Шалгалтад бүдэрсээр байгаа “Эко”-г яагаад өөгшүүлээд байдаг юм бэ, Н.Цагаанхүү дарга аа

2018-11-14 Нийтлэл

-Цахилгаан шат зоорийн давхар хүртэл унажээ-

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү та алба, газар, хэлтсийнхээ дарга нарыг дагуулаад Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт орших “Маршил таун” хотхоныг зорихгүй бол горьгүй нь. Ер нь аливаа барилга, орон сууцны гол амин сүнс нь тухайн оршин суугчдын аюулгүй байдал билээ. Тэр дундаа лифт болон барилгын чанарын асуудал нэн тэргүүнд тавигдах ёстой. Гэвч автомашины зогсоолууд нь доороос нэвчих хөрсний ус нь хөлдөж, мөсөөр хучигдсан байдалтай, лифт нь 100 хувийн чанарын шаардлага хангахгүй ийм л орчинд иргэд ажиллаж, амьдарсаар байна…

Хамгийн сүүлд гэхэд л, энэ сарын 10-ны өдөр тус хотхоны 118 дугаар байрны нэгдүгээр орцны лифт зоорийн давхар буюу В1 хүртэл унасан байна. Гэвч одоог хүртэл асуудлыг шийдвэрлээгүй унасан лифтээ “ХААН” банкны рекламны зурагт цаасаар хулдан далдалсан байдалтай хэд хонолоо. Гэхдээ азаар хүний амь насанд аюул учраагүй ч тухайн үед зорчиж явсан оршин суугч тархины доргилт авсан аж.

Өмнө нь энэхүү орцны лифт хэд хэдэн удаа гацаж, хэвийн ажиллах өдөр ховор байжээ. Гэсэн ч СӨХ-оос нь болон холбогдох газраас ямар нэгэн арга хэмжээ авахгүй, нүглийн нүдийг гурилаар гэдэгчлэн тухайн үед нь тэгсхийгээд ажиллуулаад байсан аж. Цаашлаад гурваас дөрвөн зорчигч суухад дайвалздаг. Хаалга нь хаагдахдаа юунд ч юм хавирсаар зурагдсан. Давхрын товчлуурууд гацдаг. Байр болон оршин суугчдын тоотой харьцуулахад хэт багадсан гээд тоочиж барахгүй дутагдалтай байна. Харамсалтай нь холбогдох хүмүүс нь энэхүү байдлыг байдаг нэгэн л үзэгдэл  мэтээр хандсанаас ийнхүү лифт хүний амь авч “одох” дөхөж. Мэдээллийн мөрөөр тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн шинжээчид болон Улсын мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар ажиллаж байгаа юм байна. Харин өнөөдөр тус байрны лифтийг бүрэн зогсоосон байдалтай байна.

Тус хотхны оршин суугчид энэ талаар “Эко констракшн” ХХК-иас болж эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ хасуулж сууна. Лифт, зоорийн давхар гэхчлэн барилгыг анхнаасаа Мэргэжлийн комисс дутуу хүлээж авсан. Үүнээс болж өнөөдөр оршин суугчид эрүүл мэнд, цаашлаад амь насаараа ч хохирч мэдэх нөхцөлд амьдарч байна. Мэргэжлийн комисс болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар буруутай. Анх баригдах явцдаа алдаа дутагдалтай байхад барилгын ажлыг үргэлжлүүлсэн нь өнөөдөр ийм байдал үүсгэхэд нөлөөлсөн гэдэгтэй хэн ч маргахгүй биз” гэсэн байр суурь илэрхийлж байв.

Угтаа өнгөрсөн 2014 оны нэгдүгээр сарын үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тус компанийн барьсан долоон хотхоны 48 барилгад шалгалт хийсэн байдаг. Тодруулбал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай “Голден парк-2” хотхоны “Шунхлай”, “Хаан суудал”хотхоны “Эрдэм мөнх”, “Нарлаг” хотхоны “Нарлаг өндөр” СӨХ, “Маршил таун”хотхоны 15 барилгад хийгдсэн засварын ажлыг хамруулан шалгажээ. Гэтэл 126 зөрчил илэрч байжээ. Зөвхөн “Маршил таун” хотхоны 101-115 дугаар байрны 15 барилгаас 53 зөрчил илэрсэн байна. Ингээд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг Барилга хот байгуулалтын яаманд хүргүүлж байж. Тусгай зөвшөөрлийг цуцлуулахаас гадна “Эко констракшн” ХХК-д шинээр барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг  олгохгүй байх талаар холбогдох газарт саналыг албан бичгээр хүргүүлж байжээ. Гэвч өнөөдрийг хүртэл “Эко констракшн” ХХК барилгын салбарт ноён суусаар л байна. Асуудал бүхэндээ томоос том халхавчтай байж чаддаг тус компанийн баригдсан барилга бүхэн нь хэл ам дагуулсаар. Гэтэл хариуцсан дарга нар нь нүдэн балай, чихэн дүлий суусаар байх уу?

Newsmedia.mn

<

© 2018 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.