэж чадахгүй, Монгол Улс газрын баялагтай, баян гэдгээ л мэдэж байна. Үнэндээ энгийн иргэд өрнөөс өрийн хооронд туйлдаж байгаа нь бодит үнэн. Монголд баян, хоосны ялгаа дэндүү заагтай болчихлоо. Учир иймээс л Ухнаагийн хүү тус хувьцааны хишиг буяныг егөөдөж, ажил хэрэг болгох их үйлд танхимынхаа үлдсэн насыг “зул” болгон өргөх гэж буй нь жанцантай.

Гэхдээ аливаа бүхэн хоёр талтай гэж. Улирч одсон сонгуулийн дараа улс орны эдийн засаг элгээрээ хэвтэж, шинэ байгуулагдсан Засгийн газар бөмбөрцөгөөс бадар гуйлганчлан, Дэлхийн банканд дагаар орж монголчууд их юм үзсэн. МАН-ынхан инээд алдан тараагаад байсан “Эрдэнэс Тавантолгой”-н иргэдийн гар дээрх хувьцааны тодорхой хувийг авсан нөгөө мөнгөө хэвлээд тараачихсан байж.

Тухайн үед Сангийн сайдын мэдэгдэлд дурьдсанаар “Сайн хувьцаа” хөтөлбөрт 495 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байсан юм. Гэвч улс орны эдийн засаг хямарч хадгаламж, зээлийн харьцаа алдагдан дотоодын санхүүгийн нөөц хуримтлал шавхагдаж, банкны системийн эрсдэл эрс нэмэгдэн зээлийн хүү өсөж байсан үе. Тиймээс Монголбанкны мөнгөөр л тус хөтөлбөрийг санхүүжүүлэх боломжтой байж. Ийнхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд Монголбанк их хэмжээний мөнгийг арилжааны банкуудад бага хүүтэйгээр байршуулж, харин тэр мөнгөөр нь арилжааны банкууд Засгийн газрын үнэт цаас худалдаж авсан байдаг. Өөрөөр хэлбэл, тус хөтөлбөрт зориулж, нийт 374 тэрбум төгрөгийн бонд худалдсан бөгөөд тус хөтөлбөрийн мөнгийг арилжааны банкуудаар дамжуулан иргэдэд олгоход зориулжээ. Харин үүнийхээ төлөөсөнд Засгийн газар 11.9 тэрбум төгрөгийн шимтгэл төлсөн байдаг. Нэг үгээр, тус хөтөлбөр нь мөнгө угаадаг сонгодог хэлбэр гэж хэлж болно. Ашиг хүртэгч нь арилжааны банкнууд, алдагч нь Монголын ард иргэд болж таарсан. Учир нь ард түмний ирээдүйд төлөх татварын мөнгөөр ард түмнээсээ хувьцааг нь худалдаж авсан нь иргэд өөрийн хөрөнгөө өөрөө өндөр хүүтэй мөнгө зээл авсантай ялгаагүй юм болсон. Ингэж л МАН-ын ээлжит молиго өмхүүлэлт иргэдийн сэтгэлийг ховх татаж чадсан түүх оршсон. Харин энэ удаад мөнгө хэвлэж тараах бус, “Эрдэнэс Тавантолгой”-н 720 тэрбум төгрөгийн ашгаас түмэн олонд хүртээвэл дараа нь гарах үр дүн нь зовлонгүй юм даа.

Эцэст нь хэлэхэд, Ардын намын ирэх сонгуулийн гол “хөзөр” нь энэхүү хувьцааны хишиг болж таарах нь ээ.

О.МӨРӨН

 

 

<

© 2019 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.